m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.09 09:54
620
Д.Энхтуяа: М.Наранбаатар МҮОНРТ-ийг хувийн юм шиг л ашигладаг

МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар өчигдөр 18.00 цагийн үед дэд дарга Ё.Батбаяр, МҮОНТ-ийн дарга Д.Энхтуяа нарыг ажлаас нь халах тушаалыг гаргасан. МҮОНРТ-ийн гал тогоонд чухам юу болоод байгааг олон нийт маш их сонирхож байна. Тиймээс бид МҮОНТ-ийн дарга асан Д.Энхтуяатай ярилцлаа.

-МҮОНРТ-д хүн тогтож байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм шиг дүр зураг харагдах боллоо. Яагаад гэнэт хоёр удирдлагаа халсан юм бол?

-М.Наранбаатарын хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрсэн болохоор захирлууд нь тогтохгүй байгаа юм. Хууль бус маш олон үйлдэл байгаагаас би нэгийг нь л онцолж хэлмээр байна.

М.Наранбаатар өөрөө л албан тушаалаа урвуулан ашигласан хүн шүү дээ.  Хуулийн дагуу манай телевизэд байдаг Алтан сан хөмрөг, оюуны эрхийн бүтээлүүдийг компаниудад худалдаж, интернетээр зарах бүх эрхийг нь салбарын захирлуудад мэдэгдэлгүй гэрээ хийсэн байсан. Үүнийг нь би эсэргүүцсэн. Улмаар УИХ-ын дарга болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөл бүгдэд нь хандаж энэ гэрээг зогсоосон.М.Наранбаатар үүнд л хорсож намайг халах тушаал гаргалаа.

-Их олон сая төгрөгийн мөнгөн дүнтэй гэрээ байсан бололтой?

-Мөнгөний хэмжээг би сайн мэдэхгүй байна. Гэрээнд 30,70 хувиар авна гэж заасан байсан. МҮОНРТ-ийн уран бүтээлийн сан хөмрөг гэдэг бол монголчуудын оюуны өмч шүү дээ. Хэн таарсан, найз нөхдөөрөө далимдуулж хүний оюуны сан хөмрөгийг захиран зарцуулах эрх авч болохгүй. Үүнийг би эсэргүүцээд ажилгүй боллоо.

-Таниас гадна хуулийн зөвлөхүүд нь түүний үйлдлийг илчилж хэлсэн ч үл тоосон гэх мэдээлэл байна?

-Тийм ээ. Манай байгууллагын хуулийн зөвлөх Оюунбилэг бид хоёр энэ талаар түүнд хэлсэн. Гэтэл “Та нарт хамаагүй. Чи юу мэддэг юм бэ” гэж хуулийн зөвлөхийг хэлээд гэрээ бэлтгэхийг үүрэг болгосон. Гэрээг нь бэлтгэж өгсөн ч хуулийн зөвлөх Оюунбилэг гарын үсэг зураагүй.

Надад “Ингэж ажил хийдэг юм” гэж хүртэл хэлдэг. Түүний хууль бус шийдвэр, ёс суртахуунгүй авирласных нь төлөө би Үндэсний зөвлөлдөх хороонд хандан гомдол гарган, хариуцлага тооцож өгөхийг хүссэн.

-Таныг урд өмнө нь удаа дараа доромжилж байсан гэсэн. Энэ юунаас болсон юм бэ. Таныг анх ажлаа авахад л таагүй ханддаг байсан уу?

-Анх ажлаа авахад таагүй хандаагүй. Би хар багаасаа телевизийн салбарт ажилласан болохоор манай тогооны хүн ирсэн, сайхан байна хэмээн угтаж авсан. Хууль бус үйлдлийг нь хэлж, засч залруулъя гэхээр огт хүлээж авдаггүй. Би зөвхөн ганц нэг жишээ хэлж байгаа нь энэ. Үүний цаана олон зүйл бий.

- МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр орой хуралдсан гэсэн. М.Наранбаатарын шийдвэрийг тэд мэдсэн болов уу?

-Мэдээгүй байх аа. Хуралдана гэж зар тараадаг ч М.Наранбаатар хуралдуулдаггүй. Хууль бус шийдвэрийнх нь талаар ярилцъя гэхээр тэр хүмүүсийг ирүүлдэггүй. Ямар арга хэрэглэдгийг бүү мэд. Надад “Ингэж ажил хийдэг юм” гэж хүртэл хэлдэг. Түүний хууль бус шийдвэр, ёс суртахуунгүй авирласных нь төлөө би Үндэсний зөвлөлдөх хороонд хандан гомдол гарган, хариуцлага тооцож өгөхийг хүссэн. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хариуцлага тооцох байх.

-Ингэхэд М.Наранбаатарын хууль бус үйлдлйиг уран бүтээлчид, сэтгүүлчид мэдэх үү. Та гал тогоонд нь ажиллаж байсан хүний хувьд юу анзаарав?

-Сэтгүүлч, уран бүтээлчид бүгд мэднэ. Гэхдээ ил гаргаж хэлж чаддаггүй байх. Захирлууд байтугай жирийн уран бүтээлчийг элдвээр доромжлон хөөгөөд гаргасан тохиолдол олон бий. Салбарын захирлууд нь телевизийнхээ нэр хүндийг өөд нь татъя, ийм шинэчлэл хийе, санхүү, үйл ажиллагаагаа ил тод байлгая гэхээр М.Наранбаатар нүүрээ буруулдаг. МҮОНРТ ер нь тэр хүний хувийн өмч биш шүү дээ. Эрх мэдлээ хэтрүүлэн, өөрийн эрх ашгаа эхэнд тавьдаг хэцүү хүн.

МҮОНРТ-ийн харуул хамгаалалтад үндсэндээ 18 хүн ажилладаг. Гэсэн атлаа 59 хүний цалин олгож, 47 сая төгрөг сар бүр өгдөг байх жишээтэй.

-Телевизэд М.Наранбаатарын найз нөхөд, танил тал, тойрон хүрээлэгчид олон байдаг гэсэн?

-Байгууллага удирдаж байгаа хүн өөрийн итгэлтэй, нэг баг болох хүнтэйгээ гар нийлэн ажиллахыг би үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хүмүүсээрээ халхавч хийгээд хууль зөрчиж болохгүй. МҮОНРТ-ийн даргыг гурван жил болгоод өөрчилдөг. М.Наранбаатар гурван удаа улирч сонгогдоод есөн жил болж байгаа юм билээ. Энэ хугацаанд удирдлагад нь ажиллаж байсан зургаан захирлыг хууль бусаар халсан байна лээ. Үүнээс харахад л тэр хүн юу хийгээд, ажиллая, шинэчилье, өөрчилье гэсэн хүмүүсийг яагаад халаад байдаг нь ойлгогдох болов уу.

-Ё.Батбаяр дарга харуул хамгаалалтын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцээд ажлаасаа халагдсан гэсэн үү?

-Та нар өөрөөс нь сайн асуугаарай. МҮОНРТ-ийн харуул хамгаалалтад үндсэндээ 18 хүн ажилладаг. Гэсэн атлаа 59 хүний цалин олгож, 47 сая төгрөг сар бүр өгдөг байх жишээтэй. Энэ хууль бус зүйлийг Ё.Батбаяр хэлсэн юм.

Олон удаа уулзаж, эв зүйгээр асуудлаа шийдье гэхээр хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гээд зүтгэчихнэ. Тийм хүнтэй юу ч ярих билээ. Олон нийтийн өмч гэдгийг сайн ойлгохгүй байгаа бололтой.

-Та нар нэг үеийнхэн. Уулзаж асуудлаа шийдье гэж ханддаг байсан уу?

-Уулзалгүй яах вэ. Олон удаа уулзаж, эв зүйгээр асуудлаа шийдье гэхээр хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гээд зүтгэчихнэ. Тийм хүнтэй юу ч ярих билээ. Олон нийтийн өмч гэдгийг сайн ойлгохгүй байгаа бололтой.

-Та хууль бус шийдвэр гаргасан М.Наранбаатарыг шүүхэд өгөх үү?

-Өгнө. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс хариуцлага тооцохыг  мөн шаардана.