m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.14 04:58
439
ХӨСҮТ эбола вирусын халдварын талаар сэрэмжлүүлж байна

 

Урин дулааны улирал дуусаагүй байгаа энэ үед гадаад руу аялах жуулчид болон амралт зугаалгаар явах хүмүүсийн хөл татраагүй билээ. Эрүүл мэндийн байгууллагаас эбола вирус улс оронд гаргах болсон тул аялалаар явах гэж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Эбола вирус тархсантай холбоотойгоор Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар түр хугацаагаар зорчихгүй байхыг анхааруул байгаа билээ.  ДЭМБ-аас Эболагийн цусархаг халууралтын дэгдэлт нь дэлхийн эрүүл мэндэд ноцтой байдал болсон эсэх талаар зөвлөлдөж байгаа тухай ББС мэдээлсэн байна. Мөн Бритиш аэйр компани албан ёсоор баруун Африкийн чиглэлийн нислэгээ түр хугацаагаар цуцалснаа мэдэгдсэн байна. Герман, Америк, Франц зэрэг улс орнууд баруун Африкт аялагчдад өгөх сэрэмжлүүлэг хэлэлцэж байна. Манай улс ч гэсэн Африкийн улс орнуудад түр хугацаагаар зорчихгүй байхыг анхааруулсан. Гвинейд эхлэн бүртгэгдсэн ба улмаар хөрш зэргэлдээ орнууд болох Сьерра Леон, Либери, Нигери улсуудад  одоогоор бүртгэгдээд байгаа ба энэ оны наймдугаар сарын наймны байдлаар эбола цусархаг халууралтын нийт 1779 тохиолдол, 961 тохиолдол буюу /54.0 хувь/ нас баралт бүртгэгдээд байгаа юм байна.

 

 

Эбола вирусын халдвар нь өмнө нь эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан бөгөөд  цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин. Эболагийн цусархаг халууралт  нь вирүсийн халдвар бөгөөд өвчин гэнэт эхэлж, 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөж бөөлжих, дотор муухайрч, цаашид цусаар бөөлжих, эхлээд усаар, цаашдаа цусархаг шингэнээр суулгах, хэвлийгээр тархмал өвдөх, сэтгэц өөрчлөгдөж нойрмог болох, нүдний салстын судсууд өргөсөн улайж өвдөх, зүрхний булчин үрэвсэж, артерийн даралт буурах, элэг дэлүү томрох, их биеэр гүвдрүүт тууралтууд гарах шинжүүд илэрнэ. Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний гэмтэл, бөөрний дутал, ТМС-ийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан шокоор төгсдөг. Африкт эбола вирүст халдвараар нас баралт 50-90 хувьтай. Халдварын үүсгэгч нь эболагийн халдварын үүсгэгч вирус нь шинэ омог болох "filovirus" төрөлд багтдаг аж. Халдварын эх уурхай нь өвчтэй хүн, зарим төрлийн сармагчин, гэр сууцны орчимд амьдардаг мэрэгчид гэнэ. Хүнээс хүнд  халдвартай цус, эрхтэн, шүүрдэс, үрийн шингэн зэргээр дамжин  халддаг. Өвчтөний бөөлжис, өтгөн ялгадас болон, цус алдах, ил оршуулах гэх мэт өвчний сүүлийн шатанд арчлах үед халдвар авах эрсдэл хамгийн их байдаг. Харин өвчний нууц үед халдвар авах эрсдэл бага байна. Байгалийн нөхцөлд, агаар дуслын замаар хүмүүсийн дунд халдвар тархсан нь тэмдэглэгдээгүй байгаа аж. Эмнэлэг дотор халдвар тархах нь харьцангуй түгээмэл, халдвараар бохирлогдсон зүү, тариураар халдвар авсан өвчтөнүүд бараг л бүгд нас бардаг байна. Эмнэлзүйн шинж арилснаас долоо хоногийн дараа үрийн шингэнээр дамжин халдварлаж байсан тохиолдол бий. Халдварын нууц үе нь 2-21 хоног. Бүх хүн өвчлөх боломжтой аж.

 

Эбола вирусын халдвар авсан хүний тоо хоёр мянга хүржээ 

Баруун Африкт эбола вирусын халдвар авсан хүний тоо 1975 хүрээд байгаа гэнэ. Эдгээрээс 1069 нь амиа алдаад буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

Түүнчлэн хоёр өдрийн дотор буюу наймдугаар сарын 10-11-нд Гвиней, Либери, Сьерра-Леон болон Нигерт дахин 128 халдвар шинээр бүртгэгдсэн байна. Эдгээрээс 56 хүн нас бараад байгаа ажээ.

 

 

Өвчний тархалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гвиней улсад гарсан билээ. Тус улсад нийт 377 хүн амиа алдаад байгаа юм. Либерт амиа алдагсдын тоо 355 хүрч, тэдний 32 хүн нь сүүлийн хоёр өдөр бүртгэгдсэн аж. Харин Сьерра-Леонд 334 хүрсэн бол Баруун Африкийн хамгийн их хүн амтай нутаг дэвсгэрт тооцогддог Нигерт вирусын халдвар авсан хүний тоо 12 дахин өссөн. Харин нас барсан хүний тоо гурав дахин нэмэгдсэн байна.

 

 

1976 онд Бүгд найрамдах Конго улсад буюу өнөөгийн Заирт анхны тохиолдол илэрч байжээ. Вирусын өнөөгийн тархалтыг 40 жилийн түүхэнд дэх хамгийн үхлийн аюултайд тооцож байгаа юм. Нас баралт 90 хувьтай байгаа бөгөөд судалгаанаас үзэхэд вирусээр халдварласан 100 хүний тутмын 90 нь нас барсан ажээ.

Баруун Африкт хүмүүнлэгийн тусламжаар ажиллаж буй олон улсын эмч, мэргэжилтнүүд вирусын халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан бөгөөд хамгийн анхны тохиолдол наймдугаар сарын 4-нд гарсан юм. Либер улсад албан үүргээ гүйцэтгэж яваад вирусын халдвар авсан Америкийн эмч эх орондоо очиж эмчлүүлсэнээр биеийн байдал нь сайжирсан байна.

Харин үүнээс  ёсөн хоногийн дараа буюу наймдугаар сарын 13-нд Испани улсад анхны Европын иргэн эбола вирусээр амиа алдсан тохиолдол гарсан юм. Испани улсын тахилч  Мигель Пахарес Либер улсад байх хугацаандаа эбола вирусын халдвар авсан бөгөөд эх орондоо ирээд нас барсан юм. 75 настай тахилч нь 50 жилийн турш Африкт номлогчоор ажиллаж байсан ба сүүлийн саруудад  Либерын нийслэл  Монровид дахь католик эмнэлэгт эбола вирусээр шаналж буй өвчнүүдэд тусалж байжээ. 

 

 

Вирусын хурдацтай тархалтын улмаас олон улсын нисэх буудлуудад шалган нэвтрүүлэх эрүүл мэндийн үзлэг болоод ариун цэврийн хяналтаа чангатгаад байгаа юм.

Мөн ОХУ-ын Новгород хотын Новгород их сургуульд суралцахаар ирсэн Африк оюутнуудыг хорио цээрийн дэглэмд хамруулж, 2-3 долоо хоног тусгаарлаж буй талаар наймдугаар сарын 13-нд мэдээлсэн. Тус сургуульд Сьерра-Леон, Гвиней, Либери болон Африк тивээс ирсэн 200 гаруй оюутан суралцдаг ажээ. 

 

 

Эбола вирус гэж юу вэ?

Эбола вирус нь 1976 оноос Бүгд Найрамдах Конгод бүтгэгдэж байжээ. Конго улсын Эбола голын эрэг дагуух нутаглах иргэд тус вирус тархсанаар ийн тус вируст Эбола хэмээн нэрлэсэн байна.

 

 

Шинж тэмдэгүүд:

Гол шинж тэмдэг нь өндөр халуурч, бөөлжин, цус алдаж, их хэмжээниий тууралтаар илэрдэг байна.Эбола вирус нь халдвартай хүний шингэн болон агаараар хүнээс хүнд халдварладаг. Өөр нэг хувилбар нь мэрэгч амьтад гэнэ. Түүнчлэн уг өвчнөөр нас барсан хүний цогцост хүрэх, ойр хавьд байх зэрэг нь халдвар авах эрсдэлтэй гэнэ. Мөн вирусын халдварын нууц үе нь 2-21 хоног байдаг.

Эбола вирус эдгэсэн ч халдвар нь үрийн шингэнд 49 хоног хадгалагддаг гэнэ

Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус долоон долоо хоног хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой юм байна. Түүнчлэн өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай ажээ.

 

 

Сэргийлэх тариалга, вакцин

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд вирусын тархалтыг зогсоох зорилготогоор  туршилтын эм болон вакцин туршиж байгаа билээ. АНУ-ын захиалгаар Канадын “Tekmira Pharmaceuticals” компани тус вирусын өвчинтэй тэмцэх “TKM-Ebola” вакцин гарган авсан юм. Тус вакциныг сармагчинд тарьж туршсан ба наймдугаар сарын 8-нд АНУ-ын хүнсний чанар болон эм үйлдвэрлэлийн туршилт, аюулгүй байдлын газраас хүн дээр туршилт хийх зөвшөөрл олгосон юм. Харин наймдугаар сарын 13-нд 1.000 ширхэг туршилтын вакцинг Африк руу илгээсэн байна. Хэрэв тус вакцин нь өвчнийг бүрэн эмлэх аваас 2015 онд үйлдвэржилтэнд оруулах гэнэ. Гэсэн хэдий ч вакцины тоо хязгаарлагдмал байгаа юм.

Эбола вирусын туршилтын вакцины тоо хязгаарлагдмал байна