m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.15 05:28
142
Д.Дэлгэрбат: Ойн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

Нийслэлийн төвийн дүүргийн нэг болох Баянгол дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Дүүргийн удирдлагуудын зүгээс ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулсаар байна. Энэ талаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбаттай ярилцлаа. 

-Баянгол дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?

     -2015 онд Баянгол дүүргийн маань түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд бид иргэдтэйгээ хамтарч өнгөрсөн 50 жилийнхээ ололт амжилтыг дүгнэж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөхөд чиглэсэн олон арга хэмжээг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн иргэдийнхээ дунд соёл урлагийн болон спортын олон арга хэмжээг зохион байгуулаад байна.

        Ойн баярын арга хэмжээг 7 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд Баянгол дүүрэгтээ болон Хүй долоон хутагт зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар паласын их танхимд иргэдтэйгээ хамтарсан баярын хурал, орой нь хүүхэд залуучуудад зориулсан баярын парад,  шоу тоглолтыг зохион байгуулна. Харин 7 дугаар сарын 18-нд Хүй долоон худагт “Найрсаг Баянгол” фестивалийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

     Эдгээр ажлуудаас гадна ойн хүрээнд дүүргийнхээ өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр зорьж, төлөвлөж, хэрэгжүүлж ажиллаж байна.

   Ер нь 2015 онд гэлтгүй 2013, 2014 онд Баянгол дүүрэг 50 жилээрээ тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэсэн байх зорилтыг тавьж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж ирсэн. Баянгол дүүрэгт 2013 онд 103, 2014 онд 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 2015 онд ч мөн 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар шийдэж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид дүүрэгтэйгээ хамтарч хийж байгаа.

    Эдгээр  хөрөнгө оруулалтаар эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарт бүтээн байгуулалт хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорьж ажиллаж  байна.

-Тухайлбал дээрх хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт ямар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийв?

     -Сүүлийн 3, 4 жилийн хугацаанд Баянгол дүүрэгт эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Тийм ч учраас өнөөдрийн дүүргийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ шинэ шатанд гарч чадсан.

   2013 онд 35 ортой “Эмүүжин” хүүхдийн эмнэлгийг барьж, Баянгол дүүрэг анх удаа хүүхдийн эмнэлгээ ашиглалтад оруулж байсан бол 2014 онд өдөрт 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 100 ортой Эрүүл мэндийн төвийн шинэ байрыг ашиглалтад оруулсан. Энэ бүтээн байгуулалт нь Нийслэлийн тухайн жилийн шилдэг бүтээн байгуулалт болж чадсаныг манай иргэд санаж байгаа байх.

     2015 онд бид 50 ортой хүүхдийн эмнэлэг, 50 ортой ахмадын нөхөн сэргээх сувилалын төв бүхий 6 давхар барилгыг энэ оны эцэст ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн төвийн хуучин барилга буюу 7 дугаар төвийн барилгыг иж бүрэн засаж, тохижуулан хүүхдийн эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн төвийг байгуулахаар ажлаа эхлүүлээд байна.

     Эдгээр бүтээн байгуулалтууд хийгдсэнээр Баянгол дүүрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, иргэдийнхээ эрүүүл мэндийн асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэж чадах юм.

    Мөн боловсролын салбрын хүрээнд цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс зам харилцаагаа шинэчлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байна.

-Эдгээр бүтээн байгуулалтын ажилд иргэд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна, хэр сэтгэл ханамжтай байна вэ?

    -Бид 2012 оны Орон нутгийн сонгуулиар олонх болж Баянгол дүүргийг хүлээж авснаас хойш иргэний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцоотой төсвөө баталж байх, тэдний санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа.

    Жил бүрийн 2 дугаар улиралд багтаан Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс авах, авсан саналыг Иргэдийн нийтийн хурлаар оруулж эрэмбэлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажилладаг.  

    Хороо дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг тухайн газар амьдарч байгаа иргэд илүү сайн мэддэг учраас бид иргэдийнхээ санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусгахад онцгой анхаарч ажиллаж байгаа.

     Өнгөрсөн хугацаанд иргэдийн хамгийн их ирүүлсэн саналд үндэслэж олон ажлыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж хийсэн. Тодруулбал 2013, 2014 онд дүүргийнхээ 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороо буюу гэр хорооллынхоо гэрэлтүүлгийн асуудлыг 100 хувь шийдвэрлэсэн. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд эдгээр гэр хорооллын төв болон туслах замын гэрэлтүүлгэд зориулж 2300 ширхэг гэрлийн шинэ шонг босгож ашиглалтад оруулаад байна. Эдгээр гэрлүүд бүгд автомат удирдлагын системд холбогдсон байгаа.

   Мөн 120 гаруй орон сууцны дээврийн засварын ажлыг 4 тэрбум төгрөгийн өртгөөр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэснээс гадна 160 гаруй орцны цахилгаан шат болон орон сууцны хаалгыг шинэчлэх, электрон цоож суулгах, орон сууцны хорооллын гудамж талбайг камержуулах зэрэг иргэдийн тавьсан саналыг шийдвэрлэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

  Түүнчлэн иргэдийн өмнө хамгийн их тулгамдаад байсан хог хаягдлын асуудлыг энэ хугацаанд бүрэн шийдвэрлэж чадсан. Бид “Баянгол шинэ өргөө” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр байгуулж, оффис, гарааш, техник хэрэгсэл гээд бүхий л материаллаг баазаар нь хангаж, хогны төлбөр, хураамжийн системийг шинэчилж, санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргаж хур хогноосоо салсан. Эдгээр ажилд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оныг “Хүүхэд, гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

    -Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр тодорхой нэг чиглэлийн үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилт тавин ажилладаг. Энэ ажлын хүрээнд 2015 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ утгаараа 2015 онд хүүхэд залуучууд, залуу гэр бүлүүд рүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөөд, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байна. Хүүхэд, гэр бүлийн асуудалтай холбоотой хэлтэс, албадууд ч тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

    Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудыг энэ салбарт чиглүүлэн ажиллаж байна. Тухайлбал Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дүүргийн Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү цогцолбор баригдсанаар дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах спортын бүхий л арга хэмжээ, дугуйлан, секц, тэмцээн уралдааны бэлтгэл зэргийг хийх боломжтой болж байгаа юм.

   Мөн 2015 онд хүүхдийн номын сантай, төрөл бүрийн дугуйлан, секц хичээллэх танхимтай, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн “Хүүхэд залуучуудын ордон”-г ашиглалтад оруулна. Түүнчлэн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”, “Баянгол-Хүүхдийн зуслан”-г ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг зуслан нь байгалийн үзэсгэлэнт газар Тэрэлжид байрлах бөгөөд өвөл, зунгүй дүүргийнхээ хүүхэд, залуучуудыг хүлээн авах боломжтойгоороо давуу талтай байгаа.

-Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

      -2012 оны Орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн Ардчилсан нам “Шинэчлэх үү Баянголчууд аа” гэсэн уриаг дэвшүүлж оролцсон. Ажлаа хүлээж авсны дараа энэхүү шинэчлэл, өөрчлөлтийг бид өөрсдөөсөө буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанаас эхлүүлсэн. Харин өнөөдөр хөдөө орон нутгийн аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан манай дүүрэгт ирж туршлага судалдаг болсон байна. Үүнд би маш их баяртай байгаа.

     Өмнө нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жилд 2-3 удаа л хуралддаг байсан бол бид 2013 оноос эхлээд сар бүр хуралддаг болж, дэгдээ өөрчлөлт оруулсан. Ингэснээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд төлөөлөгчдийн санаа бодлыг тусгаж, хийсэн ажлаа сар, улирлаар нь танилцуулж тайлагнадаг болсон.

     Мөн хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүднээс тодорхой алхмуудыг хийсэн. 2013, 2014 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг За, ETV телевизээр шууд дамжуулж ажилласан. 2015 онд шинэ барилгын асуудлаас шалтгаалан түр завсарлаад байна. 2016 оноос энэ үйл ажиллагаа маань үргэлжилнэ.

    Мөн бид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Иргэний танхимыг байгуулсан. Иргэний танхим маань дүүргийн 23 хороонд салбараа байгуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, хурлаас гаргах шийдвэрүүдэд иргэдийн саналыг авах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид маань жилд 2-3 удаа иргэдтэйгээ уулзаж, хийсэн ажлаа тайлагнах, иргэдийнхээ санал санаачилгыг сонсох өдөрлөгийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Ер нь Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аливаа үйл ажиллагаандаа иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж, иргэн бүрт хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна даа.

 

    Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Удахгүй Монгол түмний их баяр нааадам болох гэж байна. Танд наадмын баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай. 

 Баянголчууддаа Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Мөн Баянгол дүүрэг үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе.