m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.10 02:58
290
Д.Цогтбаатар:Барилгын үнэ чанартайгаа нийцсэн байх учиртай

“Масс зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг урилаа. Түүнтэй цаашид барилгын салбарт хэрэгжүүлэх ажлынх нь талаар голчлон ярилцсан юм. 

- Их ажлын хажуугаар цаг зав гаргаж ярилцаж байгаад баярлалаа. Та Монголын шилдэг дипломатууд төрөн гарсан Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

- Би МУИС-ийн эдийн засгийн тэнхимд элсэхээр шалгалт өгч тэнцсэн юм. Тухайн үед Олон Улсын Харилцааны сургуульд явах оюутнуудын судалгааг Гадаад хэргийн яамнаас хийж байсан юм билээ. Улмаар МУИС-д шалгалт өгсөн хүүхдүүдийн хувийн хэрэг материалыг авч таарсан.  Тэр дунд миний  хувийн хэрэг орсон нь аз ч байж мэднэ. Би багаасаа орос, англи хэлийг судалж эхэлсэн. Түүнчлэн англи хэлний олон олимпиадад амжилттай оролцож түрүүлж байлаа. Энэ бүгдийг мэдээж миний хувийн хэрэгт хавсаргасан нь лавтай. Мөн зөвхөн гадаад хэлийг судалж суралцахын хажуугаар зураг, математик, физикийн олимпиадад  оролцож амжилт гаргадаг байсан.

- Хөгжлийн суурь нь яах аргагүй боловсрол байдаг. Та төгсөж ирээд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд багшилж байсан. Багшилж байсан үеийнхээ талаар дурсахгүй юу?

- МУИС-д цагийн багш хийж байсан. Сургууль төгсөж ирээд 1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд харьцуулсан улстөр судлалаар хичээл заах урилга авсан юм. Тухайн үед би Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан. Дараа нь Австрали улсад Олон улсын хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Мөн үргэлжлүүлэн Олон Улсын Харилцааны сургуульд энэ чиглэлээр жил орчим хичээл заасан.

- Тэгвэл таны бодлоор Монгол Улсад чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадаж байна уу?

- Олон улсын хуулиар Монголд ч бай гадаадад ч бай хангалттай чадварлаг боловсон хүчин бэлтгэх ёстой. Монгол улс нэгэнт даяаршил руу тууштай орсон. Манай улсын эдийн засаг даяаршсан эдийн засгийн нэг хэсэг болж гаднын хөрөнгө оруулалтыг татаж байгаа нь арилжааны шинж чанартай асуудлууд их гардаг. Монголын төр болон хувийн компаниуд арбитрийн шүүхэд дуудагдах тохиолдол бий. Тиймээс энэ бүгдэд сайн бэлтгэгдсэн Олон улсын тусгай хуулийн чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин маш их хэрэгтэй байгаа. Нэг үгээр хэлбэл алтнаас үнэтэй мэргэшсэн хуульчдыг бэлтгэх шаардлагатай юм. Учир нь Монголын баялаг, үнэт зүйлс, эд хөрөнгийг тэдгээр хүмүүс Олон улсын тавцанд хамгаална.

Монголын баялаг, үнэт зүйлс, эд хөрөнгийг тэдгээр хүмүүс Олон улсын тавцанд хамгаална

 

- Та барилгын салбарыг хүлээж аваад удаагүй байна. Энэ салбарт цаашид ямар чиглэл баримталж ажиллах вэ?

- Олон зүйлийг самардмааргүй байна. Нэгдүгээрт барилгын салбарыг хэрэглэгч төвтэй болгох зорилготой ажиллаж байна. Үүнд, хэрэглэгчдэд нийлүүлж байгаа чанар стандарт зохих түвшний байх ёстой. Европын бус стандарттай барилга барьчихаад Европын үнийг хэрэглэгчдээс нэхдэг нь буруу.  Өөрөөр хэлбэл барилгын үнэ чанартайгаа зохицсон байх ёстой. Хүн насаараа хуримтлуулсан мөнгөөрөө барилга, орон сууц худалдаж авдаг. Гэтэл худалдаж авсан барилга нь чанарын хувьд гурав хүрэхгүй жилийн настай байж болохгүй. Гурван жилийн дараа дахин барилгадаа хөрөнгө оруулалт хийхэд барилгын компаниуд нь ашгаа аль хэдийн хэд дахин нугалж олсон байдаг. Энэ мэт зохисгүй үйлдэл үргэлжлэх ёсгүй. Барилга барина гэдэг нь нэр хүндтэй ажил. Энэ ажлаа тэд нэр хүндтэй хариуцлагатай хийх ёстой. Иргэдэд нийлүүлж байгаа барилга чанартай байвал шударга харьцаа үүснэ. Тиймээс энэ талаар цаашид анхаарч ажиллана. Энэ ч үүднээс барилгын салбарын чанарыг шинэ түвшинд гаргана. Мэдээж энэхүү ажлыг эхлүүлэхийн тулд юуны түрүүнд Европ стандартыг нэвтрүүлнэ.  Европ стандартыг нэвтрүүлнэ гэдэг нь эхлэлтэй болов ч төгсгөлгүй ажил юм. Ямар ч улсын стандарт тогтсон байрандаа хэзээ ч зогсдоггүй. Үргэлж шинэ технологи, материал, стандартууд бий болж өмнөх нь элэгдэж алга болдог. Мэдээж энэ бол амаргүй ажил. Учир нь шинээр гарсан стандартууд маш олон техникийн ухагдахууныг шингээсэн байдаг. Шинжлэх ухаан техник технологийг стандартад багтаадаг. Түүнчлэн эдгээрийг ойлгож мэддэг боловсон хүчин шаардлагатай. Тиймээс урт хугацааны хөтөлбөр гаргана. Хөтөлбөр дотроо хоёр үе шаттай байна. Оросод хэрэглэж буй Европ стандартыг Монголд нэвтрүүлнэ. Орос хэл дээрх Европ стандартыг хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлж байх хугацаандаа англи хэл дээр стандартуудыг монгол хэл дээр орчуулж мэргэжилтнүүд ойлгодог тогтолцоогоор явбал барилгын салбар хөгжихгүй. Харин шууд англи хэл дээрх стандартууд дээр ажиллах инженер техникийн ажилчдыг бэлтгэх хэрэгтэй. Маргааш бүгдийг өөрчилнө гэвэл боломжгүй. Гагцхүү боломжийг бий болгох хугацааг нь өгч байгаа юм. Өнөөдөр манай стандартууд хоцорсон. Барилгын салбарынхан шинэ тоног төхөөрөмж оруулж ирэхээр  манай стандартад нийцдэггүй. Европ стандартыг нэвтрүүлснээр эцсийн бүтээгдэхүүн иргэдэд чанартай хүрнэ. Нэмж хэлэхэд Европ стандартыг өнгөц хараад  л шууд  нэвтрүүлэх гээд байгаа юм биш.

Барилгын үнэ чанартайгаа зохицсон байх ёстой

- Бондын хөрөнгөөр цементийн үйлдвэрүүд ашиглалтад орсон. Хичнээн үйлдвэр ашиглалтад орсон бэ?

- Цементийн үйлдвэр хэд хэд баригдсан. Дотооддоо цемент үйлдвэрлэж барилгын салбараа хангахад буруу зүйл байхгүй. Гол нь барилгын материалын үнийг бууруулж  эцсийн дүндээ барилгын үнийг бууруулах зорилготой.  Тэгэхээр барилгын үйлдвэрүүд энэ хүлээлтэд нийцэж ажиллах ёстой. Тиймээс Хятад улсын үйлдвэрүүдтэй өрсөлдөхүйц хэмжээгээр ажиллах шаардлагатай. Мэдээж энэ нь амаргүй зорилт. Анх байгуулагдаж байгаа үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлж болно. Алсдаа дэлхийн барилгын үйлдвэрүүдтэй үнэ болон чанараараа өрсөлддөг болох хэрэгтэй.

Алсдаа дэлхийн барилгын үйлдвэрүүдтэй үнэ болон чанараараа өрсөлддөг болох хэрэгтэй

- Барилгын салбарт төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ. Тэр дундаа барилгын компаниудад?

- Барилгын компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэх бэрхшээлтэй. Харин барилгын салбарт дангаар нь дэмжлэг өгч болно. Тухайлбал, ипотекийн зээлийг үргэлжлүүлж буй нь эцсийн дүндээ иргэдээ орон сууцжуулах зорилготой. Иргэдээ орон сууцжуулах нь барилгыг барьсан компаниудад дэмжлэг өгч байгаагийн илрэл. Зарим иргэд зөвхөн барилгын компаниудыг дэмжиж байна хэмээн ойлгодог. Иргэдийг орон сууцжуулж байгаа компаниудад дэмжлэг болвол сайн л байна.

Барилгын салбарт дангаар нь дэмжлэг өгч болно

- Барилгын салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татах  талаар хэвлэлд өгсөн ярилцлагаа та дурдсан. Тэгвэл гаднын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бий юу?

- Барилга барих хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татсан. Жишээ нь Москва хорооллыг Оросууд барилаа.  Мөн Солонгос, Хятадын компаниуд барьсан хэдэн хэдэн барилга бий. Харин цаашид барьсан барилгаа ашиглаад бизнес болгосон зүйл алга. Тиймээс энэ чиглэл рүү гаднын хөрөнгө оруулалтыг татмаар байна.

- Барилгын салбарт осол их гарах болсон. Осол гаргаж хариуцлага алдсан компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

- Та манай салбарыг бага зэрэг буруу талаас нь хараад байх шиг.

- Үгүй дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд барилгын осол нэмэгдсэн?

- Мэдээж барилгын салбарт осол эндэгдэл гарч байгаа нь буруу үзэгдэл. Би энэ талаар хариуцсан салбараа хамгаалахгүй. Харин хариуцлага тооцно. Бусад асуудлыг дэмжиж ажиллах ч хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан асуудалд өндөр хариуцлага хүлээлгэдэг болно. Осол авааргүй салбар болох ёстой. Барилгын салбарынхан ослыг бууруулах тал дээр өөрсдөө санаачилгатай ажиллах шаардлагтай байна.  Барилга гэдэг XXI зууны аж үйлдвэрийн үйл ажиллагаа юм.  Хариуцлагыг нэмэгдүүлэх  талаар журмыг удахгүй батална. Тиймээс XXI зууны ажлыг хариуцлага, чанараар гүйцэтгэх ёстой.

Би хариуцсан салбараа хамгаалахгүй

- Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж иргэд 10 хувиа төлөөд орон сууцтай болох боломж удахгүй бүрдэнэ. Хэзээнээс ажил эхлэх вэ. Иргэд маш их хүлээлттэй байна?

- Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид том нөхцлүүдийг эр зориг гаргаж өөрчлөх гэж байна. Үүнийг дагаад эдийн засгийн нарийн тооцоо хийгдэнэ. Миний хувьд том ололт. Учир нь санаачилсан ажлыг бусад хүмүүс дэмжихгүй байх тохиолдол байдаг.  Гол нь журамд л өөрчлөлт орно. Журамд өөрчлөлт оруулахын тулд бусад нөхцлүүдийг ч мөн өөрчилж таарна.  Манай яамнаас гаргасан орон сууцны найман хувийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийн буулгах саналыг Ерөнхий сайд дэмжиж, Сангийн яам, ХАХНХЯ-тай хамтран ажиллахыг үүрэг болгосон. Учир нь энэхүү саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй.Тиймээс Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сангаа санхүүжүүлж, бонд босгон, орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх юм. Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөөд орон сууцанд орох  боломж бүрдэх юм.   

Бид том нөхцлүүдийг эр зориг гаргаж өөрчлөх гэж байна

- Энэ асуудалд арилжааны банкуудтай хэрхэн уялдаж ажиллах вэ?

- Зээлийн 10 хувийг иргэн төлөөд, 20 хувьд нь төр баталгаа гарган өгч  иргэдэд үүсдэг дарамтыг арилгаж байгаа болохоос энэ нь бэлэг биш.  Тиймээс иргэн энэхүү 20 хувийн төлбөрөө зээл төлөх урт хугацаандаа шингээгээд төлөөд явна. Бид нэн түрүүнд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өргөн барьсан. Үүний зэрэгцээ энэхүү зээлийн үндсэн нөхцөлд өөрчлөлт орж байгаа болохоор санхүүгийн шинж чанартай олон зүйлийг эргэн тооцох шаардлага гарч байгаа. Тиймээс зээлийн хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд үүсч болох бүхий л асуудлыг Сангийн яам, Монгол банк, арилжааны банкууд хоорондоо ярилцаж байна.

- 20 хувийн урьдчилгааг урт хугацаанд нь шингээхээр сар бүр төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. Тэгэхээр иргэдийн цалин, орлогын хэмжээ хүрэхгүй болох юм биш үү?

- Энэ бол банкуудын тавьдаг зүй ёсны шаардлага юм. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй иргэнд зээл олгох тухай асуудал энд яригдаагүй. Харин урьдчилгаа 30 хувиа өнөөдөр шууд гаргаад төлчих боломжгүй ч урт хугацааны зээлээ бол төлөөд явах боломжтой иргэдэд уян хандаж, зээл олгох асуудал яригдаж байгаа юм. Түүнээс биш өнөөдөр тогтмол орлоготой бус, орлогын хэмжээ нь урт хугацааны зээлийн графикийн дагуу төлөх чадваргүй иргэдэд зээл олгохыг банкуудаас шаардаж болохгүй.

Зээлээ төлж чадахгүй иргэнд зээл олгох тухай асуудал энд яригдаагүй

- Хэзээнээс эхлэн хэрэгжиж эхлэх бол?

- Засгийн газарт хуулийн төслөө өргөн барьсан байгаа. Шийдвэрүүд нь шат шатандаа гараад явна. Үүнд хэдий хугацаа шаардагдах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

- Цаг гаргаж ярилцсанд тань баярлалаа. Ажлын амжилт хүсье?

- Баярлалаа.Танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.