m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.28 01:21
43
Ц.Цэнгэл: Ардчилал бол МАН-ын алсын харааны ач тус шүү

УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-Манай улс төмөр замын царигаа намрын чуулганаар хэлэлцэж баталлаа. Энэ салбарт сайдаар ажиллаж байхаас эхлэн олон жил ярьсан  асуудал ажил хэрэг болох гэж байгаад ямар байр суурьтай байна?

-Олон жил будилсны эцэст ая зүйгээ олж, шийдвэр гаргаж байгаа нь том алхам. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед  энэ асуудлыг ҮАБЗ-д оруулж байсан юм. Захирамж хараахан гараагүй байхад дараагийн Засгийн газар байгуулагдсанаар ажил хэрэг болоогүй. Түүнээс биш   маргаж  мэтгэлцэж, энэ хүртэл  хугацаа алдах зүйл байгаагүй юм шүү дээ. Монгол Улсын гол тээвэр болсон транзит тээврийн зам харгуйг  бид өөрсдөө шийдэх учиртай. Тиймээс хоёр хөршөөсөө хараат байдал гаргаж болохгүй. Тиймээс сүүлд үндсэн чиглэл батлах үед Р.Раш бид хэд ярьж байгаад цариг ямар ч байж болно гэж оруулсан, ингэхдээ гарах, явах маршрутыг  тодорхой зааж өгсөн.  Ач холбогдлоор нь эрэмбэлж эхний ээлжинд аль чиглэлийг барих вэ, хамгийн сүүлд алийг нь барих вэ гэдгийг ч  тогтсон.

Хамгийн гол нь Монголын эдийн засагт зайлшгүй нөхцөл болж байсан учраас царигийг  заалгүй нээлттэй үлдээсэн, ийм л учиртай юм. Тэгэхгүй бол төсөл маань  маргаан талцал үүсгэх, улмаар улстөржилт газар авч ажил урагшлахгүй  байдалтай байсан. Тэгсэн хэдий ч төмөр замын асуудал удтал гацсаны эцэст сая намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь  сайн. Түүнээс харж байхад 1435  мм-ийн царигаар  гол төлөв урагшаа явах юм байна, Тавантолгой-Гашуун сухайт-Сайншанд-Замын-Үүд, Бичигтийн чиглэлээр. Энэ бол өнөөдрийн бий болсон түүхий эд маань   боловсруулах үйлдвэртэй болсон ч гэсэн ачилт хийж гаргахад  хөнгөн шуурхай болж байгаа юм. Бусад чиглэл, тухайлбал Эрдэнэт-Тавантолгой –Сайншанд-Баруун-Урт, Хөөт-Чойбалсан-Нөмрөг чиглэл 1520 мм гэж байгаа  нь ч  зөв.  Ингээд явчих юмыг бид 4-5 жил маргаад барьсан ч юмгүй байна. Асуудал цаг үеэсээ их хоцорлоо. Хэдий  тийм ч өнөөдөр асуудал шийдэгдсэнд өмнө нь салбар хариуцаж, ажил эхлүүлж явсан хүний хувьд баяртай байна.

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал төмөр замын салбарт ташуур болох шиг боллоо. Өмнө нь ярьж байсан зүйлүүд ч байсан байх?

-Ялангуяа ОХУ-ын талаас ярьж байгаа хос төмөр замтай болгох асуудалд  намайг сайдаар ажиллаж байх үед ОХУ-ын Тээврийн яамны  сайд  С.Ливитин бид хоёр  1.5 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэр  ажил  хэрэг бололгүй байсаар  сая хэрэгжихээр болж байна. Түүнээс сая шинээр хийсэн зүйл биш. Ер нь замаа автоматаар нээж, хаадаг, чиглэлээ явуулдаг систем төмөр замд сүүлийн үеийн технологи болоод байна. Өмнө нь манайхан механик  ажиллагаатай явуулсаар осол гарах явдал их байсан. Одоо автомат системд шилжсэнээр хурд нэмэгдэнэ, нүүрс баагиулахаа болино гээд олон дэвшил гарна. Түүн дээр замаа шинэчилж хос  замтай болчихвол төмөр замын нөхцөл илүү дээшилнэ. Ингэснээр найдвартай замтай болох ажил хэрэгжих гэж байна. Тэгэхээр ОХУ-ын талаас бидэнд тун  боломжийн нөхцлийг өгч байна гэж үзэж байна. БНХАУ-ын хувьд өөрсдийнхөө талд тавьсан  боомтын замуудын нээлт манайд ихээхэн ач холбогдолтой. Бид өөрсдөө чадамгай, шуурхай, зохион байгуулалттай ашиглаж чадвал улс оронд хэрэгтэй. Ямар нэгэн намчирхал, талцал, түүнээс  улбаалсан хав дардаг “өвчин” байхгүй бол ажил урагшилна. Хэчнээн сайхан боломж, нөхцөл бий болсон ч хийж хэрэгжүүлсэн юмгүй бужигнавал нөгөө талынхаа доог тохуу болохоос хэтрэхгүй. Жишээ нь, Эгийн голын усан цахилгаан станц гэхэд л бариад ашиглалтад оруулчихсан бол бид эрчим хүчний хэрэгцээгээ өөрсдөө хангачих боломж байхад С.Баярын Засгийн газар булшилсан. Энэ мэтээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань алдаад байдаг. Алдах алдахдаа алд дэлмээр алддагт нь  улстөрчийн  хувьд санаа зовдог. Түүнтэй адил нөхцөл боломжийг тавиад туучихалгүй чадахын хэрээр ашиглаасай. Эхнийх нь ажлыг хийдүүлэхэд дараагийнхад нь ирэх дарамт их. “Та нарт боломж өглөө, юу хэрэгжүүлсэн юм бэ” гэж амыг нь асууна шүү дээ. Ийм л юм руу манайхан орох нь  элбэг. Сүүлийн арваад жил төр, засгийн албыг хашилцаж, гэрээ хэлцэлд ч олон удаа явж байлаа. Өөрсдөө ийм эвгүй байдалд орсон жишээ манайханд цөөнгүй байсныг мэднэ. Ард түмэн  харин тэр болгоныг мэдэхгүй байх. Тиймээс өмнөх алдаагаа бүү давтаасай. Намчирхахаас илүү улс орноо бодож, эв эетэй байгаасай гэж хэлэх байна.

-Төрд ажиллаж байсан хүний хувьд, өнөөгийн УИХ, Засгийн  газрын ажилд ямар дүн тавих вэ?

-Аливаа зүйлд нам гэхээс илүү туршлага гэж байдаг. Олон жил төр барьж ирсэн, ямар нэгэн байдлаар төрийн ажлыг явуулах асар их туршлага гэж нэг юм зайлшгүй бий. Ийм байдал шинэчлэлийн Засгийн газарт дутагдаж байна. Бүх юмыг болно гээд л, тэр ч бондыг авъя, энэ ч зээлийг авъя гээд байсан.  Яах вэ, тэр бонд олж ирээд байсныг нь буруутгамгүй. Гагцхүү түүнийгээ зарцуулсан байдал, ашиглалт, бий болгосон зүйлүүд нь ард түмэнд амин чухал хэрэгцээтэй байв уу гэдэг талд өдөр, шөнө шиг байна. Өнөөдөр бид эргэн төлөгдөх, боломжгүй  бүтээн байгуулалт, тодруулбал зам харгуй руу хамаг мөнгөө булчихлаа. Зам бол эдийн засаг бяртай үед хийх ажил. Бусдыгаа хөл дээр нь босгосны эцэст шүүрч авах ёстой зүйл. Эдийн засаг өсч, өргөн хэрэглээний барааны үнэ тотворжиж, ДНБ-ний хэмжээ нэмэгдсэн үед л хийдэг ажил шүү дээ. Ядаж л дөрвөн том бүстээ хамгийн сүүлийн  оношилгооны төвөө байгуулж яагаад болохгүй гэж. Тэртэй тэргүй монголчууд гадагшаа хамаг мөнгөө урсгаж аль нэг улсыг нь сонгоод явдаг. Тэгвэл тэдний 60 хувийг татах боломж нь оношлогооны төв шүү дээ. Энэ мэтчилэн  асуудлынхаа голыг олохгүй, үр ашигтай зүйлд хөрөнгөө оруулахгүй байгаагаас энэ засгийг бодлого муутай, үрэлгэн байна гэж харж байгаа. Төсөв, зардалд зориулсан хөрөнгө мөнгө эргээд ард түмний нуруун дээр дарамт болно. Чингис, Самурай бонд 2017 онд ард түмний нуруун дээр бууна. Өөр хаанаас төлөх юм бэ. Манайхан эдийн засгаа тооцоолж чадахгүй байгаагаас алдаж байна. Байгаа зүйл дээрээ судалгаа хийхгүй, толгойгоо ажилуулахгүй, эрдэмтэн мэргэдээ сонсдоггүй нь эргээд улсын төсвөө хийхээс эхлэн алдаа мадагт хүргэж байгаа юм. Өнөөдөр зарлагаасаа орлого нь даваад  байгаа нь ийм л учиртай.

-Та тухайн үед  УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Тэр үеийн нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад  ямар байв. Өнөөдөр давхар дээлийг тайлах тухай ярьж байгааг юу гэж үзэж байна?

-Болдог  бол дан дээлтэй  ажиллах нь зөв юм. Засгийн газрын ажил их, бодлогын баримт бичгүүд гаргахаас эхлээд хийх зүйл олон. УИХ-ын гишүүн хуулийн төсөлд ажилладаг, бичиг цаасны ажил ихтэй. Ингээд бодохоор  УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллана  гэдэг ярвигтай. Тиймээс тухайн үед Засгийн газар, УИХ-ын гишүүн дан дээлтэй байх нь зүйтэй гэж хэлж байсан хүний нэг. Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамд бол сайд нь давхар дээлтэй байхад болохгүй зүйл үгүй. Бусад нь гаднаас сайд томилж байвал ажил нь хурдан шуурхай байхад нэмэртэй. Гэхдээ энэ бол УИХ-ын гишүүн сайд хийж болохгүй гэсэн үг бас биш. Хүнээсээ шалтгаална, нэгд мэргэжлийнх байх ёстой, хоёрт дадлага туршлагатай байх учиртай. Гэтэл мэргэжлийн бус хүн өөр салбарт орж, тэгээд сайдыг нь хийнэ гэдэг  тэнд байгаа хэсэг бүлэг хүний аманд ороод явчихна гэсэн үг.  Тийм жишээ олон бий. Ажил унагасан, салбартаа мэдлэггүй хүмүүсийн тухай одоо ч хүмүүс нэртэй устай нь  ярьж л байдаг. Тэгэхээр давхар дээлтэй сайд байна  гэдэг дэмий юм. Энэ өнцгөөс би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлж байгаа саналыг дэмждэг. Заавал давхар дээлтэй сайд  байлгана гэсэн тохиолдолд аль болох мэргэжлийн хүн байгаасай гэж үздэг.

-Таны үед  яамдын тоо цөөхөн байсан.  Одоо 16 яамтай  17 сайдтай  ажиллаж байна. Бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь хэр оновчтой бол?

-Бидний үед Засгийн газар  есөн яамтай байсан. Улс орны эдийн засаг өссөнийг дагаад салбарын яамдын тоог нэмсэн. Одоо цөөлнө гэж байна. Өөрчлөлт оруулахаар ярьж байгаа хувилбараас харахад салбарын хуваарилалтыг оновчгүй хийж  байна. Жишээ нь, Уул уурхайн яамыг хэвээр нь явуулах хэрэгтэй. Дотроо төрөлжсөн олон юм бий шүү дээ, тэгээд ч  уул уурхай сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа. Тийм байтал эрчим хүчтэй нийлүүлдэг нь буруу. Тэр бол өөрчлөлт гэхээс илүү  ухралт. Түүний оронд  Боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын яам гээд нэгтгэсэн яам байгуулж  яагаад болохгүй гэж. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нэг байхад болохгүй юм үгүй. Барилгын салбар том газар. Замын салбартай  нийлүүлж Дэд бүтцийн яам болгосноор  хөрөнгө мөнгө, хэрэгжилтийн тухайд бас л учир дутагдалтай. Тээвэр гэхэд дотроо олон төрөл бий. Зөвхөн төмөр зам гэхэд улс орныг донслуулж байна шүү дээ. Тэгэхээр бусад нь яах вэ гэдэг асуудалтай.

-Бусад улс орны тухайд ямар жишгээр явж ирсэн байдаг юм бол?

-Хоёр хөршөө аваад үзье л дээ. Тэд бол  яам нь тус тусдаа асуудлаа хариуцаад явчихдаг. Тээвэр гэхэд Тээврийн яам гэж байна. Заримыг нь  хороо болгож зохион байгуулаад нарийсгаад явсан нь ч бий. Том улс учраас тэгдэг байх л даа. Гэхдээ тэднээс авах юм, суралцах зүйл  их бий. Скандинавын орнууд бол дэд бүтцээ эхнээс нь  маш сайн шийдсэн, дахиж  шинээр хийнэ гэсэн зүйл байхгүй учраас  яамдаа нэгтгэсэн байдлаар хийсэн байдаг юм. Манай хувьд нэгэнт цомхон  бүтцээр зохион байгуулж чадварлаг сайд томилж, 2-3 дэд сайдтай байхад болохгүй юм ч бас байхгүй. Дэд сайдад  салбараа сайн мэддэг хүн тавих нь хэрэгтэй. Хүн харахад цомхон болгох гээд байгаа болохоос манай улс ойрын хэдэн жилд бүтээн байгуулалтаа сайн хийх ёстой. Энэ өнцгөөс харвал яамдаа цомхотгоод тэндээс ашиг олно гэдэг маш буруу. 

-Дэд бүтэц гэснээс улс орны хөгжлийн хандлагын тухайд танд юу бодогддог вэ?

-Товчхон хэлэхэд, инженерүүдийг бэлтгэх ёстой. Монголчуудыг  оюуны чадамж  сайтай, энд тэнд очиход ямар ч ажлыг толгой өвдөхгүй хийдэг, дасамхай, хөрвөх чадвартай гэж магтдаг. Тийм оюуны сантай хүмүүс байж орон тоо байхгүй салбар руу олноороо хошуурдаг. Менежер, сэтгүүлч, багш болно гэж хэдэн мянгаараа суралцаж байна. Төгсөөд ажлын байр байхгүй. Түүний оронд инженер болох хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайн инженер хэрэгтэй байна. Дотроо бол олон төрөлд хуваагдана. Дээр нь зам тээврийн, барилгын, эрчим хүчний  инженерүүдийг бэлдвэл улс орны хөгжилд чухал. Оюутолгой гэхэд Канадын хэдэн  нөхдийн аманд ороод байгаа маань угтаа  манайх  мэдлэг чадвартай инженер бэлдээгүйн гай. Одоо сүүлийн  20-30 жилд инженерүүдээ сайн бэлтгэх хэрэгтэй. Дараагийн 20 жилд нь лабораторио бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дээрх хувирч чаддаг том элемент уран. Манайхан айж болгоомжлоод сүйд болдог. Гэтэл тэрийг мэддэг хүн ЗХУ-ын үед л манайд хэд байлаа.Одоо тэтгэвэртээ гарсан.  Түүнээс хойш мэргэжилтэн  огт бэлдээгүй. Тэр улсууд Монголд  мэргэжилтэн  бэлдэхгүйг л бодно шүү дээ. Тиймээс мал чинь үхнэ, хүн олноор хордоно гээд айлгах тактик хэрэглэж байна. Уг нь тэрийг мэддэг мэргэжилтнээ  өөрсдөө бэлтгэх хэрэгтэй байна шүү дээ.

-Улстөрчид ямар ч үед улстөрөөс хол байдаггүй. Өнөөдөр Монголын улстөр ид бужигнаж байна. Энэ цаг үед ямар дүгнэлт хийж  сууна?

-Би  улстөрөөс хол байгаа хүн шүү дээ. Адуу малаа дагаад хэсэг хугацаанд амарч байна. Бас Тавантолгой  төслийн зөвлөх нэртэй. М.Энхсайхан маань нэлээд том төсөл хийж хөрөнгө оруулалтын газруудад тараасан байгаа. Ажил хэрэг болвол тэр маш сайн баримт бичиг болсон. Ер нь монгол хүн баримт бичгийг хийж чаддаг юм байна гэдгийг гадаад ертөнцөд, хөрөнгө оруулагч нарт харуулж чадах зүйл болсон шүү.

Улстөрийн халуун тогоо буцалж байгааг бол бүгд харж байгаа байх. Болдог юм болдгоороо л болж байна. Засгийн газрын явуулж байгаа бодлого, оруулж ирж байгаа зүйлүүд байдаг л зүйл. Харин Н.Алтанхуяг дарга манай намыг  2024 он хүртэл гаргаж ирэхээргүй байдлаар гэрээ хийсэнд олны  хандлага тиймхэн  байна. Би ч тэдний  нэг. 1990-ээд онд  МАН ардчилсан хувьсгалыг хүлээж авч, асуудалд зөөлөн хандсан. Оготнын хамраас ч цус гаргаагүй хувьсгал хийсэн гэж хөөрөлхөөд байдаг ч үнэндээ бол манай намын бодлого шийдвэр, алсын харааны ач тус юм шүү дээ. Өнөөдөр ч манай нам  олон жил төр барьсан туршлагатай намын хувьд асуудалд хүлээцтэй, тайван  хандаж байгаа. Ард түмэн ялгаж салгаж ойлгох байх. Өнөөдөр талхны үнэ өсч, иргэд бухимдаж байна. Хариуцлага гэдэг зүйл байдаг бол тухайн намд л хэрэгтэй. Нэг өдөр хариуцлагаа хүлээхэд, нөгөө өдөр нь тэр нам эргээд гарах бололцоотой. Энэ бүхнийг бодолцохгүй, боломж олдсон дээр гэсэн байдлаар хандаад байгааг ганц би ч биш олон хүн хэлж байгаа.