
МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр Үндэсний түүхийн музейн урд талбайд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар гэр барьж, улс төрийн суулт зарлалаа. Тэд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан боловч огт хэлэлцэлгүй нэг жилийн нүүр үзсэн тул ийнхүү тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж буй аж.
Энэ талаар МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар үндэслэлээр шаардаж байна вэ?
-Ерөнхий сайдаас эдийн засгийн асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байсан тэр үед эдийн засгийн хямрал үүсэх эхний дохио өгч эхэлсэн үе байсан. Бид улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор иргэдийнхээ дуу хоолойг сонсох аяныг улс орон даяар зохион байгуулсан билээ. Иргэд эдийн засгийн хямралыг зогсоох, иргэдийн амьжиргааг сайжруулахыг Засгийн газраас шаардсан. Тиймээс МАН-ын Шинэчлэлийн хорооноос дээрх шаардлагыг үндэслэн Ерөнхий сайдыг огцруулах 12 зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй учраас өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд дахин Ерөнхий сайдыг огцруулах гурван зүйл заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга, гишүүдэд гардуулсан юм. Гэвч тогтоолын төслийг хэлэлцээгүй учраас ийнхүү улс төрийн суулт зарлаж байна.
Ерөнхий сайдад хариуцлага тооцох цаг болсон
-Ард иргэдээс ямар асуудлаар санал асуулга авч байна вэ?
-Сүүлийн нэг жилийн дотор ард түмний амьдрал хэрхэн доройтож байгаа талаар санал асуулга авч эхэлсэн байгаа. Санал асуулгыг 10 гаруй хоногийн өмнө эхэлсэн. Зарим аймгуудын санал асуулгын дүн нэгтгэгдээд ирчихсэн байна. Бидний тавьж байгаа асуудал зөв байна уу, буруу байна уу, Засгийн газрын бодлогыг хэрхэн дүгнэж байна гэдгийг ард түмнээсээ асуух зорилготой. Бид 5-8 мянган хүний саналыг авна. Засгийн газрын тэргүүн бүтцийн өөрчлөлтийг оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын нүсэр бүтцийг өөрчлөх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Улс эх орноороо тоглодог тоглоомчин Ерөнхий сайдтай болсон байна. Тиймээс Ерөнхий сайдад хариуцлага тооцох цаг болсон.

Иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэсэн шаардлагыг УИХ-ын намрын чуулганд өргөн барина
Түүнчлэн энэ үеэр иргэдийн дунд "Эдийн засгийн хямрал-иргэний ядуурал" сэдэвт санал асуулга явуулж, гарын үсэг цуглуулж байна. Үүний үр дүнд гарсан шаардлагыг маргааш эхлэх УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын дарга, гишүүдэд гардуулах юм байна. Хэрэв энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв.





