m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.10 08:34
339
С.Эрдэнэ: Сагсчид амжилт гаргаж л байвал бид баярлана, дэмжинэ

Тайвань улсад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд манай сагсны баг тамирчид амжилттай оролцоод, тавдугаар байр эзлээд ирсэн. Тус тэмцээний үеэр хийсэн дөрвөн тоглолтыг гурван хожил, нэг хожигдолтой дуусгасан. Энэ талаар УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

Азийн оюутны аварга шалгаруулах тус тэмцээнд оролцох Монголын багт Инчоны наадамд орсон тамирчдаас нэг ч хүн оролцоогүй, 100 хувь шинэ тамирчид явсан байна. Үүний шалтгаан нь хэн нэгэн тоглогчийн хувийн амжилтаар Монголын сагсан бөмбөгийн спортын чансааг тодорхойлох нь буруу, Монголын сагсан бөмбөгийн нийт тамирчдийн ур чадвар өссөн гэдгийг харуулах зорилготой байсан гэдгийг тэмдэглэсэн. Азийн хүчтэй багуудтай өрсөлдсөн тэмцээний амжилтаар үүнийг бататган харуулж чадсан хэмээн үзэж буйгаа тамирчид хуваалцсан юм. Мөн тус тэмцээнд багш, дасгалжуулагч, сэтгүүлчдийн гээд нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг явсны бүх зардлыг МҮСБХ-оос гаргажээ.

Эхний  тоглолтод лидер баг болох Хятадын тамирчидтай тоглоод хожигдсон юм. Энэ талаар багийн дасгалжуулагч "Хятадын багтай хийсэн тоглолтод хожиж яваад сүүлийн таван минутад алдаа гаргаснаас болж хожигдсон" хэмээн ярьсан юм. Хоёр дахь тоглолтоо Тайваний багтай хийсэн бөгөөд дэвжээн дээр нь буулгаж авсандаа ихээхэн сэтгэл хангалуун байгаа аж. Учир нь, Тайвань болон Филиппиний сагсан бөмбөгийн баг Азидаа шилдэгт тооцогддог аж. Төгсгөлд нь Макаогийн багтай тоглож хожсон юм. Монголын баг тамирчид гуравдугаар байрт орно гэж тооцож байсан ч тавдугаарт орсон гэх шийдвэрийг сонсоод шоконд орсон гэнэ. Дасгалжуулагч "Тоглолтын явцад дүрмийн бус үйлдлүүд гарсан гэдэг шалтгаанаар тавдугаар байрт орсон байсан. Энэ нь миний болон тамирчдын маань хувьд том сургамж болсон. Гэхдээ шинэ, залуу тамирчдын бүрэлдэхүүнтэй явсан ч өндөр амжилттай оролцоод ирсэн. Бид гаднын тэмцээн уралдаанд оролцохдоо биеэ зөв авч явах, ёс суртахуунтай байх талаар суралцсан" хэмээсэн.

Тэмцээний төгсгөлд нь Тайванийн хоёрдугаар шигшээ баг хүсэлт гарган Монголын багтай нэмэлт тоглолт хийсэн байна. Энэ тоглолтыг Монголын багийн ялалтаар дуусгасны дараа олон орны хэвлэл мэдээллийнхэн Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн талаар сонирхож, баг тамирчдын ур чадварыг өндрөөр үнэлж байсныг ярьж байв.

Тайпейгийн наадмыг чамлахааргүй амжилтаар өндөрлүүлээд ирсэн МҮСБХ-ны баг тамирчид 2015 оны Универсад наадамд оролцох төдийгүй хоёр жилийн дараа дахин энэ бүрэлдэхүүнээрээ Тайваньд очиж тоглох төлөвлөгөөтэй байгаа талаараа хуваалцсан юм.

Хэвлэлийн хурлын үеэр МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнээс Монголын сагсан бөмбөгийн спортод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодруулсан юм. 

-Танай холбоо Үндэсний Олимпийн хороо /ҮОХ/-нд хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлж, ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шүүхэд өгсөн гэсэн?

-Би хэнийг ч шүүхэд өгөөгүй. Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны тамирчид, дасгалжуулагчид өөрсдөө "Манай холбоо хууль бус үйл ажиллагаа явуулж байна, шалгаж өгнө үү" хэмээн хуулийн байгууллагад хандсан юм билээ. Анхан шатны шүүхээс "Яг одоо үйл ажиллагаа явуулж буй МСБХ хууль бус учраас одоогийн удирдлагууд нь ажиллах эрхгүй" гэдэг шийдвэр гаргасан. Түүнчлэн дахин хуралдаж, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах үүрэг өгч, тэр болтол үйл ажиллагаа явуулахыг нь түдгэлзүүлсэн. МСБХ давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 

Шүүхийн шийдвэр гарчихсан байхад ҮОХ,  МСБХ-ны нэрээр гаднын тэмцээнд тамирчид явуулсаар байсан. 

-Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос бичиг явуулснаас болж Азийн Элсний спортын IV наадамд оролцох сагсан бөмбөгийн тамирчдыг явуулаагүй гэдэг мэдээлэл бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

-Шүүхээс үйл ажиллагааг нь хориглосон байхад МСБХ-ны нэрээр тамирчид явуулах нь хууль бус гэдэг шаардлагыг л бид тавьсан. Пукетийн наадамд явах тамирчдыг МҮОХ өөрийн нэрээр явуулах боломжтой. Гэтэл зориуд улстөржүүлээд байгаа юм. Би тамирчдыг Азийн Элсний спортын наадамд битгий явуул гэж хэлсэн удаа байхгүй.

С.Эрдэнэ: Пукет руу явах тамирчдын асуудалд би огт оролцоогүй, явахаа больсон нь надтай ямар ч хамаагүй,

Яг энэ асуудлаар би цагийн өмнө ҮОХ-ны Дамдин гэдэг хүнтэй ярьсан. "ҮОХ өөрийн нэрээр тамирчдаа Пукетийн тэмцээнд явуулах боломж байсаар байхад С.Эрдэнэ явуулсангүй гэж мэдээлэл түгээх ямар учиртай вэ" гэдгийг лавласан. Түүнчлэн хорооныхоо нэрээр явуулах боломж бий гэдгийг хэлсэн. Үдээс хойш энэ талаар хариу хэлнэ гэсэн. Пукет руу тамирчид явах асуудалд би огт оролцоогүй, явахаа больсон нь надтай ямар ч хамаагүй, МҮСБХ ч ямар нэг асуудал гаргаагүй, тэдгээр тамирчны явах эрх одоо ч нээлттэй байгааг би энд зориуд хэлмээр байна. 

Манай холбоо Тайваний тэмцээнд оролцсон баг тамирчдынхаа бэлтгэл, замын зардлыг 100 хувь даасан. Монголын сагсчид олон улсад амжилт гаргаж л байвал баярлаад, дэмжинэ. 

Инчоны наадмын өмнө хоёр холбооны асуудал сөхөгдсөн. Тухайн үед хоёр тал зөвшилцөөд дасгалжуулагч, тамирчдаа тэнцүү төлөөлөлтэйгөөр оролцуулахаар тохирсон юм. Хонконгтой тоглосон тэмцээний нээлт дээр би байсан. Харамсалтай нь тэмцээний үеэр нөгөө тал манай холбооны багш, дасгалжуулагчдыг нүд үзүүрлээд байгаа нь илтэд анзаарагдаж байв. Би холбооны багш, дасгалжуулагчдадаа "Тэмцээний үеэр хэрүүл, маргаан гаргавал тамирчдын амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ. Болохгүй бол ажиглагчийн хувиар л оролц" гэж хэлсэн. Бүгд ярьсны дагуу болсон байна билээ. Тус тэмцээнд оролцсон тамирчдын хувьд Билгүүн, Санчир гээд бүгд Үндэсний лигт хоёр жил тоглосон хүмүүс. 

Нэг зүйлийг тэмдэглэхэд, сагсан бөмбөгийн спортын тэсрэлтийн шалтгаан тун энгийн. Сүүлийн хоёр жилд Үндэсний супер лигт гаднын легионер тамирчид оролцож, өндөр зэрэглэлийн шүүгчид тоглолтуудыг шүүснээс үүдэлтэй. Тэмцээнүүд ямар ч арын хаалгагүй явагдаж байгаа. Хэн чадвартай нь түрүүлж, шилдгээр тодордог. Ингэснээр энэ спорт хөгжлийнхөө жамаар явж эхэлсэн. Манай тамирчид ур чадвараараа өрсөлдөж, олон улсын тэмцээнүүдэд шилдгүүдээ оролцуулдаг болсноор бахдам амжилтууд гаргаж байгаа. 

Сагсан бөмбөгийн спорт арын хаалгагүй болсноор жинхэнэ шилдгүүд тодорч, олон улсад амжилт гаргаж байна 

-Сагсан бөмбөгийн хоёр холбоо хамтраад ажиллах боломжгүй юм уу? 

-Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад гурван жил болж байна. Намайг улстөрийн зорилгоор сагсан бөмбөгийн холбоог бужигнуулаад байгаа мэтээр ярьдаг. Өнөөдөр би хоёр холбооны талаар ярихыг хүсээгүй. Азийн оюутны наадамд амжилттай оролцоод ирсэн баг тамирчдынхаа амжилтын талаар л мэдээлэл өгөх зорилготой ирсэн. 

Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна, Монголын сагсан бөмбөгийн холбоо гэдэг байгууллагыг би хүндэтгэж явдаг. Олон жилийн түүхтэй, спортын ууган байгууллагын нэг. Саяхан 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Миний аав анх энэ холбоог байгуулагдахаас нь эхлээд ерөнхий нарийн бичгийн дарга, МСБХ-г төлөөлж Үндэсний Олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан.

Ний нуугүй хэлэхэд, сүүлийн жилүүдэд манай сагсан бөмбөгийн спорт уналтад орсон. Уралдаан, тэмцээн зохиогдохоо больсон. Заалны орлогоор амьдардаг хэдэн хүн толгойд нь ээлж халаагүй суудаг болсон. Ийм байдал дунд Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ-ийг 1992 онд манай аав тэргүүтэй хэдэн  хүн санаачилж, зохион байгуулсан юм. Тухайн үеийн МСБХ-ны ерөнхийлөгч Тулгатай "Ахмадын УАШТ-ийг манай аавын нэрэмжит болгооч. Бид ивээн тэтгэгчээр нь ажиллая" гэж ярилцаад зөвшөөрсөн. Харин энэ тэмцээнийг өөр аймаг, дүүрэг шилжүүлж зохион байгуулж байгаа нэрээр "халтуурдаж", гурван жил манай гэр бүлийнхэнийг хуурсан. Сүүлд нь МСБХ-ны удирдлагуудтай уулзаад, энэ холбоо 10-аад жил хурлаа хийгээгүй, тайлан тавьдаггүй, татварын асар их өртэй, гаднын тэмцээн уралдаанд арын хаалганы тамирчид, дасгалжуулагчдаа явуулдаг гэдгийг мэдсэн. Спортын дийлэнх холбоо иймэрхүү байгаа. Олон улсын уралдаан тэмцээнд бэлтгэгдсэн тамирчин, дасгалжуулагчаа явуулдаггүйгээс болж амжилт гаргахгүй байгаа юм. 

Үүнээс үүдэн багийн спорт Монголд хөгжихгүй гэдэг яриа үнэн юм шиг болчихсон байсан. Тиймээс би холбогдох хүмүүстэй уулзаад, сагсан бөмбөгийн спорт хөгжих боломжтойг харуулъя гээд холбоо байгуулсан нь МҮСБХ. Гурван жилийн турш бид энэ спортын хөгжлийн төлөө ажилласан, МСБХ-той нэг ч удаа хэрүүл хийгээгүй.