m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.11 07:42
1373
Ч.Зоригт: Шагайгаар ихийг хийж үндэсний үйлдвэрлэл болгоно

-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Ч.Зоригт гэдэг. Улаанбаатар хотод төрж, өссөн. Арван жилээ төгсөөд цэрэгт явсан. 1968-1971 оны хооронд цэргийн алба хаасан юм.

Би уг нь цэргийн сургууль сурах бодолтой байсан. Гэхдээ боломж олдоогүй юм. 1974 онд Монгол кино үйлдвэрт галын техникчийн орон тоонд ажиллаж байсан. Тэндээ ажиллаж байгаад механик технологийн факультедэд механик инженерийн ангид орсны дараа гэр бүлийнхээ хүнтэйгээ танилцсан. Бид хоёр нэг мэргэжлээр сураад хамт төгссөн дөө. Мэргэжлээрээ ажиллаж байгаад гавьяаны амралтандаа суусан юм. Хүн завтай болоод ирэхээр юм хийе гэсэн бодолтой болдог. Тэгээд л энэ шагайн урлалын янз бүрийн зүйл хийж эхэлсэн дээ.

-Шагайгаар олбог хийх санааг хаанаас олсон бэ?

-Би хоёр хүүтэй. Хоёр хүү маань хоёулаа механик автын инженер мэргэжилтэй. Том хүү “Ааваа нэг иймэрхүү юм хийж үзвэл яасан юм бэ? гэж санал болгосон юм. Тэгээд хүүгийнхээ зөвлөснөөр хийгээд үзье гэж шийдээд эхэлж байсан.

Анх таван машины олбог хийсэн. Сураагүй байсан болохоор шагай бүрийг нэг бүрчлэн хутгаар зорж цэвэрлээд хугацаа их алддаг байсан юм билээ. Сүүлдээ олноор хийгээд ирсэн чинь бид хоёрын хийдэг арга ч гэсэн нарийсаад хийх хугацаа ч бас багасаад ирсэн. Энэ ажлыг хийхэд их гоё шүү. Энэ ажлаасаа урам аваад, бие биенээ “Гоё хийж байна шүү” гээд л урамшуулдаг. /инээв/

Энэ ажлаасаа урам аваад, бие биенээ “Гоё хийж байна шүү” гээд л урамшуулдаг. /инээв/

Бас хүмүүс  их урам өгдөг. Их хэрэгтэй юм байна. Таны хийж байгаа зүйл яваандаа хүмүүст танигдаад ирэхээр хүн болгон сонирхох юм байна гэж их хэлдэг.

-Энэхүү  урлалаа хэдэн жил  хийж байна вэ?

-2007-оноос хойш хийж эхэлсэн. Бага  багаар хийгээд хүмүүст танигдаж эхэлж л байна. Суудлын олбогоос гадна шагайн наадгайд зориулсан жижиг хэрэглэлүүд хийж байгаа. Энэ бол цэвэр гэрийн нөхцөлд  гараар бүх шат дамжлага бүрийг нь хийдэг урлал юм. Ямар нэгэн үйлдвэрийн тоног төхөөрөмж гээд байх зүйлгүй. Монголчууд эрт үеэс л шагайг аливаа ахуйн хэрэглээнд хэрэглэж мөн янз бүрээр наадаж, тоглож ирсэн шүү дээ. Тиймээс л монгол хүний бие организмд тохирсон эд дээ.   

Монголчууд эрт үеэс л шагайг аливаа ахуйн хэрэглээнд хэрэглэж мөн янз бүрээр наадаж, тоглож ирсэн шүү дээ.

-Шагайгаа хаанаас авдаг вэ. Хэрхэн яаж боловсруулдаг вэ?  

-Шагайнуудаа захаас мах зардаг хүмүүсээс бөөнөөр нь  авдаг. Авчраад угаагаад чанана. Нийтдээ зөөлөн галаар 4-6 цаг чанана. Олон цаг чанахаар бүлх болон хальснаасаа салдаг. Чанаад дууссаныхаа дараа дахин угаана. Тэгэхээр ямар ч өө сэвгүй болдог юм. Түүнийхээ дараа нь 1-2 өдөр хатаадаг. Хатсан шагайгаа бүгдийг нь өрөмдөнө дөө. Өрөмдөхдөө баруун зүүнээр ялгаж өрөмдөнө. Баруун тийшээ харсан шагай нэг эгнээнд, харин зүүн тийш харсан шагай нь бас нэг эгнээнд хийгдэг. Тэгэхгүй бол жигд биш замбараагүй болдог.  Ялгаж савласан шагайгаа манай эхнэр сатууркан утсаар сүвлэж эцсийн бүтээгдэхүүн болгодог юм.

-Нэг олбогт хэдэн ширхэг шагай ордог юм бэ?

-Нэг олбогт дунджаар 700-800 шагай орно. Жижиг шагай бол 22 эгнээ өрөгддөг. Харин том шагай бол 20 эгнээ.

-Хэр их захиалгатай байдаг вэ?

-Хийж өгсөн хүмүүсээс хараад танилууд нь ам дамжин сонсоод л захиалдаг юм билээ. Тэрнээс биш сурталчилж байгаагүй. Саяхнаас лангуу түрээслэж эхлээд байна.  Хүмүүс захиалаад л тэрийг нь хийдэг. Бас оффист удаан хугацаагаар байнга суудаг хүмүүс жижиг сандалны хэмжээтэйг захиалдаг. Харин хөдөө орон нутаг ч юмуу байнга машинтай явдаг хүн бол томыг хийлгэдэг. Хэт их даралттай хүн дэрлэдэг юм билээ.

Хүмүүсээс захилга өгөхдөө бас гоёмсог хийгээрэй гэж хэлдэг. Тэгэхээр нь бид хоёр шагайгаа өнгөнд оруулаад янз бүрийн хээ гаргаж сүвэлдэг. Бас дунд нь чимэг болгож янз бүрийн шүр оруулж хээ гаргаж хийдэг. Дан ганц шагайн өнгөөрөө байснаас чимэг оруулахаар гоё болдог.

-Та олбогоо хэдэн төгрөгөөр зардаг вэ?

-Өндрөөр үнэлж чадахгүй л байна. Их дэлгүүрт нэг суудлын олбог хоосоороо 800 мянган төгрөг байдаг юм билээ. Харин бид хоёр  250 мянгаар зардаг. Шагай айл болгонд байдаг болохоор ийм зүйл хийж болдогийг мэдэхгүй юм билээ. Монголчууд шагай хаядаггүй цуглуулдаг шүү дээ. Нэг удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн үзэсгэлэн худалдаанд оролцоод  телевизээр гарсан юм. Тэгсэн таньдаг хүмүүс утасдаад баяр хүргээд зарим нь  гэртээ байсан шагайнуудаа авчирч өгч их дэмжиж байсан.

Их дэлгүүрт нэг суудлын олбог хоосоороо 800 мянган төгрөг байдаг юм билээ. Харин бид хоёр  250 мянгаар зардаг.

-Шагай хүний биеэнд  ямар тустай  юм бэ?

-Миний мэдэж байгаагаар бол шагай хамгийн гол нь чөмөгний ясыг тэжээж өгдөг. Мөн хүний биений ясанд их сайн. Чөмөг тархийг тэжээдэг шүү дээ. Мөн дээр үеэс цагаан мах эргэхэд шагайн дээр суухад зүгээр болдог гэлцдэг. Бас шагайгаар хийсэн энэ олбогон дээр гишгэхэд хүний мэдрэлийн систэмүүдийг сэргээж өгдөг. Би худалдаж авсан нэг настай хүнээс юунд хэрэглэх гэж буйг нь асуухад : “Өглөө нь  гишгээд, орой нь дэрлээд унтдаг” гэсэн. Тэгэхлээр хуян хөөрөхгүй, даралт хөдлөхгүй  их сайн унтдаг гэж байсан.

Одоо сүүлийн үед залуучууд их суугаа ажил хийдэг болж байна. Энэ нь яваандаа биед нөлөөлж, суудлын мэдрэлийн өвчинтэй болдог. Би энэ өвчинг биеэрээ амссан хүн. Дарааллаад 3-4 шөнө нойргүй байдаг байлаа. Байнга суугаа ажил хийхээр яваандаа үе хооронд мэдрэлийн судаснууд хавчуулагдаад мэдээ алдаад ирдэг юм билээ. Ийм тохиолдолд их хэцүү. Иймэрхүү уламжлалын анагаах чиглэлээр хэрэглэх нь зүйтэй.

-Та цаашид юу хийх бодолтой байна?

-Тэтгэвэрийн зээл авч байгаад шагайгаа ахиухан авчихвал ч их юм хиймээр санагддаг. Нэг ширхэг шагай дунджаар 100 төгрөгөөр худалдаж авдаг. Зарим айлаас ирсэн шагайнууд их хуучин үжирсэн байдаг болохоор тэр болгон ашиглах боломжгүй. Хамгийн наад зах нь өнгө үзэмж муутай болдог. Бас шагай бүр чинь янз янзын хэлбэртэй. Зээл авья гэхээр тэтгэвэрийн хүнд зээл өгөхгүй гэж байна лээ.

-Бидэнтэй ярилцсан таньд баярлалаа.  Та хоёрт улам их амжилт хүсье.

-Маш их баярлалаа.