m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.03 06:36
185
Л.Банзрагч: Анхны бүхэн сэтгэлд тодхон үлддэг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж СТА Л.Банзрагч тоглолт хийхээр болжээ. Тоглолтынх нь талаар түүнээс тодрууллаа.

-Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж тоглолт хийх гэж байгаа гэсэн. Таны анхны бие даасан тоглолт байх аа. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар олон тоглолтууд зохион байгуулагддаг. Уран бүтээлчид бүхэн эмэгтэйчүүд болон ээжүүдийг баярлуулахыг хичээж, тоглолтуудаа өргөн барихыг хүсдэг. Миний хувьд дуучин болсноосоо хойш анх удаа цөөн хүний хүрээнд VIP тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолт маань гуравдугаар сарын 8-ны өдөр Чингис зочид буудалд болох юм. Тоглолтын хувьд мэдээж ая тухтай тансаг орчин бүрдүүлэхийг хичээх болно. Нэгэн оройг хайртай дотнын хүмүүстэйгээ халуун дулаан яриа өрнүүлж суугаад, миний анд уран бүтээлчид болоод миний уран бүтээлийг сонсонгоо амьд хөгжлийн хамтлагтай бүжиглэх бүрэн боломжтой. Дээрээс нь Чингис зочид буудлын алдарт тогооч нарын хийсэн хоолыг амтлаж, дарс шимэнгээ бүжиглэж, баярыг жинхэнэ утгаар нь өнгөрөөх боломжийг бүрдүүлэхийг хичээж байна.

Анхны бүхэн сэтгэлд тодхон үлддэг

-Тоглолтын тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Нэг тасалбарын үнэ 100 мянган төгрөгийн үнэтэй. Зарим хүнд энэ нь хэтэрхий үнэтэй санагдаж магадгүй. Гэхдээ нэг ресторанд ороод эхнэртэйгээ хамт хоол идээд гарахад л энэ хэмжээний тооцоо гардаг. Тиймээс ая тухтай орчин бүрдүүлээд, дайлахыг нь би дайлъя, харин үзэгч хүрч ирээд, ширээний ард суугаад миний тоглолтыг үзээч гэсэн саналыг дэвшүүлж байгаа юм.

-Тоглолтонд ямар дуучид ирэх вэ?

-МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Э.Бүрнээбаяр, амьд хөгжмийн “Логос” хамтлагийнхан гэх мэт миний хүндэтгэж явдаг олон сайхан уран бүтээлчид ирнэ.

-Ганцхан өдөр болох уу. Тоглолтоос гадна өөр үзүүлбэр, үйлчилгээ бий юу?

-Ердөө нэг орой л болно. Тэгээд “Тэсо” корпораци болон “Ичкрем” компанийн гарын бэлгийг ирсэн хүн бүрт гардуулна.

Ер нь хүн бүр нэгэн үдэш хамтдаа баярлаад, сэтгэл ханамж дүүрэн гарах орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Анхны гэх тодотголтой юм бүхэн дурсамж агуулдгаас гадна аль болох чанартай хийхийг зорьдог. Тиймээс ээжүүдээ, хайртай бүсгүйгээ дагуулаад ирсэн эр хүний нүүрийг улайлгахгүй байхын төлөө л хичээж ажиллаж байна даа.