m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.17 00:08
264
Б.Тулга: Ирээдүйгээ боддог хүн мэдлэг, чадварт хөрөнгө оруулах ёстой

Боловсрол,соёл,шинжлэх ухааны дэд сайд Б.Тулгыг энэ удаагийн “Масс зочин”буландаа урилаа. Б.Тулга нь хэрэглээний математикч мэргэжилтэй бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд улс төрийн хариуцлагатай албан тушаалын хашиж байгаа чадварлаг залуу улстөрчдийн нэг юм.

- Хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө таны төрж өссөн нутаг, хүүхэд насны тань дурсамжаас яриагаа эхэлье?    

- Баярлалаа. Миний бие Дархан хотод төрж өссөн. Эцэг эх Ховд аймгийн уугуул. Хүүхэд нас мэдээж Ховд, Дархан хоёрын хооронд өнгөрсөн. Зуны амралтаараа Ховд аймагт амьдардаг хөгшин эмээ дээрээ очиж мал хариулдаг байлаа. Дархан хотод тухайн үед Оросууд их ажиллаж, амьдардаг байсан учраас орос хүүхдүүдтэй нөхөрлөдөг байсан юм. Ийнхүү Дархан хотын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг 1997 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа математик, физикийн хичээлдээ илүү сонирхолтой хүүхэд байлаа. Математикийн багшийг маань н.Батмөнх гэдэг. Бидэнд математик заахын хажуугаар хөнгөн атлетикийн тамирчин хүн байсан. Багшаасаа суралцах олон сайхан зүйл байсан учир спортын зарим төрлүүдээр хичээллэж, тодорхой амжилт гаргасан. Ер нь бага байхын л урлаг, спортод дуртай, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан даа.

Спортод дуртай, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан даа

- Та хэрэглээний математикч мэргэжилтэй. Математикч болохыг багаасаа хүсэж байсан уу?

- Тэгэлгүй яахав. Дунд сургуульд байхдаа математик,физикийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байсан нь нөлөөлсөн. Улмаар МУИС-ын Математик, компьютерийн сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. Хэрэглээний математикч гэдэг бол математикийн онолын төрөл бүрийн хэрэглэдэхүүн буюу энгийнээр ярьвал томъёо, аргачлалыг нийгэм, эдийн засаг, улстөр гэсэн бусад салбарууд руу хөрвүүлдэг гэж ойлгож болно.  Намайг элсэж ороход шинэ гарч ирсэн мэргэжил. Математикч хүн бол онолын судалгааг гүнзгийрүүлж хийдэг. Харин хэрэглээний математикч гэдэг онолын ололт амжилтыг практикт буюу бизнес, нийгмийн  салбарт хэрхэн буулгах вэ гэдгийг загварчилж зохион байгуулдаг. Энэ сайхан мэргэжлийг эзэишсэндээ баярладаг. Хэрэглээний математикч мэргэжлийг ззэмшсэнийхээ дараа хэдэн жил багшилж байгаад АНУ-д улстөр судлалын чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Улмаар улстөрийн ээдрээтэй өнөөгийн нөхцөлд өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Улстөрийн ээдрээтэй өнөөгийн нөхцөлд өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна

- Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

- Дөнгөж сургууль төгссөнийхөө дараа таван төрлийн хичээлийг Дархан хотын сургуулиудад зааж байсан. Тэр хугацаанд чадахгүй мэт санагдаж байсан ч туршилгатай багш нарын зөвлөгөө, тусламж, дэмжлэгээр хичээлээ заадаг байв. Тухайн үед их сургуульд сурч мэдсэн зүйлээ практик дээр баталгаажуулсан гэж хэлж болно.  Ийнхүү багшилж байгаад жилийн дараа Улаанбаатар хот руу шилжсэн. Мэдээж залуу хүний хувьд төвлөрсөн том хотод ажиллах хүсэл минь давамгайлсан.

- Тэгвэл та яагаад улс төрийн салбарыг сонгох болсон бэ? 

- Улстөрийг та сонирхохгүй бол улстөр чамаар оролдоно гэсэн үг бий. Энэ үгтэй утга дүйцэхүйц үйл явдал болсон. Анхны ажлын гараагаа их дээд сургуульд багшилж байсан гэж өмнө нь хэллээ. Ийнхүү жилийн дараа Улаабаатарт ирсний дараа МАХН-д мэдээллийн технологийн ажилтан авна гэсэн зар гарсан байсан. Зарын дагуу очиж шалгуулаад тэнцсэн. Улмаар МАХН-ын ажлын төв аппаратын мэдээллийн технологи, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр хоёр жил ажилласан. Ажиллаж байх хугацаанд хийсэн ажлуудын үр дүн гарч удирдлагуудад танигдсан. Ийнхүү МАХН-ын дарга  тухайн үеийн Ерөнхий сайд  Н.Энхбаярын туслахаар ажиллах санал тавьсан. Надад санал тавих үед над шиг хүн ажиллаж чадах болов уу, би энэ албан тушаалд тэнцэх үү гэсэн асуултыг өөртөө тавьж байсан. Тэр цагаас улстөрд татагдан орсон. Үүний дараагаар УИХ-ын даргын туслах, УИХ-д хэвлэл мэдээллийн ажилтан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах зэргийг хийсэн. Тэр хугацаанд олон сонгуулийн ард ажиллаж зохион байгуулалтын удирдлагын багт гар бие оролцсон.  

Улстөрийг та сонирхохгүй бол улстөр чамаар оролдоно гэсэн үг бий

- Улстөрийн хариуцлагатай албан тушаалыг хашахад намын удирдлагууд багагүй дэмжсэн үү?

- Тэгэлгүй яахав. Ажил амьдралын минь тодорхой цаг хугацаа Монголын нөлөө бүхий улстөрчдийн нэг Н.Энхбаяр даргатай салшгүй холбоотой. Тиймээс өнөөдрийг хүртэл өөрийн зүгээс шалтгаалах ажилд туслахыг хичээдэг.

- 2016 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. МАХН ямар мөрийн хөтөлбөр боловсруулж ажиллах вэ?

- Бид 2012 онд дэвшүүлсэн зорилтоо нягталж,илүү тодорхой болгох зорилт тавина. Гэхдээ өнөөдөр 2012 онотой харьцуулахад байдал өөр болсон. Маш олон гажуудал, улстөрийн хэлмэгдүүлэлт ил тод харагдлаа. Энэ болгоныг улстөрийн гурав дахь ч хүчний хувьд дотор нь орж, үнэн нүүр царайг нь иргэдэд мэдрүүлэх тал дээр шургуу ажиллана. МАХН 2016 оны сонгуулиар тогтвортой улс орныг авч явах өөрийн гэсэн бодлого, бүтэц, лидертэй, монголчуудынхаа төлөө цохилох зүрхтэй хүмүүсийг сонгуулахын төлөө ажиллана.

Маш олон гажуудал, улстөрийн хэлмэгдүүлэлт ил тод харагдлаа

- Тэгвэл та 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

- Нэр дэвшихээс өөр аргагүй шахалттай байгаа. Залуу хүний хувьд УИХ-д шууд орохоосоо илүүтэйгээр олон зүйлийг сурч, мэдэх хэрэгтэй. Гэхдээ УИХ-д хэзээ нэгэн цагт өрсөлдөж л таарна. Одоогоор хаанаас нэр дэвшихээ эцэслэн шийдээгүй. 2012 оны хувьд  бүрэлдээд жил ч болоогүй байсан нам мөн дээр нь төрийн хэлмэгдүүлэлтийн өмнө сонгуульд оролцож байсан. Харин тэр жилийн сонгуулийг бодвол арай боломжийн нөхцөлд оролцох болов уу.

Нэр дэвшихээс өөр аргагүй шахалттай байгаа

- Таны хувьд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар ямар бодолтой байгаа вэ?

- 2015 оны Өршөөлийн хууль өмнө нь батлагдсан хуулиудаас ялгаатай. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Төрийн албанд байгаа авлигатай тэмцэхийн тулд авлигыг арилгах, ухуулан сурталчлах, таниулах зорилгоор үндсэн чиг үүрэгтэйгээр Авлигатай тэмцэх газрын хуулийг нь батлуулж байгуулж байсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр дарга 3000 хүний саналаар ялагдсан. Ийнхүү ялагдсанаар дараагийн Ерөнхийлөгч ажлаа авсан. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрч энэ хугацаанд түүнийг болон тойрон хүрээлдэг бүх л хүмүүсийг шалгаж хэлмэгдүүлсэн. Үүнээс харахад хэлмэгдүүлэлт гэдэг ямар аймар юм бэ. 1937 оны хэлмэгдүүлэлт гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр бидний нүдэн дээр хэлмэгдүүлэлт өрнөсөөр байна. Албан тушаалтнуудыг хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг хууль ёсны болгосон хууль нь Өршөөлийн хууль биш Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль юм. Өршөөлийн хуульд бус Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг тавих ёстой байсан. Энэ нь шударга бус байдлыг бий болгосон. Та бүхэн мэдэж байгаа Прокурорын хурал дээр энэ бүгдийг захиалагч нь өөрөө өөрийгөө зарласан. Гадаадын иргэнд холбогдох хэргийг өршөөж болсон мөртлөө Монголчууддаа яагаад ингэж хатуу хандаад байна. УИХ-ын гишүүд энэ байдалд иргэний зориг гаргах ёстой. Хуулиа сайн судлах хэрэгтэй. Хуулиа уншаагүй байж асар их хэмжээний мөнгийг хэвлэлд өгч Өршөөлийн хуульд зарцуулсан. Гэтэл бид мянга дуугараад хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаалттай. Үнэндээ авлигачдыг өршөөсөн хууль бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль юм. Энэ хоёр хуулийг манай хуульчид,эдийн засагчид, эрэн сурвалжлах сэтгүүлчид харьцуулах ёстой.

- Тэгвэл Боловсролын дэд сайдын хувьд салбартаа хийж хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн талаар яриагаа үргэлжүүлье?

- Боловсролын салбар бол Монгол Улсыг ирээдүйд ямар байдлаар хөгжих вэ гэдгийг тодорхойлох гол хүчин зүйл. Хөгжлийн тулгуурыг бэлтгэж төлөвшүүлдэг хариуцлагатай салбар юм. Тиймээс хамгийн их хөрөнгө оруулалт хийх салбар бол боловсролын салбар. Аль нэг зам, байшин барилгад хөрөнгө оруулалт хийхээс илүү боловсролын салбарыг бэхжүүлэхэд зориулах ёстой. Ер нь богино хугацаанд хөгжсөн улс орнуудыг харахад залуусаа гаднын бусад орнууд руу явуулж мэргэжил эзэишүүлдэг байсан. Гэхдээ төрөөс мөнгө гаргалгүй, зээл тусламжаар явуулдаг байсан. Ийнхүү гаднын бусад оронд  мэргэжил эзэмшсэн 1000 оюутны нэг нь л бусад оюутнуудын явсан зардалд дүйцэхээр том төсөл оруулж ирдэг. Бүтээн байгуулалт хийдэг. Үе үеийн боловсролын салбарыг удирдаж байсан хүмүүс үүнд анхаарлаа хандуулдаг. Боловсролын салбар хүнд үед орж байсан үе бий. Харин одоо манай салбарын тогтолцоо харьцангуй сайжирч байгаа. Учир нь бусад яамдуудыг бодвол 2012 оноос хойш сайд болон баг нь солигдолгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулснаар үр дүн гаргаж байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай тогтвортой байх тогтолцоо боловсролын салбараас харагддаг. Тиймээс 2012 онд тавьж байсан зорилтууд үр дүнгээ өгч эхэлсэн. Үүнд. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, Зөв монгол хүүхэд, Багшийг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийн үр дүн гарч боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар ирээдүйг харж, хүүхдүүд өөрийгөө тодорхойлох чадвартай боллоо. Мэдээж алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Мөн боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн. Олон сургууль, цэцэрлэг төсвийн хөрөнгөөр, зээл тусламжаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон. Сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулалт, дэд бүтцийг бий болгох шаардлагатай гэдгийг шийдвэр гаргагчдад ойлгуулж чадсан. Мөн дэлхийн стандартыг ойртуулж Ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн тогтолцоог 12 жил рүү шилжүүлсэн. Шилжилтийн үетэй холбогдуулан бага, суурь, ахлах боловсролын суурь хөтөлбөр хэмээн шат дараалж шинэчлэн нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлууд явагдаж байна. Эдгээр хариуцлагатай ажлыг боловсролын салбарыг нуруундаа үүрч яваа албан хаагчид шаргуу хийж байгаа. Үүний үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн дээд боловсролын чанар, хүртээмж, үнэ цэнэ, төлбөрийн асуудал яригдах нь гарцаагүй.  Бид энэ бүгдийг эргэж харах шаардлагатай.  Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн 99 сургууль байна. Харин одоо бид тооноос чанар руу шилжүүлэхээр зэхэж байна. Тиймээс хамгийн гол хөрөнгө оруулалт бол ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийе гэж байгаа бол боловсрлын салбарт хийх ёстой.

Боловсролын салбар бол Монгол Улсыг ирээдүйд ямар байдлаар хөгжих вэ гэдгийг тодорхойлох гол хүчин зүйл

- Шинээр хярьалагдах болсон соёлын салбарт ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?

- Соёлын салбар бол маш том салбар. Бие даасан яамтай байх ёстой. Тусгаар улс оршин тогтнох ёстой гэж үзэж байгаа бол соёлын салбарт үүссэн асуудлыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Төрөөс дэмжиж байна гээд эргээд хавханд хийж,дүрэм журмаар барьдаг. Харин соёлын салбарын үр дүнг мөнгөөр хэмждэггүй. Мөнгөөр хэмжиж болдоггүй соёлын салбарыг бусад салбаруудтай адил үр дүнг нь хэмжих гээд байдаг. Учир соёлын салбар бодлогын алдаанаас болж тодорхой хүндрэлүүд гарч байна. Шинээр зохион байгуулагдсан яам эдгээрийг засахын тулд  соёлын салбарыг илүү эрх чөлөөтэй болгох ёстой гэж үзэж байгаа. Төр соёлын салбарын боловсон хүчин болон дэд бүтцэд хөрөнгө зарах ёстой. Мөн урлаг соёлын ажилтнуудыг ямар нэг байдлаар өмчлөх ёсгүй. Төр хийх ёстой ажлаа хийх ёстой  өгөх ёстой зүйлээ өгөх хэрэгтэй. Заавал ямар нэг зүйл шаардах албагүй. Тиймээс энэ байдал руу шилжүүлэхийн тулд “Соёлын бүтээлч үйлдвэр”форумыг зохион байгуулж байна. Түүнчлэн Соёлын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг яаман дээр гардан хйиж байна. Энэ бүгд шийдэгдсэний дараа соёлын салбарынхан илүү чөлөөтэй өөрсдийн уран сэтгэмж, мэдрэмжээр хөгжих бололцоо нээгдэнэ. Олон уран бүтээлчид үүнийг нотлон харуулж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасаар байгаа.

Тусгаар улс оршин тогтнох ёстой гэж үзэж байгаа бол соёлын салбарт үүссэн асуудлыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй

- Амжилттай яваа эр хүний ард халамжит ханийн үүрэг их. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

- Би эхнэртэйгээ Их сургуульд хамт сурдаг байсан. Тэр цагаас үерхэж гэр бүл болсон. Манай эхнэр Олон Улсын байгууллагад ажилладаг. Хоёр хүүтэй.

- Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Төрийн ажлын хажуугаар гэр бүлдээ цаг гаргаж байна уу?

- Чөлөөт цагаа аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлмээр байдаг. Харамсалтай нь чөлөөт цаг бага гарч байна. Улстөр,нам,төрийн ажил гээд тал тал тийшээ гүйхээр чөлөөлт цаг бага гарах юм. Гэхдээ боломж олдвол гэртээ байхыг хичээдэг. Үүнээс үүдэж эхнэр минь гомдох тохиолдол бий. Ер нь хэн ч байсан, ямарч ажил хийдэг бай нийт ажлынхаа 30 хувийг өөртөө зарцуулах хэрэгтэй болов уу. Харин би хүнд хэлдэг мөртлөө өөрөө хэрэгжүүлдэггүй талтай. Энэ байдлаа засахыг хичээж байна даа.

- Баярлалаа. Таны цаашдын ажилд ажмилт хүсье.

- Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын эмжилт,эрүүл энхийг хүсье.