m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.06 23:36
499
Х.Булгантуяа: Тоглоомын дүрэм нь тодорхой байвал монголчууд хэнийг сонгохоо сайн мэднэ

МАН-ын Намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан Нарийн бичгийн дарга Х.Булгантуяаг энэ удаагийн “Масс зочин” буландаа урьсан юм.

Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн.  Австрали Улсын Канберра хотын Лайнем дунд сургуульд бүрэн бус дунд сургуульд суралцаж, 1997 онд Монгол, Туркийн хамтарсан сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөн.   МУИС-ийн  Математик комьпютерийн сургуулийн хэрэглээний математикийн ангиас БНХАУ-ын  Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж, 2006 онд  эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг хамгаалсан.   2008 онд АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д  олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан ажээ.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны товч намтарыг харахад та баруун болон дорны боловсролыг эзэмшсэн хүн байна. Сургуулиас олж авсан хамгийн том олз гэвэл та юу хэлэх вэ?

-Олон жил эцэг, эхээсээ хол хүний нутагт байхад их зүйл сурдаг. Сурлага номдоо өөрийгөө дайчлах, санхүүгээ зохицуулах, эрүүл мэнддээ ахаарах гээд их биеэ дааж сурдаг. Сэтгэл зүйн хувьд ч хатуужилтай, хэрсүү байхыг өөрийн эрхгүй шаарддаг. Би багаасаа л онц сурдаг, урлаг уран сайханд дуртай, ангийн дарга идэвхтэй хүүхэд байсан. (инээв) Барууны боловсрол хүнийг нийгмийн хүн болгох дээр ихээхэн анхаарч үүрэг, хариуцлагыг эртнээс зааж сургадаг. Австрали улсад дунд сургууль дүүргэсэн маань нийгмийн идэвхитэй байхад бас их нөлөөлсөн. Иргэн болгон нийгмийн идэвхтэй, эх орныхоо хөгжлийн төлөө шүүмжлэх биш бодитой хувь нэмэр оруулснаар улс орон хөгждөг юм байна гэдгийг тэндээс их ойлгосон.   

Хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлдэг залуу хүмүүсийн оролцоогүйгээр Монгол Улсын хөгжлийг төсөөлөхийн аргагүй 

-МАН-ын 27-р Их хурлаар та намын нарийн бичгийн даргаар сонгогдсон. Анх энэ ажлыг аваад юу бодож төлөвлөсөн бэ?

-Монгол Улсын хувьд ардчилал харьцангуй залуу. Бид төр, засаглалын тогтолцоог улам боловсронгүй болгох, хууль эрх зүйн орчингоо сайжруулах, эдийн засгаа хурдацтай өсгөх, тулгамдаад буй нийгмийн олон асуудлуудаа шийдвэрлэх гээд хийх ажил их бий. Үүнд хүн бүрийн оролцоо чухал. Тэр тусмаа хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлдэг залуу хүмүүсийн оролцоогүйгээр Монгол Улсын хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн олон залуус өнөөдөр Монголын томоохон компанийн захирал, удирдах албан тушаалд ажиллаж байна. Энэ ч утгаар Монгол Ардын Нам залуу үеийнхнийгээ үнэлдэг, хөгжүүлдэг, өөрийгөө харуулах боломжийг олгож байгаа нь сайшаалттай.

-МАН-ын нийт гишүүд хэд вэ, залуу хүмүүс намд элсэхийг зөв зүйтэй зүйл гэж боддог уу?

-МАН-ын хувьд 220 мянга гаруй гишүүнтэй. Үүнээс гуравны нэг нь 35 доош насны залуучууд байдаг. Манай намыг ахмадууд л дэмждэг нам гэж хардаг байх. Ахмад үеийнхэн маань угаасаа намын ажилд идэвхтэй оролцдог. Гэхдээ залуучууд ч гэсэн өнөөдөр нийгмийн идэвхтэй байх юмсан, улс эх орныхоо хөгжилд улс төрийн намуудын түвшинд өөрийн гэсэн дуу хоолойгоо, оролцоогоо илэрхийлье гэж боддог болсон байна. Мөн түүнчлэн нийт гишүүдийн 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.

Улс төр буруу явбал улс орны хувьд ямар их хохиролтойг бид сүүлийн хэдэн жил тод томруун харж байна. Амьдралаа эхэлж байгаа залуучуудын хувьд ажил олдохгүй, банкнаас зээл авах гэхлээр бүтэхгүй гэх мэтчилэн олон бэрхшээл тулгарч байна. Иймээс ч улс төрийг зөв яваасай хэмээн залуу үеийнхэн маань дуу хоолойгоо илэрхийлж  байна.

Монгол Ардын Нам залуу үеийнхнийгээ үнэлдэг, хөгжүүлдэг, өөрийгөө харуулах боломжийг олгож байгаа нь сайшаалттай

-МАН-ын намаас шинээр гишүүн элсүүлэхэд ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

-Өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү дээ. Ялангуяа баруунд залуучууд нь хэд хэдэн төрлийн төрийн болон төрийн бус байгууллагын гишүүн байдаг. Нийгмээ сайн сайхан болгохын төлөө төр засаг юм хийх ёстой гээд хүлээгээд суухын аргагүй нийгэмд амьдарч байна.

МАН-ын хувьд 220 мянга гаруй гишүүнтэй

 Залуучууд маань би намын гишүүн гэхлээр үеийнхэн маань юу гэж харах бол гэж боддог. Гэтэл намд элссэнээр өөрийгөө сорих, хөгжүүлэх том боломж нээгддэг. Дэлхийн томоохон сургуулиудад элсэж ороход ч гэсэн нийгмийн идэвхтэй байна гэдэг том үзүүлэлт байдаг. Яагаад гэвэл тэд Монголын дараагийн лидер манай сургуулиар овоглоосой гэж хүсдэг. Миний хувьд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо (НАМЗХ)-нд орж байхад залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хараад өөрийгөө голж байсан. Үеийн залуучууд маань улс төр, нийгмийн идэвхтэй, мундаг боловролтой, томоохон компани удирддаг, үг хэл нь цэгцэрсэн байхыг хараад надад сурах зүйл их байна даа гэж өөрийн эрхгүй бодож байсан, Энэ боломжийг ч НАМЗХ өгсөн. Монгол Улсыг залуучуудын улс гэдэг ч залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тун цөөхөн. Тэр тусмаа 21 аймаг, есөн дүүрэгт тогтмол үйл ажиллагаа явуулдаг байгууллага цөөн. МАН-ын гишүүн болоход өөрийн хороо, багийн намын үүрт бүртгүүлдэг. Хэрэв залуучууд маань одоохондоо намын гишүүн болмооргүй байвал намын дэргэдэх НАМЗХ, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны гишүүн болж болно.  

Намд элссэнээр өөрийгөө сорих, хөгжүүлэх том боломж нээгддэг

-Орон нутагт намын ажил хэр явагдаж байна. Цаашдаа орон нутагт намын ажлыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын долоон тойрогт дахин сонгууль болж таван тойрогт МАН ялалт байгуулж, хоёр тойрогт нь бие даагч шалгарсан. Говьсүмбэр аймагт саяхан дөрвөн тойрогт дахин сонгууль болж, МАН-ын нам бүгдэд нь ялсан. Орхон аймагт хэд хэдэн багт багийн даргын сонгууль болж бүгдэд нь МАН ялсан гэх мэтчилэн сүүлийн сонгуулиудад МАН амжилттай оролцож байна. Ардчилсан намын дотоод зөрчил, дарангуйлал, эдийн засгийн буруу бодлого хэрээс хэтэрч жирийн иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа тул иргэд ийм сонголт хийж байна. Жирийн иргэд бүү хэл Ардчилсан намын гишүүд ч бухимдаж л байна шүү дээ. Монгол Улс хөгжихөд хүн бүр л үүнийг хүртэнэ, унахад хүн бүр л үүнийг мэдрэнэ. Тэгэхээр иргэдийн хувьд 2016 оны сонгуульд Ардын намыг ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх бол ямар хүмүүсийг “сойх” нь уу гэдгийг онцгойлон  харж байх шиг байна.

Жирийн иргэд бүү хэл Ардчилсан намын гишүүд ч бухимдаж л байна шүү дээ

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “МАН-ын хоёр удаа УИХ-н сонгуульд ялагдаж байсан. 1996, 2012 онд Ардын нам ялагдахад ард түмний эрх ашиг ялагддаг юм байна”  гэсэн. 1996-2000 оны хооронд зургаан хувийн өсөлттэй байсан эдийн засаг гурав дахин буурсан. Долларын ханш хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр яг энэ дүр зураг давтагдаж байна.  Эдийн засгийн өсөлт 17.6 хувь байсан бол 5-6 хувь руу орлоо. Долларын ханш 2000 дөхөж байна шүү дээ.

-Энэ ч хүрээнд МАН-ын шинэчил хийж ирэх сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Бид нар хэд хэдэн удаагийн судалгаа хийгээд харахад МАН-ын рейтинг, АН-ынхаас өндөр байна. Саяхан Ардчилсан намын баярын үеэр хүртэл залуучууд нь удирдлагууддаа бухимдаж, уриа лоозон барьж нам дотроо шинэчлэл хийж, дүр эсгэсэн биш жинхэнэ ардчилалтай байхыг шаардлаа. Баяраараа хүртэл бухимдалтай, тэмцэлтэй тэмдэглэж байнаа гэдэг бол эрх баригч нам их эвгүй байдалд байгаан шинж. МАН засагт хамтарснаас хойш намаас сонгогдсон сайд нар салбарынхаа ажлыг сайжруулахын төлөө шаргуу ажиллаж байна. Нөхцөл байдал гэхдээ амаргүй байна. Бид засагт хамтарснаар бодит дүр зургийг нь харж эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр хүртэл боловсруулж хэрэгжүүлэх гэж зүтгэж байна.  Монголын эдийн засаг ямар хүнд байдалтай байгааг жирийн иргэд битгий хэл УИХ гишүүдээс ч хүртэл нууж хуурч байсан байна. МАН шүүмжлэх гэж шүүмжлээд байна. Бид ажлаа сайн хийж байгаа гэж хичнээн удаа PR хийлээ. Гэтэл Монгол Улсыг, гол эрх барьж байсан АН-г гадаадууд ч муу ажиллаж байна гээд Монгол Улсын зээлжих зэрэглэл унасан. Шийдлийн Засгийн газар байгууллагдаад хамгийн том ажил нь төсвийн тодотгол байлаа. Уг ажилд МАН-аас сонгогдсон гишүүд, сайд нар манлайлан оролцлоо.

Иргэдийн хувьд 2016 оны сонгуульд Ардын намыг ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх бол ямар хүмүүсийг “сойх” нь уу гэдгийг онцгойлон  харж байх шиг байна

-Ирэх сонгуулийг МАН-ын хувьд ямар системээр явуулахыг дэмжиж байгаа вэ?

-Сонгууль болохоос өмнө тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн удаа ч бас л ийм асуудал гарч ирсэн. Сонгуулийн тухай хуулийг сонгуультай ойртуулан баталснаас болж сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн мэдлэг мэдээлэл дутуу байсан. Иргэдийн хувьд мэдэхгүй процесс, мэдэхгүй машинаар, мэдэхгүй хүмүүс сонгогдоод гараад ирж байгаа учраас төр засагтаа итгэх итгэл, хүндлэл нь буурдаг. Монголын ард түмэн “Төрийн минь сүлд ивээх болтгугай” хэмээн төр засагтаа сүсэглэн биширдэг байсан бол ийм хүндлэл өдрөөс өдөрт алга болж хэлэх хэлэхгүй үгээр шүүмжлэх боллоо. Үүний учир нь төрийн түшээдийг сонгож буй тогтолцоо буруу байгаа юм. Хар машин, жагсаалтыг сонгогчид ойлгохгүй байгаа. Энэ хүмүүс иргэдийн төлөөлөл юм бол бид нартай ирж уулзан, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэж байж энэ хүмүүсийг сонгох,  эсэхээ ярих ёстой гэдгийг иргэд ярьж байна. МАН-ын хувьд сонгуулийн систем, тогтолцооны асуудлаар ард түмний хэлэцүүлгийг явуулъя гэсэн ч Ардчилсан намын зүгээс дэмжсэнгүй. Өөрийн тань утаснаас өөр лүү чинь мессэж бичиж болж байхад бид өнөөдөр хар машинд итгэж чадах уу. Ард түмний саналыг зөв зүйтэй тоолж чадаж байна уу үгүй юу.  Бусад улс оронд бөөн будилаан үүсгэсэн хар машинаар бид будлиангүй сонгууль явуулна гэж итгэхэд бэрх л байна.

Сонгууль болохоос өмнө тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй

-Улс төрд хүйсийн ялгаа хэр их нөлөөтэй вэ?

-Эрэгтэй, эмэгтэй гэхээсээ илүү энэ хүн бид нарын төлөөлөл байж чадах уу гэдэг нь чухал байх. Эрэгтэй гишүүдээс илүү ажил хэрэгч эмэгтэй гишүүд байна. Олон нийтэд танигдаж, олон асуудал шийдүүлэхийн тулд ажиллаж байна. МАН-ын дүрмэнд бүх шатандаа сонгогдох болон томилогдох хүмүүсийн 25 хувийг эмэгтэй хүн байхаар квотолж өгч чадсан нам. Сонгуулийн тухай хуулинд дор хаяж 30 хувь нь эмэгтэйчүүд байх санал байгаа. Хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа учир төлөөлөл ч УИХ-д байх ёстой. Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн олон асуудлыг намын дэргэдэх холбоо,  УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг ч шийддэггүй. Монгол Улсын бүхий л салбарын бодлогод нь эмэгтэйтэйчүүдийн асуудал орж байх ёстой. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 15 мянга орчим эмэгтэйчүүдийг хамарсан 21 аймаг, есөн дүүрэгт судалгаа хийсэн. Уг судалгааг танилцуулахад үнэхээр зүрх шимширмээр дүр зураг гарсан.  Эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь өнөөдөр ажил амьдралдаа сэтгэл дундуур гэж хариулсан өрхийн орлого нь 700 мянган төгрөг хүрдэггүй гэж олон хүн хариулжээ.  

Өөрийн тань утаснаас өөр лүү чинь мессэж бичиж болж байхад бид өнөөдөр хар машинд итгэж чадах уу

-Та энэ албаа үргэлжлүүлэн хаших уу. Аль эсвэл ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Намын ажил гэдэг бол амаргүй ажил байдаг. Гэр орныхоо амьдралыг хойш нь тавиад нийгэм, улс төрд зүтгэдэг. Манай намын хувьд 2016 оны сонгуульд ямар бүрэлдэхүүнтэй оролцох эсэхээ бага хурлаараа шийддэг. Хэрвээ намын хамт олон итгэл үзүүлж, ачааны булангаас чирч хамт зүтгэх ёстой гэж үзвэл хойшоо суух хэцүү байх. Улс төр амаргүй ажил 40 хүрэхээсээ өмнө олон ажил амжуулахыг  боддог. Ахиад  хоёр хүүхэд гаргахсан ч гэж бодож байна. Энэ бүгдийг амжуулна гэдэг амаргүй. Гэхдээ намын ажил сайхан, олон хүмүүс Монгол Улсынхаа төлөө зүрх нь цохилж байгааг харахад бахдалтай байдаг, амаргүй ч ажил минь их том зүйлд их том хувь нэмэр оруулж байгаад урамшдаг.

Манай намын хувьд 2016 оны сонгуульд ямар бүрэлдэхүүнтэй оролцох эсэхээ бага хурлаараа шийддэг

МАН-ын хувьд Засагтай хамтрах амаргүй шийдвэр гаргасан. Ардчилсан нам харамсалтай нь өөрсдөө эхлээд дотроо “хамтрах” хэрэгтэй байна. Шинэчлэлийн засгийн газар нь шившигийн засгийн газар болсон. Одоо шийдлийн засгийн газар нь хамгийн эхний том шийдвэр болох Таван Толгой дээрээ шийдлээ ч гаргаж чадахгүй болохоор хүмүүс итгэх итгэл нь бас л байхгүй болж байна.

-Намын ажил бол амаргүй. Энэ бүгдийг гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авдаг вэ, гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний нөхөр Япон, Австрали улсад олон улсын харилцаа, худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Одоо хувийн хэвшилд ажилладаг. Миний хамгийн том зөвлөхдөө. Заримдаа шийдвэрлэж чадахгүй өөрөө гацаанд орсон үед нөхөртэйгээ зөвлөлдөж, хамтдаа гарцыг харах хүнтэй байна гэдэг сайхан. Нөхөр маань том дүр зургийг хар битгий жижигхэн зүйлд ач холбогдол өгөхгүй байхыг зөвлөдөг.  Том хүүхэд маань удахгүй есөн нас хүрнэ. Бага маань гурван настай. Намын баяраар хүүгийн маань төрсөн өдөр болдог. Хамгийн хэцүү нь ээж нь намын баяраар ажилтай таардаг. Хүүхдүүддээ цаг зав төдийлэн гаргаж чадахгүй байгаад харамсдаг. Хүүхдүүдийн маань хөөрхөн үе ингээд л өнгөрчих вий гэж. Гэхдээ нөхөр маань, ээж аав нар маань ч дэмжиж байгааг харахад миний ажил хөнгөн мэт санагддаг шүү.

Ардчилсан нам харамсалтай нь өөрсдөө эхлээд дотроо “хамтрах” хэрэгтэй байна

-Таныг анзаараад байхад хүүхдүүдийнхээ тухай ярихдаа өөрийн бага насаа нүдэндээ харах шиг боллоо?

-Тэгсээн, тэгсэн. Бага байхад ээж минь бид нарын гэрийн даалгаварыг  шалгадаг. Аав маань бидэнд орос номнууд уншиж өгдөг байлаа. Хүн хэзээ ч сонсоогүй, хараагүй юм аа мөрөөддөггүй. Аав ээж маань мөрөөдлийг минь өгч, биелүүлэх замыг заасан гэж би боддог. Манай ээж Австралийн үндэсний их сургуульд магистер хамгаалсан. Ээжийгээ энэ сургуульд сурч байхад номын санд нь орой болгон суудаг байлаа. Энэ сургуулиас маш том номын сантай сургуульд сурна даа гэсэн мөрөөдөлтэй болсон. Энэ л мөрөөдлөөрөө би дэлхийн топ таван сургуулийн нэг болох Ейлийн их сургуульд орохоор болсон. Одоо ингээд харахад хүний амьдралд эцэг, эхийн оролцоо хүмүүжил ямар чухал байдаг юм бэ гэж боддог. Анх намайг улс төрд идэвхтэй оролцоход аав маань төдийлөн дэмждэггүй байсан. Хүн охиноо улстөрч болгоно гэж боддоггүй байх. Харин сайн хань, ээж болоосой гэж хүсдэг байх. Тулах цэгтэй байна гэдэг хүний амжилтын үндэс байдаг. Миний хамгийн том тулах цэг бол миний ээж, аав, хань маань. Тулах цэг нь тогтвортой байгаа цагт өөрөө тогтвортой хүчтэй байна.

Заримдаа шийдвэрлэж чадахгүй өөрөө гацаанд орсон үед нөхөртэйгээ зөвлөлдөж, хамтдаа гарцыг харах хүнтэй байна гэдэг сайхан

-Улстөрчдөөс хэнийг хүндэлдэг вэ?

-Манай сургуулийг төгссөн Билл Клинтон, Хиллари Клинтон хоёрыг хүндэлдэг. Одоо цагт нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа хүчтэй байна гэдэг бол ховорхон тохиолдол. Ихэнх тохиолдол хэн нэг нь хойшоо суудаг. Улс төрийн хүчирхэг эрчүүдийн гэргий нарыг харж байхад ямар ч улстөрчдөөс дутуугүй мундаг хүүхнүүд байдаг. Ямар үг хэлэх вэ гэдгийг ч зөвлөдөг. Амеркчууд Билл Клинтонг сонгож байгаа ч гэсэн Хиллари Клинтонг бэлгэнд авч байгаа шүү гэдэг. Нам дотроосоо бусдаас илүү манлайж чадаж байгаа М.Энхболд, У.Хүрэлсүх даргыг мундаг удирдагч гэж хардаг. Мөнхөө гуайг их бас их хүндэлдэг. Ийм эмэгтэйчүүд Монголын улс төрд олон гарч ирээсэй гэж боддог.

Анх намайг улс төрд идэвхтэй оролцоход аав маань төдийлөн дэмждэггүй байсан

-Таны ширээний ном ямар ном бэ?

-Би олон янзын ном унших дуртай. Уран зохиолын ном их унших дуртай. Ид шидийн үлгэрийн ном унших дуртай. Ийм төрлийн ном уншихад өөр ертөнцөд амьдарч байгаа юм шиг санагддаг. Түүнчлэн өөр өөрийгөө хөгжүүлэхэд суралцах ном уншдаг.

Таны ажилд амжилт хүсье. Эх орноо хөгжүүлэх их үйлст тань улам их амжилт хүсье.