m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.18 04:16
408
Арвайхээр суманд 3.9 тэрбум төгрөгийн автозамын шинэчлэл хийгджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2015 онд улс, орон нутгийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 4.5 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгджээ. Тодруулбал Ганданпунцоглин хийдээс Бумбат худалдааны төв хүртэл 950 м автозамын шинэчлэлийн ажлыг 818.9 сая төгрөгийн хөрөнгөөр “Эвт Уул” ХХК, Хобби худалдааны төвөөс 48 айлын орон сууцны гэрлэн дохиотой уулзвар дуустал 543 м автозамын шинэчлэл, өргөтгөлийн ажлыг 763.9 сая төгрөгийн хөрөнгөөр “Баткубик” ХХК, “Тэмүүн холдинг” ХХК-иудын түншлэлээр, есдүгээр багийн автозамыг улсын чанартай А0302 автозамтай холбох 1960 м, А0302 автозамаас Авто вокзалтай холбох 112 м автозамын ажлыг 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Ихбогдын зам” ХХК, “Өндөрсант хайрхан” ХХК-иудын түншлэлээр, долдугаар багийн 650 м автозамын шинэчлэл, 2х5х2 гүүрэн хоолойны ажлыг 589.7 сая төгрөгийн хөрөнгөөр “Өвөрхангай АЗЗА” ТӨХК тус тус гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн 6 дугаар цэцэрлэгийн урд талын автозамыг өргөтгөх, явган хүний зам, автозогсоол барих ажлыг 85.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Эвт Уул” ХХК, Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн автозогсоолын өргөтгөл, гэрэлтүүлгийн ажлыг 55.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Тэмүүн холдинг” ХХК хийж гүйцэтгэжээ. Тус замуудад автомашин зорчих хэсгээс гадна гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийг иж бүрнээр нь шийдэж байгаа нь иргэдэд ая тухтай, аюулгүй зорчих боломжийг илүү ихээр бүрдүүлж өгч байгаа юм.