m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.29 11:16
261
Жим Моррисон хувийн хүсэл сонирхолтойгоо зөрчилдөж байж од болсон

Жим Моррисоны амьдрал уран бүтээл бүхэлдээ 1960-аад оныхны, "эцэг эхтэйгээ тэрсэлдэгчид"-ийн нийтлэг дүр төрхийг агуулж байлаа. Тэр, Вьетнамын дайн, хөрөнгөт ертөнцийн бурангуйг эсэргүүцэгч америкийн залуучуудын бүхэл бүтэн үеийн төлөөлөгч болон "Doors" хамтлагийг байгуулж, түүнийхээ гол имиж, ертөнцийг үзэх үзлийг бий болгосон юм. Сонирхолтой нь залуу үеийнхний эсэргүүцэл нь гадаад байдлаараа биш, өөрсдийн сэтгэл оюун, сэтгэхүйн үйлдлээрээ "ухамсараа тэлж" өөрсдийгөө илэрхийлж байлаа.

Жим Моррисон хувийн хүсэл сонирхолтойгоо зөрчилдөж байж од болсон аж. Түүнийг зоригжуулагч гол хүч нь үзэгчидтэй өвөрмөцөөр харилцах туршилт болсон түүний тоглолтууд нь байлаа. "Дорз" хамтлагийн уран бүтээл, ийм туршилтуудын муугүй жишээ болсон юм.

Жеймс Дуглас Моррисон 1943 оны арванхоёрдугаар сарын 8-нд Флорида мужийн Мельбурн хотод тэнгисийн цэргийн офицер Жорж С. Моррисоны гэр бүлд мэндэлжээ.

"Doors" хамтлагийг байгуулж, түүнийхээ гол имиж, ертөнцийг үзэх үзлийг бий болгосон юм
 

Моррисоны гэр бүл, жирийн нэг цэргийн албан хаагчийн, хангамж сайтай, байнга нэг газраас нөгөөд нүүдлэж байдаг тийм л айл байв. Жим жаргалтай бага насаа АНУ-ын 3, 4 хотод өнгөрүүлжээ. Нэг удаа тэднийхнийг нүүж явтал хүүгийн нүдэнд сэтгэл сэрдхийлгэсэн нэгэн зүйл харагдсан нь аймшигт ослын дүр зураг байв. Индиан илчдыг зөөж явсан машин өөр нэгэн машинтай мөргөлдсөнөөс энд тэндгүй цусанд хутгалдсан үхдэлүүд тарсан байжээ. Тэр үеэ Жим эргэн санаж: "Тэдгээр үхсэн Индианчуудын сүнснүүд намайг тойрон эргэлдэж байснаа гэнэт миний сэтгэл зүрх рүү харван орцгоосон. Би яг л соронзон адил, тэр бүгдийг өөртөө татаж, шингээсэн" гэж ярьж байлаа. Энэ явдал түүний сэтгэлд гүн шингэж, гутранги үзлийнх нь гол шалтгаан болсон нь эргэлзээгүй гэдэг. Гутранги үзэл нь түүний уран бүтээлийн салшгvй нэг хэсэг байлаа.

Энэ явдал түүний сэтгэлд гүн шингэж, гутранги үзлийнх нь гол шалтгаан болсон нь эргэлзээгүй гэдэг
 

Хоёр дахь гол шалтгаан нь түүний гэр бүлийн харьцаа байв. Жимийн эцэг эх дэндүү хатуу хахираараа онцгой байжээ. Түүнийг 15 настай байхад тэднийх Вашингтонд ирж, Жим ч Вашингтоны нэртэй сургуульд гурван жил суралцсан байна. Жим 1961 онд сургуулиа сайн төгссөн ч эцэг эх нь хүүгээ залхуу байна, авьяастай хэрнээ сурах дургүй байна хэмээн үглэх болжээ. Бараг л бүх өсвөр үеийнхний адилаар Жим эцэг эхтэйгээ зөрчилт харьцаатай байв. Ээж Клара нь түүний үс засалт хувцаслалтаас болж байнга хэрүүл дэгдээдэг байсан бол эцэг нь гэртээ бараг тогтдоггүй нэгэн байжээ. Гэсэн ч тэр өө шалтаг хайхдаа эхээс нь ер дутдаггүй байсан гэнэ. Жим чөлөөт цагаа гэртээ өнгөрүүлэх дургүй болж, ихэнхдээ зоогийн газар оройжин суудаг болсон байв.

Орчин тойрныхоо харьцаанаас аливаад үл итгэх үзэл нь улам газар авч, Жимийн уран бүтээлд гүнзгий шингэсэн 
 

Гэхдээ л эцэг эхийнхээ ачаар Жим, 1964 онд Калифорнийн их сургуулийн театр урлагийн факультетэд оржээ.
Орчин тойрныхоо харьцаанаас аливаад үл итгэх үзэл нь улам газар авч, Жимийн уран бүтээлд гүнзгий шингэсэн юм. Калифорнийн их сургуульд, сурлагаараа бусдаас ялгардаггүй ч, хичээл бүр нь Жимийн оюун сэтгэлгээнд үйлчилсээр байлаа.

Ахлах курстээ Жим, эцэг эхтэйгээ бүрэн зөрчилдөж тэр ч бүү хэл тэдний илгээсэн мөнгөн гуйвуулгын чекийг шатааж байжээ.
Жимийн өөрийнх нь хэлснээр, тэр 1965 оны зунаас дуу зохиож чадахаа мэдэрч, рок хамтлаг байгуулах хүсэлдээ автаж эхэлсэн байна. Шүлгийг бол бүр дунд сургуулийн ахлах ангид байхаасаа л бичиж эхэлсэн аж. Бусдын дүгнэлтээр шүлэгнүүд нь муугүй гэгддэг байлаа. Тэр үед Жим олон дэвтэр шүлэг бичсэн ч харамсалтай нь хадгалагдаж үлдээгүй гэдэг. Үүнээс гадна тэр гүн ухаан, нийгмийн сэтгэл зүйг судлаж олон нийттэй харьцах хамгийн эвтэйхэн хэлбэр бол рок хөгжим хэмээн үзэж байжээ. Хамтлагаа өөрийн дуртай зохиолч Олдос Хакслийн дурсгалд зориулж "Doors" (Хаалганууд) гэж нэрлэсэн байна. Нэрний учир нь, ертөнц эдгээр хаалгануудаар залгагддаг, хүмүүсийн ертөнц, хаалга, бодлын ертөнц, хаалга... гээд. Энэ нь хөгжимчид нэг хаалганаас нөгөөд, нэг ертөнцөөс нөгөөд нэвтрэн орно гэсэн үг байлаа. Энэ нэр нь сэтгэл зүйн (психоделик) чиг урсгалын хамтлагт тун тохирч байсан юм.

Хамтлагаа өөрийн дуртай зохиолч Олдос Хакслийн дурсгалд зориулж "Doors" (Хаалганууд) гэж нэрлэсэн



Жим Моррисоны хамтлагийн анхны гишүүн нь түүний нэг ангийн оюутан Реймонд Дэниел Манзарек байлаа. “Тэр үед бид сэтгэлзүйн их бэлтгэлтэй, бидний оюун сэтгэлгээний хаалга нээлттэй байсан. Хөгжмийг бид, хүн бүр бурхны хутгыг олно гэсэн "өөрсдөө" гэдэг шинэ шашны гол зэвсэг гэж vзэж байлаа" хэмээн Манзарек ярьсан байв. Рей Манзарек, Жим Моррисон нар нэг хэсэг хоёулахнаа бэлтгэл хийж байгаад удалгүй Манзарекийн ах нартай нийлж урын сангаа бэлдэж эхэлсэн байна. Рик Манзарек төгөлдөр хуураар, харин Жим Манзарек нь гитар тоглодог байлаа. Тэд бөмбөр болоод гитарыг, хөгжимчид урин тоглуулдаг байжээ. Хожим нь Рей Манзарек бөмбөрчин Жон Дэнсмор, гитарчин Робби Кригер нартай танилцаж, "Дорз" хамтлагийнхаа байнгын гишүүн болгосон байв.

Хамтлагийн гурван гишүүний оюун сэтгэлгээний нэгдмэл байдал дээр Моррисоны авьяас нэмэгдсэн нь хамтлагийг урьд өмнө нь байгаагүй их нэр алдарт хүрсэн

 

Хамтлагийн гурван гишүүний оюун сэтгэлгээний нэгдмэл байдал дээр Моррисоны авьяас нэмэгдсэн нь хамтлагийг урьд өмнө нь байгаагүй их нэр алдарт хүрэхэд нь гол түлхэц болсон байна. Хэсэг хугацаанд хөгжимчид янз бүрийн клубүүдэд тоглох, бусад хамтлагийн халаалтанд гарах зэргээр ажиллах болсон байлаа. Жим Моррисон ч дуулах болоод зохиож туурвих туршлагаа хуримтлуулж эхэлжээ. Ирээдүйн амжилтынх нь эхлэл "Whiskey-A-Go-Go" клубт хийсэн тоглолт нь байлаа.



Жим Моррисон "The End" (Төгсгөл) дууныхаа дунд туршилт хийн хэдэн зүйл хэлэхдээ "fuck" гэдэг үг хавчуулчихжээ. Тэр үед ийм явдал гардаггүй байж. Бөөн шуугиан дэгдэж, үзэгчид ч яахаа мэдэхгүй алмайрцгаан, хөгжимчдийг клубээс маш хурдан хөөн гаргасан гэдэг. Гэвч тоглолтыг нь үзэж суусан "Elektra" фирмийнхэн Жим Моррисоныг анхааралдаа авч дараа нь энэ шинэ хамтлагийнхантай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гэрээ ёсоор "The Doors" гэдэг анхныхаа цомгийг тэд 1966 оны есдүгээр сараас 1967 оны нэгдүгээр cap хүртэл Лос-Анжелест бичүүлжээ. Энэ цомогт нь хүнийг эрсдэлтэй алхам руу өдөөн хатгасан аюул занал бидний амьдралд байнга тохиолдож байдаг гэсэн этгээд санааг илэрхийлсэн байлаа. "Эрх чөлөөтэй байна гэдэг, өөрийгөө эвдэх хэрэгтэй боллоо гэсэн vг" хэмээн Жим Моррисон батлан хэлсэн нь түүний амьдралын итгэл үнэмшил нь байсан юм. Дуулсан бүрийгээ тэр амьдрал дээр хэрэгжүүлдэг байлаа.

"Эрх чөлөөтэй байна гэдэг, өөрийгөө эвдэх хэрэгтэй боллоо гэсэн vг" хэмээн Жим Моррисон батлан хэлсэн



Сонирхолтой тэгээд бас гол чухал зүйл нь Жим Моррисон өөрийн санаа бодлоор хамтлагийнхаа уран бүтээлийн эрч хүчийг язгаарлаж байгаагүй ажээ. Шагналаа дөрвөн хэсэг чамбай хувааж, хуваарилдаг байж.

"Light my fire" (Миний галыг асаа) дуу нь одоо болтол "Дорз" хамтлагийн хамгийн шилдэг бүтээл, 60-аад оны Америкийн сэтгэл зүйн хөгжмийн өвөрмөц нэгэн бэлгэдэл болсоор ирсэн юм. Энэ дууг Моррисон биш харин Робби Кригер зохиож, Жим зөвхөн гол санааг нь гаргаж, үгийг хянасан үүрэг гvйцэтгэжээ.

Хэрвээ анхны цомог нь шуудхан тодорхойлчихож болохоор, олныг цочирдуулсан бүтээл болсон бол, удаах цомог нь хэсэгхэн хугацаанд л дуулиан дэгдээсэн жирийн нэг цомог болсон байлаа. Ийм байдалд хүрсний учир нь Жим Моррисон "Бодит үнэний хилийг дэндүү гүн нэвтэрч" архи, хар тамхинд их орсонтой нь холбоотой байж болох юм. Гэсэн хэдий ч энэ цомог хитүүдийг тэргүүлж, "Дорз" ч бараг зогсолтгүй аялан тоглолт хийж эхэлжээ. Тоглолтууд маш амжилттай болж, Моррисон ч тоглолт бүр дээр өөрийнхөө үзүүлбэрээр үзэгчдийг цочирдуулж байв. Тэр олсоор авирч байгаа юм шиг л хөшиг рүү авирч, тайзны ирмэгээр явж, тэнцвэр алдан үзэгчид дээр унаж, дуулж байснаа гэнэт зогсон хэзээ чимээ аниргүй болтол нь дуугүй хүлээдэг байлаа. Нэг удаа дөрвөн минут чимээгүй зогссоны эцэст Жим юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн дуулж эхэлсэн байна.

"Elektra” компани 1970 онд "Дорз" хамтлагтай гэрээ байгуулахдаа, тэднийг орлогын эх үүсвэр гэж үзэж байснаас биш ахлагчийнх нь талаар хэн нь ч бодож үзээгүй байна. Гэлээ ч хамтлаг сүүлийнхээ жилүүдэд "Morrison Hotel"-1970, "L.A.Woman"- 1971 гэсэн хоёр гайгүй цомог гаргасанд нь сонирхолтой дуунууд цөөнгүй орсон байв. Үүний дараа Жим Моррисон уран бүтээлийн мухардлаас гарах гэж шийдвэртэй алхам хийжээ. 

1971 оны долдугаар сарын 3-нд өглөөний 5 цагийн үед Жим Моррисон нас баржээ
 

Жим Моррисон 1971 оны гуравдугаар сард хамтлагаа орхин найз бүсгүй Памела Карсоны хамт, цаг үргэлж уран бүтээлийн хот гэгддэг Парижийг зорьсон байна. Цөхрөнгөө барсан энэ шийдвэрийн улмаас Жим бүх л найз нөхөд, танилуудаасаа алсад таслагдсан юм. Ядаж эрүүл мэнд нь ч сайнгүй байлаа. Парижид тэр юу ч хийсэнгүй, шүлэг бичихээ ч больсон байна. Ингээд 1971 оны долдугаар сарын 3-нд өглөөний 5 цагийн үед Жим Моррисон нас баржээ. Бүр шөнө нь тэр угаалгынхаа өрөөнд судсаа ханахаар оролдож эхэлсэн гэдэг. Айж тvгшсэн Памела Карсон түүн дээр очсон боловч түүнийг тайтгаруулж буцаан явуулсан байна. Өөрт нь аятайхан байх тэр бүхэнд Жим итгэдэг байжээ. Памела ч унтаж. Гэвч өглөө нь тэр угаалгын өрөөнд Жимийн цогцос аль хэдийнэ хөрсөн байхыг мэджээ. Цагдаагийнхан 27 настай Жим Моррисоныг гадны нөлөөгүй, зүрхний өвчний улмаас нас эцэслэснийг тогтоосон байна. Жим Моррисоныг долдугаар сарын 7-нд нь Парижийн Пер-Лашезэд оршуулжээ. Хэдийгээр ийм юм болсон ч хэвлэлүүд Жим Моррисоныг үхээгvй, амьдарсаар, дуугаа зохиосоор байгаа мэтээр бичицгээж байлаа.

"Doors" хамтлагийн үлдсэн гишүүд болох даралтат хөгжимчин Рей Манзарек, бөмбөрчин Жон Дэнсмор, гитарчин Робби Кригер нар хоёр ч цомог гаргасан боловч Жим Моррисонтой байсан тэр үеийн амжилтуудыг давтаж чадаагүй юм.