m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.13 04:45
800
Чимээгүй тахал буюу чихрийн шижин өвчний тохиолдол ихсэж байна

Хорин нэгдүгээр зуунд хүн төрөлхтөнд тулж ирж байгаа хамгийн хүнд асуудал нь таргалалт гэдэгтэй эмч, эрдэмтэд бүгд санал нийлээд байна. Таргалалтыг даган олон ноцтой өвчин үүсдэг. Дэлхийн хүмүүсийн амийг залгиж буй гурван ноцтой өвчний хоёр нь таргалалттай холбоотой өвчин байна. Энэ нь зүрх судасны болон чихрийн шижин өвчнүүд юм. Ялангуяа чихрийн шижин өвчин ямар нэг шинж тэмдэг өгөхгүй чимээгүй гэтэж сүйтгэж байдгаараа бүр ч аюултай. Таны биеийн жин байх ёстой хэвийн жингээсээ таван кг илүү болох тэр үеэс л чихрийн шижин өвчин далд хорлолоо эхэллээ гэж үзэж болно. Хэвийн жин гэдэг маань хүн өндрийн хэмжээнээсээ зууг хасахад гардаг. Хааш хаашаа таван кг хэлбэлзэж болно. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 382 сая хүн амьдарч байгаа ба 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөхөөр байна. Манай улсын хувьд 1999 онд хүн амын дунд 3.1 хувь нь чихрийн шижинтэй байсан бол 2009 оны байдлаар 6.5 хувь чихрийн шижин өвчнөөр өвдсөн гэсэн тоо баримт бий. Уг тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетийн төвийн эрхлэгч Д.Цэцэгээ хэлсэн юм. Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдөр маргааш болно. Энэ өдөр “Зохистой зөв хооллолт” уриаг иргэдэд хүргэж, сургалт болон гарын авлага, зөвлөмж тараах гэнэ.

Дэлхийн хүмүүсийн амийг залгиж буй гурван ноцтой өвчний хоёр нь таргалалттай холбоотой өвчин байна

Уг өвчих ихсээд байгаагийн гол шалтгаан нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж,  зөв зохистой хооллохгүй, хөдөлгөөн багасаж, таргалалт ихссэнтэй холбоотой аж.

Чихрийн шижин гэж юу вэ?

Хүн цусаар тэжээл авдаг. Цуснаас эрч хүчээ авч байдаг. Хүн хоол идэхэд түүний найрлагад байх глюкоз хүний цусанд орж ирнэ. Цусанд орж ирсэн глюкоз буюу сахарыг эд эсүүдэд хүргэх үүргийг инсулин хэмээх даавар гүйцэтгэдэг байна. Ингэж эд эсүүд эрч хүч авч байдаг. Харин инсулин даавар өөрөө бол нойр булчирхайд үүсч байдаг. Гэтэл ямар нэг шалтгаанаар нойр булчирхай инсулиныг бага ялгаруулдаг болчихвол мэдээж глюкоз эд эсүүдэд хүрэхээ болиод улмаар цусан доторхи сахарын хэмжээ их болж эхэлнэ. Үүнийг нэгдүгээр төрлийн чихрийн шижин гэж нэрлэдэг. Гэтэл нойр булчирхай инсулиныг хангалттай ялгаруулсаар байтал эд эсүүд хүлээж авахаа болих нь бий. Эд эсүүд эрч хүч хэрэгтэй үедээ л глюкозыг хүлээж авна. Хэзээ эрч хүч хэрэгтэй вэ гэхээр хүн сайн ажиллаж хөдөлж байвал эрч хүч, улмаар глюкоз байнга шаардагддаг байна. Хүн хөдөлж хөдөлмөрлөх нь бага бол эд эсүүдэд мэдээж глюкоз хэрэггүй, гэтэл хоолоо их идсээр байвал эд эсүүд глюкозыг хүлээж авахаа больчихдог. Ингээд мөн л цусанд илүүдэл глюкоз буюу сахар тэнүүчилж эхэлнэ. Энэ бол хоёрдугаар төрлийн чихрийн шижин юм. Цусан дахь сахарын хэмжээ байнга ихдэж, чихрийн шижин өвчин даамжирвал хараа муудаж нүд сохрох, хөл мэдээ алдаж үхжих, зүрх судасны өвчтэй болох, цус харвах зэргээр хүндэрдэг.

2009 оны байдлаар 6.5 хувь чихрийн шижин өвчнөөр өвдсөн гэсэн тоо баримт бий

Хамгаалалт

Тэгэхээр чихрийн шижинтэй болох үндсэн нөхцөл нь их идэх зуршил, буруу хооллолт ба хөдөлгөөний дутагдал гэдгийг та ойлголоо. Та таргалахаас сэргийлэх, нэгэнт чихрийн шижин өвчтэй болсон бол цусан дахь сахарын хэмжээг нэмэхгүйн тулд тусгай хүнс хэрэглэвэл зохино. Угаасаа чихрийн шижин өвчний ганц эм нь зөв хоол хүнс л байдаг. Ийм тусгай хүнснүүдэд сахарыг фруктоз буюу ургамалын гаралтай чихэрлэгээр орлуулсан байдаг. Таргалах хандлагатай болж байгаа болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тухайд сахар, зөгийн бал, элдэв жигнэмэг, архи хэрэглэж огт болохгүй. Мөн төмс, гоймон, талх, мах, хиам, бяслаг идэж болохгүй. Гэтэл яг л таргалж байгаа, таргалах хандлагатай байгаа, эсвэл чихрийн шижин тусаад байгаа энэ хүмүүст сахар, өөх тос идэх хүсэл энгүй ихээр төрж байдаг.

чихрийн шижин өвчин даамжирвал хараа муудаж нүд сохрох, хөл мэдээ алдаж үхжих, зүрх судасны өвчтэй болдог

Хяналт

Хэрэв та илүүдэл жинтэй бол цусан дахь сахарын хэмжээг байнга шинжлүүлж хянах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд 80 см, эрэгтэйчүүдийн хувьд 90 см дотогш хэвлийн тойрогтой байх ёстой. Энэ хэмжээ алдагдаад ирвэл өвдөх эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг. Хэвлийн таргалалтай хүмүүс жилд 1-2 удаа цусан дахь сахарын хэмжээгээ тодорхойлуулж байх хэрэгтэй. Доод тал нь найман цаг өлөн байсны дараа шинжилгээ өгвөл бодит хариу гарна. Хэрэв цусан дахь сахарын хэмжээ 3,5-5,5 ммолыл байх юм бол хэвийн гэсэн үг. Хэрэв долгоос дээш гарвал чихрийн шижин өвчин туссан гэдэгтэй маргах шаардлагагүй болж байна. Хэрэв шижингийн шинж тэмдэг илэрвэл алгуурлаж огт болохгүй. Сахарын хэмжээг буулгаж, түүнийг хэвийн түвшинд барихгүй юм бол 50 настайдаа өвчний үүр болно.

Эмэгтэйчүүдийн хувьд 80 см, эрэгтэйчүүдийн хувьд 90 см дотогш хэвлийн тойрогтой байх ёстой

Яах вэ?

Бүх эмч эрдэмтэд нэг л хариу өгдөг. Чихрийн шижинг тогтоох ганц л арга бий. Энэ бол хэвийн жинтэй болох явдал юм. Хэвийн жин гэдэг нь өндрийн хэмжээнээс 100 см-ийг хасаад гарах дүн билээ. Хааш хаашаа таван кг хэлбэлзэж болно. Хэвийн жинтэй бол түүнийгээ барих, тарган бол турах хэрэгтэй. Яаралтай турахын тулд түргэн шингэдэг нүүрс ус ба малын гаралтай өөх тосыг хоолноос бүрэн хасна. Өдөрт ойр ойрхон бага бага иднэ. 5-6 удаа бага бага идээрэй. Хүмүүс зөв хооллох тухай тун их ярьдаг. Маш олон онол ярьдаг. Зөв хооллож байгаа эсэхээ мэдэх шиг амархан юм үгүй. Энэ бол таны жин шүү дээ. Та турахыг хүсч, турахын төлөө тэмцсээр байтал огт турахгүй, эсвэл таргалаад байвал үүнд ганц л шалтгаан бий. Та буруу хооллож байна.

Хэрэв эцэг эхийн хэн нэг нь чихрийн шижин өвчтэй бол нэгдүгээр төрлийн шижин хүүхдэд нь удамших магадлал 3-10 хувь байдаг

Тоо баримт

Чихрийн шижин өвчин хүний тарган ба хөдөлгөөнтэй ямар хамааралтайг Америкийн эрдэмтэд судалжээ. Үүний дүнд илүүдэл жинтэй хүн туранхай хүнийг бодвол чихрийн шижингээр өвдөх магадлал 10 дахин их болохыг тогтоов. Харин чихрийн шижин ба хөдөлгөөний дутагдлын холбоо үүнээс хавьгүй сул бөгөөд их хөдөлгөөнтэй хүний чихрийн шижингээр өвдөх магадлал дөнгөж 18 хувь бага байдаг ажээ.

-Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн 10000 хүн амд 56.4, эмэгтэйчүүдийн 60.1 хувьд байна.

-Байршлаар үзэхэд төвийн бүсэд 10000 хүн амд 57.3 буюу хамгийн өндөр тохиолдож байна.

Аюултай бүс

1.Хэрэв эцэг эхийн хэн нэг нь чихрийн шижин өвчтэй бол нэгдүгээр төрлийн шижин хүүхдэд нь удамших магадлал 3-10 хувь байдаг. Харин ээж аав нь хоёулаа шижинтэй бол энэ магадлал 50-70 хувь болж өсдөг. Хоёрдугаар төрлийн шижин бас л удамшдаг. Хэрэв эцэг эхийн хэн нэг нь өвчтэй бол удамших магадлал 80 хувь, хоёул өвчтэй бол 100 хувь байдаг ажээ. Ер нь хань ижлээ сонгохдоо энэ талын судалгаа сайн хийх хэрэгтэй.

2.Стресст байнга ордог хүн шижинтэй болох магадлал өндөр байдаг.

3.Таргалалт бол шижин үүсэх гол шалтгааны нэг мөн. 21-р зууны хамгийн гол аюул таргалалт гэдэгтэй эрдэмтэд аль хэдийн санаа нийлсэн. Ялангуяа эмэгтэйчүүд илүү таргалж буй. Тарган хүмүүсийн 40 хувь нь 60 нас хүрэлгүй, 70 хувь нь 70 нас хүрэлгүй, 90 хувь нь 80 нас хүрэлгүй хорвоог орхидог байна. Шинж тэмдэгүүд ойр ойрхон шээх, байнга ам цангах, арьс хуурайшиж загатнах, дархлаа сулрах зэрэг юм.