m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.06 04:06
262
Л.Баадай: Орос руу анх удаа цэцэг сонирхогчдын аяллыг зохион байгуулна

Сүүлийн жилүүдэд цэцэг сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа. “Монху Тотал” ХХК болон “Хайтан” цэцгийн клуб хамтран ОХУ-ын Эрхүү хот руу “Цэцгэн аялал” зохион байгуулж байгаа. Энэ талаар “Монху Тотал” ХХК-ийн захирал Л.Баадайтай ярилцлаа.

-Байгаль нуурын эко аялал “Цэцгэн аялал”-ын онцлог нь юу вэ?

-Манай компани “Хайтан” клубтэй хамтран тасалгааны цэцэг сонирхогчдын эко аялал зохион байгуулж байна. Яг ийм аяллын баг Солонгос, Хятад руу явж байсан ч ОХУ руу анх удаа явж байгаагаа онцлогтой. Сүүлийн жилүүдэд манай улс ногоон байгууламжийг өргөжүүлэх ажилд ихээхэн анхаарал хандуулах болсон. Түүнчлэн тасалгааны цэцэг сонирхдог хүмүүс олон бий. Харин Эрхүү цаг агаарын хувьд манай улстай адил төстэй, тасалгааны ургамлын чиглэлээр тэргүүлэх түвшинд ажилладаг.

“Хайтан” клубийн тэргүүн Г.Батсүх надад ОХУ руу цэцэг сонирхогчдын аяллыг зохион байгуулах санал тавьсан юм. Манайх 1999 оноос хойш ОХУ-тай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байгаа туршлагатай компани. Тиймээс уг саналыг хүлээн авч, ОХУ руу хамтран ажилладаг байгууллагуудтайгаа холбогдсоноор энэ сард эхний группээ явуулахад бэлэн болоод байна.

-Аялал таван өдөр үргэлжлэх юм билээ. Энэ хугацаанд аялалд оролцогчид юу үзэж сонирхох вэ?

-Мэдээж Байгаль далай орчмын эко аялал учраас тус чиглэлийн аяллын маршрутад багтдаг сонирхолтой газруудаар очно. Тухайлбал далайгаар аялаж, тэндэхийн усан доорх хүрээлэнгээр зочлох юм. Дээр нь “Хайтан” клубтэй хамтран ажилладаг ОХУ-ын “Радуга” цэцгийн клубийнхэнтэй уулзаж, туршлага солилцох юм. Тус клубийн тэргүүн нь Эрхүүгийн Байгалийн ухааны сургуулийн эрдэмтэн хүн. Манай аялагчдад хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг танилцуулж, шинэ сортуудаа үзүүлнэ. Хувийн цэцэрлэг хэрхэн хөгжүүлэх туршлагыг үзүүлж, харуулна. Эрхүү хот цаг агаарын хувьд манайхтай ойролцоо болохоор суралцах юм их бий. Түүнчлэн хувь хүмүүсийн гэрийн цэцэрлэгт зочилж, үзэж, танилцана. Манай цэцэг сонрхогчид үүнийг маш их сонирхож байна билээ. Оросууд цэцгийн шинэ сорт гаргах тал дээр дэлхийд тэргүүлдэг. Түүнчлэн эрвээхэйн цэцэрлэгээр очно. Мөн цэцгийн дэлгүүрүүдээр орох юм. Манай аялагч бүр буцаж ирэхдээ 1-2 цэцэг хилээр авч орж ирэх боломжтой. Бид аяллын групптээ зориулан Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авсан байгаа. Үүгээрээ жирийн аяллаас онцлогтой.

-Аялалд оролцох сонирхолтой хүмүүс үнийн талаар сонирхох нь гарцаагүй?

-“Монху Тотал” аяллын компани болон “Хайтан” цэцгийн клуб хамтран анх удаагаа Орос руу цэцгийн аялал зохион байгуулж байна. Цэцэг сонирхогчид амрах гэж биш туршлага солилцож, шинэ зүйлийн эрэлд явж байгаа учраас бид ашгийг бус нийгмийн хариуцлагаа нэн тэргүүнд тавьсан. Тиймдээ ч аяллынхаа үнийг харьцангуй хямд байхаар зохион байгуулаад байгаа. Аялагч сонирхолтой хөтөлбөр бүхий давтагдашгүй энэ аялалд 1.2 сая төгрөг төлнө. Үүнд виз, унаа, хоол, байр, аяллын турш тээвэр багтсан байгаа. Эрхүү руу галт тэргээр явах зуур “Хайтан” клубийн тэргүүн Г.Батсүх сургалт явуулна. Тэнд очоод хөтөлбөрийн дагуу яваад, Монгол руу онгоцоор ирнэ.  Энэ аяллаа эхний ээлжинд Хайтан клубтэй хамтраад хөнгөлттэй үнээр зохион байгуулж байна. Галт тэргээр очиж, онгоцоор ирнэ.

Цэцгийн аяллаа бид энэ жил дөрвөн ээлжээр явуулахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ цэцэг гэдэг улирлын чанартай өнгө, зүсээ өөрчилж байдаг учраас цэцгийн аялал ч онцлогтой. Наймдугаар сард очих нэг өөр, есдүгээр сард очиход үзэх цэцгийн өнгө өөрчлөгдөх жишээтэй. Эсвэл энэ жил Хун цэцэг тарьсан бол ирэх жил өөр цэцэг тарих жишээтэй. Тийм болохоор цэцгийн аялал бүр давтагдашгүй, өөр өөрийн онцлогтой байдаг юм. Өвлийн улиралд яг энэ төрлийн аяллыг Тайланд, Турк, Польш зэрэг улс руу хийхээр бэлтгэлээ хангаж байгаа.

-Аяллын групп хэчнээн хүнтэй байх бол?

-Юутай ч эхний групп 30 хүнтэй явна. Хамгийн азтай хүмүүс л наймдугаар сарын группт багтах болов уу. Одоогоор бүртгэл явагдаж байгаа болохоор сонирхсон хүмүүс амжиж бүртгүүлээрэй.

 

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.