m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.09 12:54
462
Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдлаа

ETV HD телевиз 2014 оны сүүлээр “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг хийж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Энэхүү нэвтрүүлэг гарсан даруйдаа Монголын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж 33 жил уулзаагүй эх хүү хоёрын эдрээтэй тавиланг эергээр хүлээн авч байсан цаг саяхан.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Л.Бямбасүрэнд уучлал үзүүллээ. Тэрээр шүүхээс 18.3 жилийн хорих ялаар шийтгүүлснээс 10 жил долоон сарын ялыг биеэр эдэлсэн юм. 

Уг баярт мэдээг дуулгахаар бид ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих ангид 18:30 минутын үед очлоо. Тэрээр энэ мэдээг дуулаад баярын нулимсаа нууж чадаагүй юм. Мөн цуг хоригдож байсан эмэгтэйчүүд болон хорих ангийн ажилчиддаа талархаж явдгаа хэлж, ажилд нь амжилт хүслээ. Тэнд байсан хүн бүр баярын нулимстай Л.Бямбасүрэн эгчийг үдэж,  цаашдын амьдралд  нь сайн сайхныг хүсэн ерөөж байлаа. 

Хорих 407 дугаар ангийн дарга Б.Амардорж:

"Эмэгтэйчүүдийн хорих ангиас сүүлийн гурван жилд хоёр хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Л.Бямбасүрэнгийн хувьд гурав дахь хүн нь болж байна. Уучлал үзүүлэх өргөдөл хүсэлт их гардаг. Ямар нөхцөл, тохиолдолд уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчийн эрхийн асуудал. Хэргий талаар, ялтны биеийн байдал, ар гэрийн нөхцөл зэргээс нөлөөлж шийдвэр гаргадаг болов уу. Нэг эх хүн ч гэсэн үр хүүхэдтэйгээ хамт байх жаргалтай өдөр эхэлж буйд талархаж байна" гэв.