m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.03 07:12
102
Шилдэг жүдочдоо монголчууд уухайлан угтлаа

2014 оны наймдугаар сарын 25. Эх орныхоо төрийн дууллыг дэлхийн дэвжээнээ эгшиглүүлж дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн гурав дахь тамирчин болсон нь Г.Болдбаатар байлаа.  Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчид нэг алтан медаль, тавдугаар байрын шагнал хүртэж 116 орноос зургадугаар байрт жагссан билээ. Мөн багийн төрөлд эмэгтэйчүүд амжилтаа ахиулан мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Өнөө өглөө наран ургах цагтай уралдан жүдогийн баг тамирчид эх орондоо хүрэлцэн ирлээ. Биднийг өглөө нисэх буудал дээр очиход хэвлэл мэдээллийнхэн, тамирчдын гэр бүл, найз нөхөд, багш дасгалжуулагчид нь баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн байлаа.

Тэдний дунд чимэг болсон хүмүүсийн нэг нь дэлхийн аварга Г.Болдбаатарын гэр бүл. Зургаан цагт онгоц газардаж хүн бүр шалган нэвтрүүлэх пост руу харан зогсоцгоож эхнээсээ цуван гарцгаав. Тамирчдыг хүлээх зуур Г.Болдбаатарын гэр бүлд хүмүүс баяр хүргэн амжилт хүсэж байв. Удалгүй дэлхийн аварга болсон Г.Болдбаатарыг гарч ирэхэд хүмүүс уухайлан, алга ташсаар тэднийг угтлаа.

Аавыгаа санасан бяцхан хүү “Аав аа” хэмээн хашгирсаар гүйн очлоо. Түүний аав хүүгээ энх мэндийн хадаг мөнгөн аягатай сүүгээр угтан авлаа.

Ингээд аяны богцоо задлан хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүдогийн шигшээ багийн тамирчид хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлал хийх гэж буйтай холбогдуулан мөн тэдний дараа дараагийн үйл ажиллагаа их байсан учраас бидний хоорондох уулзалт цөөн хором үргэлжилсэн.   

Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямтай ярилцлаа

О.Балжинням: 14  медалийн нэгийг авна гэдэг нэр төрийн хэрэг

-Монгол Улсын жүдогийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Тэмцээний талаархи сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Манай жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрөгч сарын 25-31-ний  өдөр ОХУ-ын Челябинск  хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцоод ирлээ. Дэлхийн 116 орноос нэг алт, нэг тусгай байрын шагналтайгаар зургадугаар байрт орсон амжилт үзүүллээ. Эмэгтэй баг тамирчид маань багийн дэлхийн аваргад мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэй баг тамирчид 24 удаагийн барилдаан хийсэн. Үүнээс  14 ялж есөн удаа ялагдсан. 60 гаруй хувийн амжилттай оролцлоо. Эмэгтэй тамирчид 11 ялж есөн удаа ялагдаж 50 гаруй хувьтай амжилттай оролцлоо гэж дасгалжуулагч хүний хувьд бодож байна.

-Энэ удаагийн дэлхийн аваргын алдаа, оноо нь юу байсан бэ?

-Энэ удаагийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнд 116 орны 800 гаруй тамирчид оролцлоо. 60 гаруй медалийн төлөө өрсөлдлөө. Жүдо бөхийн онцлог бол тамирчид жигд байж чаддаг. Дэвжээн дээр бүх тамирчин ширүүн өрсөлдөгчид байдаг. Чамлахааргүй сайн амжилт үзүүлсэн гэж бодож байна. 14 алтан медалийн нэгийг авна гэдэг бол их нэр хүндийн хэрэг шүү дээ. Жишээлбэл: ОХУ найман медаль авсан ч гэсэн манай дор жагссан. Алтан медаль гэдэг бол ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа байх. Дутагдалтай тал гэвэл  зарим тамирчид маань боломжтой сайхан сугалаанд таарсан ч боломжоо бүрэн гүйцэд ашиглаж чадаагүйн улмаас медалийн төлөө барилдаж чадсангүй. Дараа дараагийн тэмцээнд өөрсдийн алдааг олж хараад сайн барилдах байх гэж бодож байна.

-Энэ удаагийн дэлхийн аваргын шүүлтийн асуудал багагүй хэл ам дагууллаа шүү дээ?

-Шүүлтийн хувьд үнэхээр хэцүү байлаа. Шүүлтийн талаар янз янзын яриа их гарсан. Шүүлтийн асуудал манай тамирчдад их дарамт болсон гэж дүгнэж байна.

-Удахгүй Азийн наадам болно. Шигшээ багийн бүрэлдэхүүнд хэр өөрчлөлт орох вэ?

-14 хоногийн дараа Азийн наадам оролцох баг тамирчид явна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Эмэгтэй тамирчдын хувьд нэг их өөрчлөлт орохгүй. Эрэгтэйчүүдээс залуу тамирчдаа түлхүү оролцуулах бодолтой байгаа.

-Эрэгтэй болон эмэгтэй төрөлд хүнд жингийн бөх бэлдэх шаардлагатай юм шиг санагдлаа. Энэ тал дээр та юу гэж бодож байна?

-Хүнд жингийн тамирчид харьцангуй сайн барилдсан гэж бодож байна. +100 кг-ийн жинд барилдсан Б.Тэмүүлэн гурав дахь барилдаанд Бразилийн бөхөд цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгасан. Эмэгтэйчүүдээс манай н.Жавзмаа барилдах байсан ч бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцож чадсангүй. Ер нь цаашдаа эрэгтэй 81, 90 кг-ийн жинд анхаарал тавьж олимпийн эрхийн төлөө олон тэмцээн уралдаанд оролцуулж, хамтарсан бэлтгэл хийлгэх зорилготой байгаа.

Г.Бодбаатарын аав Д.Ганбаттай уулзаж ярилцлаа.

Д.Ганбат: Хүүгээ хүлээхээр цаг хугацаа явдаггүй юм байна

-Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулсан аварга хүү төрүүлж өсгөсөн таньд баяр хүргэе?

-За баярлалаа. Хүү маань 14 жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг амсаж байна. Миний хүү дэлхийн аварга болно гэсэн мөрөөдөлдөө хүрч чадлаа. Хүүгээрээ их бахархаж байна.

-Та нутгаасаа ирсэн үү?

-Тэглээ. Хүүгээ өнөөдөр ирнэ гэдгийг мэдэж байсан болохоор цаг хугацааг тэсэж ядан хүлээж суулаа. Хүүгээ хүлээхэд цаг их удаан явдаг юм байна шүү дээ.

-Таны хүүгийн ямар зан чанар дэлхийн аварга болгосон гэж бодож байна вэ?

-Хүү минь хар багын л их барилдаж ноцолдох дуртай хүүхэд байсан. Давчихаараа их баярладаг унахаараа шаралхаад их уйлдаг байсан. Миний хүүгийн барилдаанч, тууштай зан нь дэлхийн аварга гэдэг цолыг хүртэхэд нөлөөлсөн байх гэж бодож байна. 

Дэлхийн аварга, ОУХМ Болдбаатартай уулзаж баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Дэлхийн аварга, ОУХМ Болдбаатар: Аваргын төлөө барилдах эрх

олж авах барилдаан их хүнд байсан

-Юуны түрүүнд дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон таньд баяр хүргэе?

-Дэлхийн аварга болсондоо баяртай байна. Өнгөрсөн жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч чадаагүй шагналт тавдугаар байрт шалгарсан. Энэ жил түрүүлсэндээ их баярлаж байна.

-Алтын төлөөх барилдааныхаа талаар дурсахгүй юу. Хэр их сэтгэл хөдөлж байсан бэ?

-Аваргын төлөө барилдаанд эзэн орны бөхтэй таарсан. Торгуулиар ялсан. Сэтгэл догдлолын хувьд харьцангуй тайван байсан.

-Хамгийн хариуцлагатай барилдааныг нэрлэвэл?

-Жүдогийн спорт бол их жигд хөгждөг. Хэнийг ч ялж, хэнд ч дийлдэж болох талтай. Ялвал аваргын төлөөх барилдах эрх олж авах барилдаан их хүнд байсан. Хэрвээ ялчихвал аваргын төлөө барилдан гэж бодохлоор л алдаа гаргахгүй төлөө их хичээж барилдсан.

Олимпийн алт, мөнгөн медальт, МУГТ Н.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа.

 МУГТ Н.Түвшинбаяр: Дотроо бодож дүгнэх зүйл байгаа

-Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар мөн өөрийнхөө барилдааны талаархи сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцсон гэж бодож байна. ОУХМ Г.Болдбаатар маань амжилттай барилдаж дэлхийн аварга боллоо. Эмэгтэй тамирчид багийн төрөлд мөнгөн медаль хүртэж Д.Сумьяа маань тавдугаар байрт шалгарлаа.

Багийн төрөлд эрэгтэй багийн хувьд сугалаа жаахан хатуу таарсан. Миний хувьд тааруу барилдлаа. Дотроо бодож бас дүгнэх зүйл байгаа.

ОУХМ Д.Сумьяа: Алтан медаль авах боломж бидэнд байсан

-Бэлтгэлийн хувьд сайн хангагдсан байх шиг харагдсан. Сэтгэл санааны бэлтгэлийн хувьд ямар байсан бэ?

-Ерөнхийдөө сэтгэлзүйн бэлтгэл гайгүй байсан. Манай 57 кг-ийн жинд надаас өндөр хүмүүс байдаг. Өндөр хүмүүстэй барилдах бэлтгэл сайн хийсэн. Нуруу ойролцоо жингийн бөхчүүдтэй барилдах тактик сайн боловсруулж чадаагүй учраас ялагдал хүлээсэн гэж бодож байгаа.

-Эмэгтэй тамирчид маань мөнгөн медаль хүртлээ. Алт авах боломж байсан. Аваргын төлөөх барилдааны талаархи таны бодол?

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сайн барилдлаа гэж дүгнэж байна. Багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Алтан медаль авах боломж байсан.