m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.10 06:39
497
Л.Одсэр: Бид давуу талаа ашиглаж чадвал хөгжилд хурдан хүрнэ

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэртэй аймгийнх нь бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн онд Говьсүмбэр аймагт хувьд бүтээн байгуулалтын ямар ажил хийсэн талаар яриагаа эхэлье. Ямар салбарт бүтээн байгуулалтууд хийсэн бэ?

-Өнгөрсөн оны хувьд Говьсүмбэр аймгийн 1990 оноос хойшхи жилүүдийн бүтээн байгуулалт хийсэн. Бүх л салбарт бүтээн байгуулалтууд хийгдсэн. Жишээлбэл, зам харгуйгаас эхлээд барилга угсралтын ажилд ч хөгжил дэвшил гарлаа. Аймаг, сумдын удирдлагууд соёл спорт, боловсрол, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг батлаад, 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үр дүнгээ ч өгөөд эхэлсэн гэж үзэж байна.

-Боловсрол, эрүүл мэндийн асуудал иргэдэд хэрэгцээтэй, хамгийн ойр байдаг салбар. Үүнийхээ хэрээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тэгвэл танай аймгийн хувьд хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон бэ?

-Аймгийн хэмжээнд нийт таван бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Харин хүрэлцээний хувьд Улаанбаатар хотынх шиг нэг сургуулийн байранд 2-3 сургуулийн сурагчид сурдаг тохиолдол байхгүй. Гэхдээ стандартын дагуу 650 гаруй сурагч суралцах ёстой сургуульд 1000 гаруй хүүхэд сурч байх жишээтэй. Иймдээ ч сургуулийн хүрэлцээ тааруухан гэж хэлж болно.

Ер нь Говьсүмбэр хамгийн жижиг аймагт ордог. Статистикаараа бага хүн амтайд тооцогдож, үүгээр боловсрол, эрүүл мэндийн салбарт төрөөс төсөвлөж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ багасдаг. Гэтэл Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын ихэнх хүүхдүүд манай аймагт сурч боловсорч, дээрээс нь эрүүл мэндийн үйлчилгээг давхар аваад явдаг. Тэгэхээр эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ үзүүлж буй аймгийн маань иргэд энэ тал дээр нэлээд хохиролтой байдаг.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирж байхад нь цаашаа гэх эрх, ёс суртахуун байхгүй учир бүгдийг боломжоороо үзэж үйлчлэхийг хичээдэг ч ачааллаа дийлэхгүй тохиолдол олон гардаг. Өөрөөр хэлбэл, хүнд өвчтөн ирвэл тэднийг юуны түрүүнд эмчлэхийг бодоод хөнгөн өвчтэй иргэдийг хойш нь тавих асуудал гардаг гэсэн үг. Бүр заримдаа орхигдох ч тал бий.

-Иргэдээс их гомдол шүүмжлэл их ирдэг байх?

-Тэгэлгүй яахав. Тэгээд л нөгөө эмнэлгийн ажилчдыг л муулдаг, тэдэнд л уур бухимдлаа гаргах юм байна шүү дээ. Дундговь аймгийн гурван сумын иргэд манай аймагт ирж ажиллаж, амьдардаг. Хүүхдүүдээ энд сургууль сургачихдаг юм. Тийм болохоор манай аймагт статусаасаа хамаагүй олон хүн амьдардаг гэсэн үг. Үүнийг тэр бүр мэддэггүй. Нөгөө л гуравхан сумтай, хүн ам цөөтэй аймаг гэдгээр нь хүлээж авдаг. Дээрээс нь Улаабаатар хотын том нефть импортлогч компаниудын агуулахууд энд байдаг. Эндээс ачаа тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын ажилчид хот суурин газраас шилжилт хөдөлгөөн хийгээд хүрээд ирэх тохиолдол ч бий.

-Эдгээр асуудлыг шийдэх боломж бололцоо бий юу. Энэ талаар судалж үзэв үү?

-Сүүлийн үед эрүүл мэндийн тухай хууль өөрчлөгдөж, Монгол Улсын иргэн нутаг дэвсгэрийнхээ хаана ч очоод эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болсон. Эрүүл мэндийн салбарын хувьд ерөнхийдөө асуудлууд бага багаар шийдэгдээд явж байгаа гэж үзэж байгаа.

Аймгийн 1950-аад онд баригдсан нэг сургуульд хүүхэд сурч боловсрох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрээс нь хуучин сум байж байгаад аймаг болоход сумын төвийн эмнэлгийн суурин дээр аймгийн эмнэлэг байгуулагдсан учир байрны хүрэлцээ муу, мөн мянган айлын орон сууцны дэд бүтцийн асуудлыг шийдэх талаар ярьж байсан ч өнгөрсөн онд улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор хэрэгжсэнгүй.

-Орон нутгийн хөгжлийн сангаас дээрх асуудлыг шийдэх боломжгүй юу?

-640 хүүхдийн сургууль барихад 6-7 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай болдог юм билээ. Тэгэхээр орон нутгийн зүгээс яагаад ч хүчрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ 2012 онд байгуулагдсан төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэнтэй холбоотойгоор манайх шиг жижиг аймагт нэлээд үр дүнгээ өгсөн.

-Саяхан Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургууль ухаалаг сургууль болох ажлаа эхэлжээ. Давуу талыг нь сонирхуулна уу?

-Нэгдүгээр сургууль хуучин Дорноговь аймгийн Сүмбэр сум гэж байхад ууган сургуулиудын нэг байсан. Хэдийгээр сүүлд баригдсан ч гэсэн хорих байгууллага байсан учир дотроо нэлээд засвар хийх шаардлагатай байсан. Тэгээд Л.Гантөмөр сайдад санал тавьж ажиллаад, 400 сая төгрөгийн төсвөөр дотоод заслыг тохижуулсан.

Нэгэнт л хийж байгаа юм чинь гээд сургалтын орчинг анхаараад “ухаалаг” сургууль болгохоор ажиллаж байна. Үүндээ ганц хоёрхон самбар, прожектор тавиад дуусчих биш камержуулаад, бүх хичээлийг мэдээллийн санд байршуулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр тухайн багшийн зааж буй хичээл бүгд бичигдээд мэдээллийн санд хадгалагддаг болох юм. Дараа нь сурагчид тухайн хичээлээ нөхөөд үзчих боломжтой. Эцэг эхчүүд нь ч мөн адил хүүхдээ хичээл дээрээ ямаршуухан байгааг, тухайн багшийн заах арга барил, хичээлийн сэдвийг нь хараад хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэчихдэг, аль эсвэл тухайн багшийн заах арга барил муу байвал шууд сургуулийн удирдлагад хэлээд сайжруулж болдгоороо маш том давуу талтай.

Эргээд ухаалаг номын санд бүх хичээл нь серверт хадгалагдаад, тухайн өдөр хүүхэд өвчтэй байгаад ч юмуу ирж чадаагүй бол татаж аваад хичээлээ нөхөөд үзэх боломжтой. Ингээд төсөл боловсруулаад Орон нутгийн хөгжлийн сангаас 100 гаруй сая төгрөг төсөвлөөд, тендер зарласан.

-Говьсүмбэр аймаг жижиг хэдий ч жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байгаа нь ажиглагдаж байлаа. Тэгэхээр аймгийн зүгээс хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

-Үйлдвэрлэл гэдэг бол бизнес юм. Тиймээс зах зээлийнхээ журмаар зохицуулагдаад явдаг. Гэхдээ аймгийн удирдлагуудын зүгээс бодлогоо барьж ажиллаж байна. Жишээлбэл, энэ жил гахай, тахианы аж ахуйг түлхүү дэмжих төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, энэ салбарын үйлдвэрлэлийг нэг газарт төвлөрүүлээд дэд бүтцийг нь шийдэж өгнө. Хэрэв энэ жил Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас аймаг орон нутагт хуваарилагдах мөнгийг авч чадвал гахай, тахианы үйлдвэрлэл рүү шилжүүлэх юм. Ер нь Говьсүмбэр аймагт бүхий л төрлийн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрэн бий. Зам харгуйгаас эхлээд тог цахилгаан, барилга угсралт, хүнс, хөдөө аж ахуй гэх мэт.

-Байршлын хувьд ч сүүлийн жилүүдэд таатай нөхцөл бүрдэж байгаа гэж нутгийн иргэд ярьж байсан л даа. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Дундговь, Дорноговь аймаг, Оюутолгой зэрэг уурхайн ачилтууд төмөр замаа дагаад манай аймгаар дайрч явдаг. Ерөнхийдөө гэрэл цахилгаан зэрэг дэд бүтцийг шийдээд өгвөл том шилэн хүлэмж байгуулах боломжтой гэж харж байна.

-Өнгөрсөн оны байдлаар нийт хичнээн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл тусламж олгосон бэ?

-Нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зээл олгоод байгаа. Өмнө нь сум хөгжүүлэх сан гэж байсан ч шинээр хөрөнгө төсөв орж ирэхгүй байгаа. Харин өмнө нь зээл авсан иргэдийн эргэн төлөлтөөр нэн түрүүнд зээл олгох шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд дахин зээл олгож байна. Ерөнхийдөө өнгөрсөн онд нийт 41 төсөл орж ирснээс 19 төсөл дэмжигдсэн.

-Хүн ам ихтэй байж тухайн бүс нутаг илүү хөгжиж дэвшдэг гэсэн ойлголт байдаг. Говьсүмбэр аймгийн хувьд харьцангуй хүн ам цөөтэй. Тэгэхээр бодлогоо хэрхэн барьж ажилладаг вэ?

-Аймаг, орон нутгийн зүгээс хүн ам өсгөх бодлогыг дэмжиж ажилладаг. Гэхдээ хөгжил явагдаад, ажлын байр бий болсон цагт л хүмүүс суурьшиж ирнэ. Дээрээс нь амьдрахад ая тухтай орчинг хүсдэг. Тийм ч учраас орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй. Манай аймгийн хүн амын 70 хувь нь орон сууцад амьдарч байгаа ч хүн ам дагаж хөгждөг бизнес олон бий. Тэрийг хэрэгжүүлэхэд бага зэргийн учир дутагдалтай л даа. Гэхдээ манай аймаг геополитикийн хувьд харьцангуй ашигтай бүс нутагт байрладаг. Уул уурхайн том компаниудын ачилт манай аймгаар дамжин өнгөрдөг. Хэрэв бид үүнийг давуу талаа болгоод ажиллаж чадвал хурдан хөгжих боломжтой.