Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар долоо хоног бүр “Засаг даргын 30 минут” уулзалтыг зохион байгуулдаг аж. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авч, 10 дугаар сард хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
1. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 94 хувь хангагдаад байна
Энэ жил манай аймгийн 18 сум, 88 багт нийтдээ 6000 гаруй малчин өрхөд, 3,6 сая толгой мал өвөлжих төлөвлөгөөтэй байна. Аймаг орон нутгаас өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 94 хувьтай явагдаж байгаа юм. Аймгийн хэмжээнд энэ жил 130 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс одоогийн байдлаар 126 мянган тонн байгалийн хадлан бэлтгээд байна. Мөн аймгийн Засаг даргын Аюулгүйн нөөцөд 450 тонн өвс бэлдэж, гүйцэтгэл 150 хувьтай явагдаж байгаа юм. Түүнээс гадна аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, сумдын Засаг дарга нарт тус бүр 100 тонн өвс сумандаа бэлтгэх үүрэг даалгавар өгсөний дагуу аймгийн хэмжээнд нийтдээ 1750 тонн өвс сумдын Засаг дарга нарын нөөцөд бэлтгэгдлээ. Харин тэжээл бэлтгэлийн хувьд 3000 орчим тонн тэжээл бэлтгэгдсэн байна.
Намрын ургац хураалтын ажил үндсэндээ дуусч байна. Манай аймаг энэ жил 30,3 мянган га-д үр тариа тариалсан. Гэвч зуны эхэн сард байгаль цаг агаар гантай байсны улмаас тодорхой хэмжээний ургацаа алдахад хүрсэн юм. Аймгийн хэмжээнд энэ жил 15500 га талбайгаас үр тариа хураан авлаа. Нийтдээ 15,3 мянган тонн үр тариа хураан авсанаас нэгжийн ургац 1 га-аас 6,2 центнер ургацыг хураан авлаа. Үүнээс 4000 га талбайн ургацыг малын тэжээлд шилжүүлж, хадаж, боож бэлтгэсэн. Үндсэндээ 8000 мянган га талбайд ургац алдсан дүн мэдээтэй байна.
Төмс хүнсний ногооны хувьд энэ жил аймгийн хэмжээнд 326 га талбайд төмс тариалсанаас 4204 тонн төмс, 170 га талбайд хүнсний ногоо тариалсанаас 2543 тонн хүнсний ногоо хураан авч нөөцөллөө. Энэ жилийн хувьд бас нэгэн онцлох үйл явдал нь Батноров суманд анх удаа тарвас тарьсан явдал юм.
2. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хойд сумдад ажиллалаа
Биндэр, Дадал, Норовлин, Бэрх, Батноров сумдад аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын 12-оос 16-ны өдрийн хооронд ажиллалаа. Энэ ажлын хүрээнд сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ийнхүү ажиллаж байхад энэ жил Бичин жил гарахтай холбогдуулан сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил урьд өмнөх жилүүдээс илүү сайн хангагдсан байгаа нь харагдаж байсан юм. Түүнчлэн аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэгт орсон аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хөдөө сумдын иргэдэд оношлогоо, шинжилгээг хийж явсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон. Ингэснээр нэг суманд дунджаар 200 орчим иргэн нарийн мэргэжлийн эмчээс үйлчилгээ авч, нийтдээ 1000 гаруй иргэнд оношлогоо, шинжилгээ хийж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн юм.
3. “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа
АЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ЦГ, Шүүх, Прокурор зэрэг хуулийн байгууллагууд хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөнийг Баянмөнх, Жаргалтхаан, Биндэр, Батноров, Хэрлэн сум гэсэн 5 бүсэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр мал хулгайлах гэмт хэргийг орон нутагт бууруулах чиглэлээр малчид иргэдтэйгээ хамтран урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой арга хэмжээг зохион явуулсан юм.
Энэ ажлын үр дүнд ард иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, малын хулгайтай тэмцэх чиглэлээр хийгдэж буй хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ард иргэд хэрхэн оролцох талаар тодорхой ойлголтыг малчид, иргэдэд өглөө.
4. Хэнтий аймагт “Мянган айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Манай аймагт энэ онд улсын төсвийн 14,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 барилга, обекьтийг барьж, байгуулж байна. Мөн ОНХС-ын 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 313 ажлыг хийж байна. Жишээ нь: Баянмөнх сумын 80 хүүхдийн дотуур байр, Жаргалтхаан сумын 100 хүүхдийн цэцэрлэг, Хэрлэн сумын 1 дүгээр багийн 100 хүүхдийн цэцэрлэг, Цэнхэрмандал сумын 40 хүүхдийн дотуур байр ашиглалтанд ороод байгаа юм. Харин ирэх долоо хоногт Мөрөн сумын 50 хүүхдийн цэцэрлэг, барилга Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор сургуулийн өргөтгөл, Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдийн Шашин соёлын сургууль, Баян-Адарга сумын шинэ соёлын төвийн барилгыг ашиглалтанд оруулхаар ажиллаж байна. Мөн Хэрлэн сумын 1, 3 дугаар багт “Багийн хөгжлийн төв”-ийн барилгыг ашиглалтанд оруулаад байгаа бол 4 дүгээр багийн хөгжлийн төвийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Ийнхүү аймгийн төвийн багууд хөгжлийн төвтэй болсоноороо төрийн анхан шатны үйлчилгээг ард иргэд чирэгдэлгүй авах боломж бүрдэж байна. Тус багийн төвүүдэд багийн Засаг дарга, багийн цагдаа, өрхийн эмнэлэг нэг дор төвлөрөн байрлаж байна.
900 айлын орон сууц ашиглалтанд орж, 200 гаруй айлын орон сууц он дамнан ашиглалатанд орохоор барилгын ажил үргэлжилж байна.
Чингис хотын цахилгааны хүчин чадлыг 60 хувиар нэмэгдүүлэх төхөөрөмжийг суурьлуулан угсраад байна. Мөн Чингис хотын цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохирын шугам сүлжээг өргөтгөж, ундны цэвэр усны эх үүсвэрийг хангах чиглэлээр хос шугамыг тавьлаа. Чингис хотын төвд 800 метрийн урттай хатуу хучилттай замыг Хэрлэн сумын 4 дүгээр багт гэрэлтүүлэг, явган хүний замын хамт иж бүрнээр нь хийж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Хэнтий аймаг “1000 айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 1038 айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг хийлээ. Үүнээс 900 айлын орон сууц ашиглалтанд орж, 200 гаруй айлын орон сууц он дамнан ашиглалатанд орохоор барилгын ажил үргэлжилж байна.
5. Аймгийн Засаг даргаар ахлуулсан төлөөлөгчид ӨМӨЗО-ны Хөх хотод айлчилал хийлээ
Аймгийн Засаг даргааар ахлуулсан төлөөлөгчид ӨМӨЗО-ны Хөх хотод албан айлчлал хийлээ. Мөн энэ үеэрээ төлөөлөгчид Монгол Хятадын хамтарсан анхдугаар экспо үзэсгэлэн яармагт оролцов. Энэхүү арга хэмжээ нь Монгол Хятад хоёр орны иж бүрэн түншлэл, хоёр орны тэргүүнүүдийн хийсэн гэрээний дагуу хийгдэж байгаа томоохон арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Хэнтий аймаг оролцож, ӨМӨЗО болон Шилийн гол аймагтай хамтран ажиллах чиглэлээр гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээний хүрээнд аялал жуулчлал, худалдаа наймаа, урлаг соёл, эрүүл мэнд зэрэг олон салбаруудад хамтран ажиллах юм. Түүнчлэн Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагтай аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хамтран ажиллахаар боллоо. Мөн айлчлалын хугацаанд Хэнтий аймгийн Чингис хот Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуутай хамтран ажиллах гэрээг байгуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургуулийг Шилийн гол аймгийн аль нэг сургуультай холбон, боловсролын чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.