m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.03 06:31
378
“Сэлэнгэ хурд-2015” хангайн бүсийн хаврын уралдаан боллоо

Засгийн газрын тогтоолоор “Сэлэнгэ хурд-2015” хангайн бүсийн хаврын хурдан морины уралдаан  энэ сарын 27, 28-ны өдрүүдэд их түүхийн эзэн, амуу тарианы өлгий Цагааннуур сумын Улаанхудаг хэмээх газар амжилттай зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Орхон, Дархан гээд газар газрын хурдан хүлгүүд энэ өдрүүдэд Цагааннуур сумын Улаанхудагт цугларч, хурдан морь сонирхогчдын харааг булаан хийморийг сэргээсэн юм. 

Уралдааны эхний өдөр буюу энэ сарын 27-нд Эрлийз дээд насны морин уралдаан болсон бол энэ сарын 28-нд Азарга, Их нас, Соёолон насны морьд уралдсан. “Сэлэнгэ хурд-2015” хангайн бүсийн хаврын уралдааныг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нээж, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” морин спорт уяачдын холбооны тэргүүн Г.Бямбаа аймагтаа энэхүү сайхан урлдааныг хэрхэн зохион байгуулах болсон тухай болон Сэлэнгэ аймгийн уяачдын сүүлийн жилүүдийн амжилтаас хурсан олонд танилцууллаа. Энэ үеэр улс, аймгийн алдарт уяачидад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулах ёслол боллоо.

Хурдан Азарганы уралдаанд нийт 91 азарга хурдалсанаас Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат Үүрцайх-ын хээр азарга түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ж.Эрдэнэбатын Хээр халзан аман хүзүүдэж, Сэлэнгэ аймаг Мандал сумын харьяат Алтангэрэлийн халтар, Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын харьяат Мөнхбатын Хонгор, Дархан-Уул аймгийн харьяат Чүлтэмбатын Хонгор айрагдлаа.

Хурдан Их насны уралдаанд нийт 120 морь уралдсаж Орхон Баян-Өндөр сумын харьяат Х.Баттулгын Бор түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Ганжаргалын Бондгор бор аман хүзүүдэж, Сэлэнгэ аймаг Мандал сумын харьяат С.Бат-Очирын Хээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Баясгалангийн Хүрэн, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат С.Гансүхийн Цоохор айргийн тавд хурдаллаа.

Эргэмэг хурдан Соёолон насны уралдаанд нийт 119 соёолон уралдаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Мөнхтөрийн Цавьдар түрүүлж, Булган аймгийн харьяат Р.Энхбатын Хул аман хүзүүдэж, Сүхбаатар аймгийн Б.Батсүхийн Хул, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат Ц.Элбэгзаяагийн Хүрэн халзан, Сүхбаатар аймгийн М.Одмандахийн Шар хээр айрагдаж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баясгалаа.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ “Буган Халиун ажнай” морин спорт уяачдын холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоо, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан “Сэлэнгэ хурд-2015” хангайн бүсийн хаврын шандаст хурдан хүлгүүдийн уралдаан ямар нэг будлиангүй, хүүхэд, морины гэмтэлгүй дэлгэр сайхан болж өндөрлөлөө.