m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.20 06:49
74
Ерөнхийлөгч Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа

АНУ-ын дэлхийд алдартай Харвардын их сургуульд сурдаг орон орны оюутны төлөөлөл Монгол Улсад зочилж байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тэднийг хүлээн авч уулзлаа. Монголын Төрийн тэргүүн Харвардын их сургуулийн төгсөгч тул оюутнууд сурч буй сургуулийг нь дүүргэсэн Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлсний дагуу уг уулзалт болсон юм.

Оюутнууд Монгол орны тухай, Монголын ардчилал, түүний хэтийн төлөв, эдийн засгийн байдал, уул уурхай, бусад салбарын хөгжлийн талаар сонирхсон зүйлсээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асууж хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэдний асуултад хариулахдаа ардчилал гэдэг бол нялх хүүхэд шиг өдөр тутмын арчилгаа шаардаж байдгийг онцолж байв. 1990 оноос өмнө төрийн мэдлийн ганц телевиз, ганц радио, нам, төрийн харъяалалтай хэдхэн сонин, сэтгүүлтэй байсан Монгол Улсад 1990 оноос хойш хэвлэлийн эрх чөлөө хөгжиж, өнөөдөр хэдэн зуу, мянгаар тоологдох хувийн телевиз, радио, сонин, сэтгүүл, сайттай болсныг дурдлаа. Мөн ардчиллаас хойш гар утас, интернэттэй болж, 2004 оноос фейсбүүк, 2006 оноос твиттер монголчуудын хэрэглээнд нэвтэрснийг сонирхуулав. Дөрөвхөн жилийн өмнө Монголд АСЕМ-ийн чуулган хийнэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх байсан бол 2016 онд АСЕМ ээлжит чуулганаа Улаанбаатарт хийх гэж буйг мөн хэлсэн юм.

Монголын ардчилал гүнзгийрэн хөгжиж, гадаадын зарим орнуудын төлөөлөгчид ирж туршлага судалдаг болсон. Энэ өдрүүдэд Мъянмарын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны зөвлөхүүд туршлага судлахаар Улаанбаатарт ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Харвардын оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олон зүйлийг асуун тодруулж, уулзалтын төгсгөлд дурсгалын гэрэл зураг татуулав. Мөн Төрийн ёслолын өргөө гэрт зочилж монгол гэр үзэж сонирхов.