Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл наадмын бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Төв цэнгэлдэх, сур, шагайн харвааны талбайн засварын ажилтай танилцсан юм. Мөн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, захирагчийн ажлын албаны төлөөллүүд наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Наадмын бэлтгэл ажлын явц 80 хувьтай явж байна гэж ажил гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл мэдэгдлээ. Иргэдийн санаа зовж байсан асуудал нь хиймэл зүлэг. Хөлбөмбөгийн хоёрдугаар зэрэглэлийн Голланд зүлгийг Төв цэнгэлдэх талбайд дэвссэн байна. Ингэснээр спортын бүхий л арга хэмжээ зохион байгуулж болно хэмээн мэргэжилтнүүд хэлсэн бөгөөд бөх барилдахад хальтрахгүй гэнэ.
Шадар сайд У.Хүрэлсүх
Жилд ганц удаа болдог үндэсний баяр наадмыг сайхан тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд хэрэгтэй, эх орноо сурталчлах цаг үе шүү дээ. Монгол ахуйг харуулсан олон үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Энэ үүргийг цагдаагийн байгууллага амжилттай зохион байгуулсаар ирсэн. Үндэсний баяр наадмын үеэр гадаад дуучин, хөгжимчдийг оролцуулахгүй. Үндэсний баяр наадам бол зөвхөн өөрсдийн өв соёл, ёс уламжлалыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх ёстой. Сэргээшийн асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Хэрвээ бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг хурааж, барилдах эрхийг хасах хүртэлх арга хэмжээг авна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн
Энэ жил 500 орчим аж ахуй нэгж, иргэд үйл ажиллагаа явуулна. Төв цэнгэлдэхийг тойрсон үйлчилгээний газрууд газ хэрэглэхээр болсон. Газ ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран аж ахуй нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Дүүргүүдэд хуушуурын худалдаа гарна. Наадмын үеэр малын худалдаа их гардаг. Тийм учраас Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргүүдэд мал худалдаалах тусгай цэгийг гаргаж байгаа.
Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат
Энхтайваны өргөн чөлөө нээгдмэгц туршилтын журмаар угсраа автобусыг явуулж эхэлнэ. Райлбус наадмын өдрүүдэд өнгөрөгч жилийн адил хуваарийн дагуу өдөрт 3-4 удаа Монгол наадам цогцолбор луу явна. Мөн Нарантуул болон Мишээл экспо төвүүдээс автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ.
Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа
Энэ жилийн хувьд 850 аж ахуй нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулна. Хуучин аж ахуй нэгжид зөвшөөрөл өгдөг байсан бол энэ жил иргэнд өгч байгаа. Хүй долоон худагт хоёр дүүрэг худалдаа үйлчилгээг зохион байгуулна. Мөн баяр наадмын өдрүүдэд Монгол хуушуурын фестиваль болно. Хуушуурын үнийг 800-1000 төгрөгний хооронд барих төлөвлөгөөтэй байгаа. Хуушуурыг гялгар уутанд биш цаасан уутанд савлаж өгнө.