m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 16:17
1777
Монгол ур ухаан шингэсэн Монгол гэр

Энэ удаагийн "Баялаг бүтээгч" булангаар "Уянга хийцийн өргөө" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүрэнхорлоог урьж ярилцсан юм. Тэрбээр бага залуу байхаасаа Монгол гэрийг урлаж ирсэн бөгөөд одоогийн энэхүү компанийг удирдан ажилласаар арван жилийн нүүрийг үзжээ.

-Та анх хэдэн оноос Монгол гэр хийж эхэлсэн бэ?

-Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байхдаа хувиараа гэр хийж зах дээр зардаг байсан. 2000 оны үед хотруу орж ирсэн юм. 2005 оноос энэ компанид орж удирдан ажиллаж эхэлсэн.

-Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Анх 1994 оноос гэр хийж эхэлсэн. Манай үйлдвэр байгалийн аргаар хатаасан, цуулбар унь ханатай гэрийг үйлдвэрлэдэг. Гэрийн дагалдах  хэрэгсэл бүгдийг нь хийдэг. Оёдлын цехтэй. Тус цехдээ эсгий болон гэрийн бүрээс, өрх зэргээ оёдог.  Хувиараа хийж гараас гарт зардаг байж байгаад уул уурхай хөгжихийн хирээр уурхайг дагаж гэр ихээр худалдаж авч эхэлсэн. Түүнээс хойш үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжиж эхэлсэн юм . 2005 оноос хойш тасралтгүй үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоогийн байдлаар арав гаруй ажилтантай. Манай үйлдвэрт мужаан будагчин гэсэн үндсэн хоёр мэргэжлийн хүмүүс ажилладаг.

-Өвөрхангайн гаралтай хийцээр хийдэг гэж сонссон энэ талаар?

-Өвөрхангай аймгийн Уянга, Хужирт, Бат-Өлзий суманд социолизмын үед Уянга хийцийн үйлдвэр гэж байсан. Мөн Хужиртын модны үйдвэр байсан. Бат-Өлзий, Уянга хоёрт салбартай. Тэр үйлдвэр Монгол Улсын гэрийн хэрэгцээний 50-60 хувийг нь үйлдвэрлэж гаргадаг байсан юм. Тухайн үед Уянгын эрээн хийц бол чанартай гоёмсогоороо алдартай байсан. 1930-аад оны хэлмэгдэлтийн үед лам нар авгай авч, айл болоод Артиал байгуулаад амь гарч байсан гэдэг. Лам нарын хийдэг гэр маш нарийн  эрээн хээгээрээ алдартай гэгддэг байсан. Түүнээс хойш гэр хийх арга шавь нарт нь уламжлагдан явсаар Уянга эрээн хийц гэсэн нэртэй болоод олонд танигдсан  түүхтэй.

-Цуулбар хийц нь юугаараа ялгаатай  вэ?

-Цуулбар гэдэг бол модыг ширхэгийн дагуу хийдэг арга юм. Модоо бөөрөнхий байхад нь шилээд цуулаад жижиглэнэ. Энэ нь ширхэгийн дагуу хийж байгаа болохоор хугардаггүй бат бөх болдог. Уянгын хийц гэдэг нь цуулбар аргаар  унь болон ханаа хийдэг гэж ойлгож болно. Бас эрээн хээгээрээ ялгаатай. Ер нь гэрийн модыг нь сайн хийж байж сайн гэр болдог. Гэрийг модоор нь эдэлгээ удаантай хийц сайн эсэхийг нь шинждэг. Мод хатхаараа явцын дунд татагддаг ч юмуу далийх гээд янз бүр болж өөрчлөгддөг. Тиймээс гэрийн модыг байгалийнх нь аргаар өөрөөр нь хатаан  хуурай болгож хийвэл илүү сайн.

-Монгол гэрийг хийхэд маш нарийн ухаан шаарддаг гэдэг юм билээ? Хэр их нарийн ажиллагаатай  вэ?

-Тэр ч тийм шүү. Геометрийн бодлого бодно доо. Хэмжээ зөрүүлэхгүйгээр авахаас эхлээд маш нарийн ажиллагаа шаардагддаг. Хүнээс хурц хараа шаарддаг.  Нэг л жижиг хэмжээ алдахад гэрийн хана зөрөхгүй байх жишээтэй. Монгол гэр хийхэд болон барихад тэр чигээрээ оньс байдаг.

-Монгол гэр хийхэд хэр их хугацаа ордог юм бэ?

-Хамгийн эхлээд модоо хатаана. Мод сайн  хатахад  хоёроос гурван жил болдог. Манайх хамгийн эхлэхэд модоо аваад хатаагаад хадгалаад бэлдчихсэн байдаг. Дараа нь хатсан модоороо хийдэг. Харин мод хатаад бэлэн болчихсон үед хийж эхлээд 3-4 хоног зарцуулагддаг. Гэхдээ үйлдвэрийн шатлалаар үргэлжилсэн давтамжтай хийгддэг болохоор харьцангуй хурдан.

-Гэрийг хийхэд тогтсон уламжлал болон ёс заншил юу байдаг  бэ?

- Монгол гэр үүссэн цагаасаа эхлээд байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн. Бүр анх шовоохойноос үүсэлтэй гэж үздэг. 13-р зууны гэр гэхэд л одоогийн хэрэглэгддэг Монгол гэрийг бодоход өөр байсан. Хэрэглээгээ дагаад загвар өөрчлөгдсөөр ирсэн. Одоогийн тогтсон загвар болон ерөнхий загварыг өөрчилж болох хэмжээнд нь өөрчилж хийж болдог. Мөн  гадна бүрээсийн материалыг нь өөрчлөн хийж өгдөг. Хүн хүний сонирхол болон үзэл бодол, юманд хандах хандлага өөр байдаг болохоор захиалахдаа ч өөр өөрөөр захиалдаг. Бид нар хамгийн түрүүнд ямар зориулалтаар ашиглах гэж байгааг асуудаг. Жишээ нь уяач хүн бол их нарийн хээтэй билэгдэлтэй гэр хийлгэнэ. Харин гадаад хүн бол сайн мэдэхгүй учраас билэгдлийн чанартайг авна. Монгол гэрийн харагдах байдлаараа гэр хоорондын харьцаа гэж байдаг. Сүүлийн үед Монголчууд хүүхдүүддээ монгол уламжлалаа таниулж ойр байлгах гэж ихээр хэрэглэдэг болсон байна. Тэгэхгүй бол сүүлийн үеийн хүүхдүүд гэрийн талаар болон нэршилийг мэдэхгүй өсөж байгаа шүү дээ.

-Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал сардаа хичнээн гэр хийдэг вэ?

- Улирлаас ихээхэн шалтгаалдаг. Зун хүмүүс гэр их авна. Өвөл болохоор захиалга болон худалдан авах нь бага болдог жишээтэй. Өвлийн улиралд экспортын гэрүүдийг хийж гаргадаг. Захиалга ихтэй ачаалалтай үедээ нэг  сардаа зуу гаруй гэр хийж байсан.

-Сүүлийн үед дотоодын зах зээлээс илүүтэйгээр гадаад руу ихээр гаргаж байгаа. Гадаадын иргэд ихээр сонирхож худалдаж авдаг болсон.

-Гадаадын иргэд ямар зориулалтаар авдаг юм бол?

-Янз бүрээр авдаг юм. Бид нар захиалахаар нь асуудаг. Та ямар зориулалтаар хаана яаж хэрэглэх гэж байна гээд. Ихэвчлэн байшингийнхаа хажууд барих, хүүхдийн тоглоомын өрөө болгох зэргээр хийлгэдэг. Бас үзэсгэлэн болгодог юм. Огт мэдэхгүй гадаад иргэн авдаггүй Монгол гэрийн талаар тодорхой ойлголттой болоод ирж авдаг. Бид нар тээвэрлэх болон яаж барих вэ гэдгийг нь зааж өгөөд явуулдаг юм.

-Таньд баярлалаа Монгол уламжлалаа алдалгүй хөгжүүлсээр байгаад тань, Мөн цаашдын ажилд нь амжилт хүсье.

- Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Монгол хүмүүсээ дэмждэгт чинь баярлаж байна шүү.