m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 01:12
59
Ш.Түвдэндорж: Х.Тэмүүжин сайд ЦЕГ-ын даргын ажил руу орчихсон юм билээ

Сүүлийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцорох өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоос тодрууллаа.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. -Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хууль зүйн байнгын хороонд огцрох өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн даваа гаригийн 13.00 цагт УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнийг эхлээд байнгын хороогоор хэлэлцэх ёстой ч гишүүд тогтоолын төсөлтэй танилцаж амжаагүй учир хойшлуулсан. Харин сайдын хувьд огцрох өргөдөл өгөөгүй.

-Хууль зүйн сайд өчигдөр танд нэг өргөдөл өгсөн гэсэн. Тэр нь ямар учиртай өргөдөл байсан юм бэ?

-Мэдэхгүй. Надад ямар ч өргөдөл өгөөгүй.

-Ардчилсан намын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцсэн юмуу?

-Яригдаагүй.

-Бүлгийн хурлаар ямар, ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-Хурлаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, давхар дээл тайлах асуудал. УИХ-аар үүнийг хэлэлцэх үед манайх завсарлага авсан. Хуульдаа завсарлагын хугацаа тав хоног байдаг. Үүний дагуу завсарлагын хугацаа дуусахад УИХ-ын намрын нэгдсэн чуулган завсарлаж таарсан. Ингээд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын хоёрт орсон байгаа. Хуваарийн дагуу хэлэлцэхэд бүлэг ямар байр суурь барих вэ гэдэгт төвлөрөн хэлэлцлээ. Ингээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэлбэрээр нь дэмжихээр шийдвэр гаргаад байна. Өөрөөр хэлбэл, давхар дээл тайлах асуудлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх гэдэгт санал нэгдсэн.

-Хууль зүйн байнгын хороо хэзээ Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх вэ?

-“Давхар дээл”-ийн асуудал шийдэгдэж дууссаны дараа ирэх баасан гаригт хэлэлцэнэ. Ер нь бололцоотой хугацаандаа заваа харж байгаад гишүүддээ зарлаад л хурлаа хийчихнэ.

-О.Баасанхүү гишүүний хувьд сайдыг хариуцсан салбараа удирдаж чадахгүй байгаа учир огцрох хэрэгтэй гэж үзэж байгаа юм билээ. Харин Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд та сайдыг салбараа хэр удирдаж байгаа гэж харж байна вэ?

-Манай намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан хууль зүйн салбарын шинэчлэл асуудал, Ерөнхийлөгчийн тавьсан шинэчлэлийг хооронд нь холбож  авч явах асуудал тулгамдсан зүйл байгаа. Ерөнхийлөгч чуулганы завсарлагаанаар хууль зүйн салбарын удирдлагуудтай уулзаж, цаашдын чиг хандлагаа тогтоосон. Х.Тэмүүжин сайдыг салбартаа шинэчлэлийг хийж, салбарынхаа бодлогыг бариад явахад боломжтой гэсэн шийдвэрт хүрсэн. Манай байнгын хорооноос дутагдалтай байгаа хуулийг өргөн барих, процессийн хуулиудыг оруулаагүйгээс зөрчил гараад байсан. Одооноос энэ хуулийг гаргаж эхэлж байна. Ерөнхийдөө ажил байнгын хорооноос тавьсан шаардлагын дагуу явж байгаа.

-ЦЕГ-ын дарга Б.Билэгт сайдаа чагнаж, тагнасан тухай мэдээлсэн. Эргээд сайд хуулийн байгууллагад гомдол гаргаад Б.Билэгт даргыг шалгуулахаар хандсан. Сүүлдээ ЦЕГ-ын дарга ор сураггүй алга болсон гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Зөрчил үүссэн асуудлыг би ойлгохгүй байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг хоорондоо ойлголцож ажиллах үүрэг өгсөн байдаг юм билээ. Цагдаагийн байгууллагын хууль, бүтэц, үйл ажиллагааны эрх мэдлийн хэмжээ, үүрэг зэрэг нь хуулиараа зохицуулсан байдаг. Энэ хуулийнхаа асуудал дээр зөрчилдсөн байх гэж би боддог. Түүнээс нэг нь шинэчилж, нөгөө нь хойш нь татаж байна гэж би ойлгохгүй байгаа. Хувь хүний асуудал гэх зүйл энд байхгүй. Мөн ЦЕГ-ын дарга алга болоогүй. Хэвийн ажлаа хийгээд явж байгаа.

-Цагаагийн газрын бүтэц, зохион байгуулалтыг хийхэд хэн нь хэнийхээ ажил руу түлхүү орсон юм бол?

-Х.Тэмүүжин сайд Цагдаагийн газрын бүтэц, орон тоог батлахдаа даргынх нь ажил руу орчихсон юм билээ. Гэхдээ байнгын хороонд энэ асуудал яригдаад, тэндээс гарсан шийдвэрийн дагуу алдаагаа засаад ажиллаж байгаа.