m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.22 01:44
165
Цуврал 44-Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ

 

Эрүүгийн ахлах төлөөлөгч Х. Баттулга ажигч гярхай зангаараа олон хэрэг илрүүлсэн гэдэг. Энэ удаа түүний илрүүлсэн хэргээс эргэлзээтэй нэгэн хэргийн талаар сонирхуулъя.

1990-ээд оны эхэнд нэг залуу гудамжинд хутгалуулан улмаар их цус алдсанаас амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Эрүүгийн ахлах төлөөлөгч Х. Баттулгад шалгах үүрэг ирэв.

Энхээ герман хэлтэй, боловсролтой, архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэггй нэг үгээр хэлбэл тохитой, томоотой нэгэн аж. Хоёр бүсгүйтэй болзохоор тохиролцон хүлээж суув. Цаг орой болсон болохоор хотын гудамж эл хуль, хаа нэг машин явж байгаа харагдав. Гэтэл булан тойроод гурван хүн ирж явна. Сайн ажиглавал эрэгтэй хүмүүс аж. Нэг нь ойртон ирснээ “Хөгшөөн гал байна уу” гэв. Халааснаасаа асаагуур гаргаж өгөхөд “Ямар гоё асаагуур вэ. Ийм эдтэй хүн гоё тамхитай байгаа даа” гээд инээв. Энхээ сая халаасаа ухаж тамхигүй яваагаа мэдэн “Харамсалтай нь тамхиа орхичихож” гэхэд нөгөө залуу "Муу гэж голохгүй бол май" гээд янжуур сарвайв. Ийн тамхилаад нөгөө залуус хажуугийн бааранд орлоо.

Яльгүй хоцорсон бүсгүйчүүд гүйлдсээр Энхээгийн хажууд ирэв.

"Чи их хүлээсэн үү" гэж Чимгээ, Уянга хоёр бараг л зэрэг асуув. Үүнээс илүү хүлээлгэсэн бол та хоёрыг орхиод явах байлаа гээд хаашаа явахаа тэд ярилцав. Бүсгүйчүүд хол явахгүй хамгийн ойр байгаа газар орж, хоол идэж, цагийг зугаатай өнгөхөөе гэснээр гурван злуугийн орсон баар луу оров. Тэд ширээндээ сууж пицца захиалаад, шар айраг шимж элдвийг хөөрөн суув. Хажуугийн ширээнд хэн байгааг анзааргүй Энхээ бие засах гэж босоод тамхи хамт татсан залуус байгааг гэнэт олж харав.Толгой дохих аядаад өнгөрлөө. Хэсэг хугацааны дараа Уянга “Энэ залуу ингэтлээ хараад байгаа нь ямар учиртай юм бол. Чамайг таньдаг юм болов уу” гэв. Хартал нөгөөх гал асуусан залуу мөнөөс мөн. Согтуу байх гээд тэд анзаарсангүй. Гэтэл тэд Энхээг дуудав. “Наад талын эрээн цамцтай бүсгүй тун аятайхан юм. Чи надад өгчих” гэх нь тэр. Энхээ уурлан “Тамхи өгснийгөө юу гэж бодоов, аятайхан байгаарай” гээд гарав.  Энэ газар удаан байх нь аюултай байж магадгүй гэж бодоод нөгөө хоёр бүсгүйгээ явъя гэсэн боловч тэд эрс эсэргүүцэв.

“Ганцхан аяга пиво өгчихөөд гарах гэлээ” хэмээн үг хаяв. Тэднийг ийн ярих зуур нөгөө залуус ширээнд тулж ирээд бүсгүйчүүдийг татан ширээндээ суухыг урилаа. Хоёр бүсгүй ямар учраас явъя гэснийг сая ухаарч хурдхан гарахын түүс болов. Гэтэл тэд тийм амархан салж өгөх хүмүүс биш аж.

Гарч ирээд машин хайсан ч шөнө болсон учир нэг ч харагдсангүй. Өнөөх залуус ч тулаад ирлээ. “Чи ямар Арабын шах уу. Хоёр хүүхэн эзэгнээд байна уу, үгүй юу” гээд нэг нь Энхээг шанаадаад унагачихав. Нийлээд зодож эхлэхэд Энхээ ум хумгүй зугтлаа. Залуус “Ийм л залууг дагаж явж дээ” гээд шууд тэдэн рүү дайрлаа. Тэд бүсгүйчүүдийн хувцсыг тайлах гэж оролдон ноцолдож гарав. Гэтэл гэнэт хэн нэгэн орь дуу тавин унав. Залуу гэнэт ухаан орон харахад Уянгааг оролдож байсан залуугийн цээж цусанд будагдсан харагджээ. Залуус сандралдан эмч, цагдаа гэх зуур нөгөө бүсгүйчүүд хурдхан зугтав.

Ийм нөхцөл байдалтай хэргийн газар ирээд цагдаагийнхан нохой тавихад хэргийн газраас хоёр км зайтай байрны орцонд айж сандарсан бүсгүйчүүд байхыг төвөггүй олов.Өнөөх хутгалуулсан эр эмнэлэгт очоод амьсгал хураасан гэх мэдээ цагдаад иржээ. Шалгах ажлыг хийх явцдаа бүсгүйчүүд хүний амь нас хөнөөгөөгүй болох нь тодорхой байсан учир Энхээг яаралтай олж хорив.

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгтэй адил тэр залуус зүй авирлан, бүсгүйчүүдийг хүчирхийлэх гэж завдаагүй бол ийм хэрэг гарахгүй байх магадлалтай.

Эрүүгийн ахлах төлөөлөгч Х. Баттулга Энхээгийн талаар баримт, мэдээлэл цуглуулахад сэжигтэй зүйл огт илэрсэнгүй. Тэр төлөв даруу, хэзээ ч хутга биедээ авч явдаггүй нэгэн аж. Түүний талаар таагүй үг хэлэх хүн ч бараг байсангүй. Ингээд арга буюу түүнийг 72 цаг саатуулаад гаргалаа. Хэн залуугийн амь насыг хөнөөв, шөнийн 02 цагт хотын гудамжаар явган байтугай машинтай хүн ч цөөн байсан, хэн нэгэн тэдэн рүү ирээгүй гэдгийг холбогдогчид бүгд хэлж байв. Толгойгоо ажиллуулсаар гэнэт нэг өдөр Энхээг дахиад шалгая гэсэн бодол зурсхийв. Ингээд Энхээг ажил дээрээ байцааж  байх зуур гэрийг нь нэгжив. Мөрдөн байцаагч зөвхөн хэрэг мөрдөх бус арга ухаан, ажигч гярхай байхын дээр хүний сэтгэл зүй, царайны хувирлыг хамгаас илүү анзаарч байх учиртай. Энхээгийн гэрээс тасарч унах шахсан банзны тасархай олдов.

Энэ ямар учиртайг мөрдөгч асуухад Энхээ гэмт хэрэг хийсэн гэдгээ бараг хэлээд өгөх шиг царай  нь хувьсхийв. Энхээ гэртээ хутга шидэн зугаагаа гаргадаг нэгэн болохыг хэн ч мэддэггүй байж. Хэрэг гардаг шөнө тэрбээр зугтах замдаа гэнэт эргэн харж баарнаас нууж авсан хутгаа шидчихэж. Энэ нь бүдүүлэг авирласан залуусын нэгийг оносныг тэр өөрөө ч мэдээгүй аж. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгтэй адил тэр залуус зүй бус авирлан, бүсгүйчүүдийг хүчирхийлэхийг завдаагүй бол ийм хэрэг гарахгүй байх магадлалтай. Гэхдээ хүний амь нас хохирсон учир эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн дагуу хариуцлага тооцсон гэдэг.