m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.23 08:20
211
Спортын түүх өгүүлэх гэрэл зургууд

Дэлхийн нийтийг нэгтгэж, дуу хоолой болж байдаг зүйл бол спорт. Нас хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа ялгалгүй хүн төрөлхтөн спорт гэх уриан дор нэгдэж байна. "Гэрэл зураг түүх өгүүлнэ" энэ удаагийн дугаарт спортын түүхэн гэрэл зургуудын цувралыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Мухаммед Али, Сонни Листон нарын хүнд жинд аваргын бүсийн төлөөх тулаан. Нэгдүгээр раунд хоёр дахь минутанд "Хий үзэгдэл" нэртэй цохилт хийсний дараа Мухаммед Али ялжээ.

1997 онд болсон Майк Тайсон, Эвандер Холифилд нарын тулаан. Энэ тулааны үеэр Тайсон түүний чихийг хазсан билээ. Энэ үйлдийнх нь төлөө Тайсоны тэмцээнд оролцох эрхийг түр цуцлан гурван сая доллараар торгож байжээ.

Мэргэжлийн боксын рингэнд нийт 61 тоглолт хийснээс 56 ялж "Хамгийн агуу" хэмээн хочлогддог байсан Мухаммед Али,  Үндэсний сагсан бөмбөгийн холбооны танилцуулгад  "Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин" хэмээн тодорхойлогдсон  "Чикаго Буллз" багийн тоглогч Майкл Жордан нар энэхүү зургийг 1992 онд авхуулж байжээ.

ОХУ-ын тулгууртай харайлтын тамирчин Елена Исинбаева Бээжингийн 2008 оны олимпид тулгууртай харайлтаар дэлхийн рекорд тогтоосон билээ. 2005 оны долдугаар сарын 22-нд Исинбаева тулгууртай харайлтын төрлөөр таван метрийн хязгаарыг давсан анхны бөгөөд одоогоор цорын ганц эмэгтэй тамирчин болсон юм.

Ямайкийн “цахилгаан”, дэлхийн хамгийн хурдан хүн, спортын домог Усэйн Болт 2008 оны Бээжингийн олимп дээр дэлхийн шинэ рекордыг тогтоосон байна. Тэрээр 100 метрт 9.58, 200 метрт 19.19 секунд гүйсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.

1970 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.  Хоёр домогт тамирчин Пеле, Бобби Мур нар бие биеэнээ хүндэлдэгийн тэмдэг болгон майкаа солилцож байгаа нь.

Хөл бөмбөгийн түүхэнд "Бурханы гар" нэрээр бүртгэгдсэн гоал. Аргентин, Английн тэмцээний 51 дэх минутанд Диего Марадона гараараа цохин хийж байгаа нь.

2006 оны хөлбөмбөгийн Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд Францын амьд домог З.Зидан Италийн хамгаалагч М.Матерацциг мөргөж унагасан нь. Тухайн үед Дэлхийн аваргын шигшээд шалгарсан Франц-Италийн тоглолт үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Улмаар цаг сунган тоглож байхад 110 дахь минутанд Зидан, Матерацциг цээжинд нь мөргөж Аргентин шүүгч сахилга батгүй Франц эрд улаан хуудас өгч талбайгаас хөөсөн. Дэлхийн бүх шагналыг хүртсэн алдарт тоглогч Зидан хоёр багийн ялагчийг торлуулах торгуулийн цохилтыг цохих эрхгүй болж тэмцээнээ дуусгаж байжээ. Уг мөргөлтийг мөнхжүүлсэн хөшөө Франц улсад байдаг гэнэ.

1969 оны арваннэгдүгээр сарын 19. Рио-де-Жанейро, "Маракана" цэнгэлдэх хүрээлэн. Бразилийн хөлбөмбөгчин Пеле 1000 дахь гоолоо хийчихээд сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй уйлж буй нь.

"Лондон 2012" олимпийн наадам. Германы туйванч, Бээжингийн олимпийн аварга Маттиас Штайнер 196 кг-ийг өргөх гээд бүтэлгүйтсэн мөч. Хэдийгээр тэр ноцтой гэмтэл аваагүй ч зохион байгуулагчид эрүүл мэндийг нь бодолцон, түүнийг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан юм.