m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.22 02:30
270
Дуучин Г.Эрдэнэтунгалаг: "Бурхан миний хүслийг сонссон бололтой"

-Сайн байна уу. Та төдийлөн тайзан дээр харагдахгүй, фм ээр сонсогдохгүй яваад байх шиг байна. Юу хийгээд завгүй гүйгээд байна даа?

-Яг одоо бол “Тэгт тойрог” студийн Боржигон 50 ангит уран сайхны киноны гол дүрд тоглож байна. Энэ кино маань арваннэгдүгээр сарын эхээр үзэгчдэд хүрнэ. Кинонд дөрвөн хүүхэдтэй айлын нэлээд эрх танхи том охины дүрд тоглож байгаа. 

-Дуулах кинонд тоглох хоёр юугаараа ялгаатай байна?

-Өө ёстой их ялгаатай. Заримдаа ч уйлахаас наагуур юм болж байна шүү дээ. Эхлээд хоорондоо уншлага хийдэг юм байна. Дуучин хүн тэр дундаа чөлөөт уран бүтээлч бол ганцаараа юмаа хийдэг бол кино гэдэг чинь хамтын бүтээл учраас нэг л хүн ирэхгүй хоцрох эсвэл бусдаасаа муу бол багийн хамт олноо тэр чигт нь залхаадаг учраас бусдыгаа болон өөрийгөө хэцүү байдалд оруулахгүйн тулд маш их мэрийх хэрэгтэй, цаг барих хэрэгтэй байдаг юм байна. Мөн миний тоглож буй дүр маань өөрийн минь зан төрхөөс тэс өөр учраас заримдаа ороод л заримдаа гараад л будилах үе зөндөө зөндөө. /инээв/

Гэхдээ бас дүрдээ орох, дүртэйгээ ажиллах зэрэг нь дуучин хүнд ялгаагүй байдаг зүйл. Жүжигчин хүн үгтэйгээ ажилладаг бол бид нар ноттойгоо ажилладаг.

-Кинонод тоглох хэр ирээдүйтэй байна. Цаашдаа өөр киноны санал ирвэл хүлээж авах уу?

-Энэнээс өмнө дэлгэцийн бүтээлд тоглох хоёр гурван киноны санал ирсэн ч тэр үед зохиол, дүр зэргээс нь шалтгаалаад буцааж байсан. Гэхдээ багаасаа л жүжигчин болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Харин тэр мөрөөдлийг минь бурхан харж үзсэн гэлтэй би энэ кинонд тоглосон. Хэр сайн болсныг үзэгчид маань дүгнэх байх даа.

Ер нь кинонд тоглоход хамтарч тоглож байгаа жүжигчид маш их нөмөр нөөлөгтэй байж, зааж сургадаг юм байна лээ. Жишээ нь миний аав ээжийн дүрд АЖ Сарантуяа эгч, АЖ Мягмарнаран ах маань тоглосон. Эд нар маань бусад жүжигчдээ дагуулаад хөтлөөд явчихдаг юм байна лээ.

Би өөрөө ч бас дүрээ байнга бэлдэж явдаг. Миний дүр дээр “Яанаа” гэж уулга алддаг хэсэг байдаг юм. Тэгээд би гэртээ байхдаа “Яанаа” гээд л уулга алдахаар бүгдээрээ яасан гээд л гайхна. Тэгээд би яахав “аан дүрээ бэлдэж байна” гэдэг юм. Заримдаа машинаа барьж явахдаа үгээ давтаад явахаар манай охин “одоо наад галзуурахаа больчих тэгэх үү” гэдэг юм. Гэхмэтчилэн надад энэ кино маань их сонирхолтой байж олон зүйлийг сурч мэдэж байгаа. Мөн олон ангит кино, телевизийн хөтлөгч нарын хөтлөлт гээд л өөрт хэрэгтэй гэж бодсон бүхнээ маш ихээр анхаарч, суралцаж байна. Зохиолтойгоо ажиллахдаа Сарантуяа эгчийнхээ зааснаар тодруулагч бариад л өөрт хэрэгтэй чухал болгоноо тэмдэглээд явдаг болсон.

-Жүжигчин биш хүн хэрнээ анхны удаа ганц анги ч биш бүр нэг анги нь 45 минутын турш үргэлжлэх 50 ангитай кинонд тоглохоор залхах үе гарч байсан уу?

-Үгүй. Харин ч хөгжилтэй, сонирхолтой байдаг. 45 минутын кино гэдгийг нь саяхан л мэдсэн. Яг амьдрал дээр байдаг үйл явдлыг хөгжилтэй, инээдтэй болгочихоор үнэхээр амьдрал өөрөө гайхалтай юм байна шүү гэдгийг бас мэдэж авсан.

Ярилцсанд баярлалаа.