m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.16 01:57
769
Натан Феликс: Америкийн киноны хөгжмүүд тоглогдох учраас сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна

Олон Улсын амьд хөгжмийн фестивалийн 2016 оны аялан тоглолт эхэлсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Энэ удаагийн фестивалийн хүрээнд АНУ-ын Техас мужаас “Noise Revival Orchestra”, Испанийн Мадрид хотоос “Planeta Lem” хамтлаг, Шанхай хотоос “DJ B.O.” мөн киноны хөгжмийн зохиолч Натан Феликс  нар оролцож байгаа.

Энэхүү тоглолтыг “Арт гэр” энтертаймент Шанхай хотын “Ту жем” компани хамтран зохион байгуулдаг. Энэ удаа Монгол улсын Филармонийн уран бүтээлчидтэй хамтран “Рок ба сонгодог” нэртэй тоглолтыг гуравдугаар сарын 19-нд толилуулах гэж байгаа юм.

Тус тоглолтыг удирдаж байгаа АНУ-ын хөгжмийн зохиолч Натан Феликсээс бэлтгэлийнх нь завсарлагыг тааруулж цөөн асуултанд хариулт авсан юм.

-Сайн байна уу, юуны өмнө манай улсад хүрэлцэн ирж тоглолтоо хийж байгаад уншигч, сонсогчдынхоо өмнөөс талархсанаа илэрхийлье. Энэ удаагийн тоглолтынхоо талаар мэдээлэл хүргээч?

-Баярлалаа. Анх дотны найз Брайнтай Шанхайд тоглолт хийж байхад надад Монголд очиж тоглолт хийгээч ээ гэдэг санал тавьсан. Манай зохион байгуулдаг рок наадам, фестивальд оролцооч гэж байсан. Тэр үед би “Нээрээ яагаад тэгж болохгүй гэж” гэж бодоод зөвшөөрсөн.  Миний хувьд өөрийн бичсэн симфонио монголын симфони найрал хөгжимтэй, уран бүтээлчидтэй хамтарч тоглох гэж байгаадаа үнэхээр баяртай бас сонирхолтой байна. Мөн манай аяллын бүрэлдэхүүнд Испанийн “Planeta Lem” хамтлаг, “DJ B.O.” , “Noise Revival Orchestra” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглож байгаагаараа онцлогтой. Монголын үзэгчдэд өөрийн уран бүтээлээ толилуулах боломж гарч байгаад баяртай байгаагийн зэрэгцээ ихэвчлэн Америкийн киноны хөгжмүүд тоглогдох учраас сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.

Үнэхээр чадварлаг тоглодог авьяастай юм байна

-Манай уран бүтээлчдийн ур чадварыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Ирээд хэдхэн хонож байгаа учраас уран бүтээлчидтэйгээ удаан бэлтгэл хийж чадаагүй байна. Гэхдээ хэд, хэдэн удаа бэлтгэл хийхэд үнэхээр авьяастай нь мэдрэгдсэн. Тухайн бүтээлийн мөн чанар, сүнсийг мэдрээд ажиллавал үнэхээр чадварлаг юм гэж бодсон.

-Өмнө нь монголын талаар, ардын урлагийн талаар ямар нэгэн зүйл сонсож байсан уу?

-Брайн найзынхаа зөвлөснөөр хэд хэдэн бичлэг, хөгжмийг сонсож байсан. Ямар, ямар хөгжмийн зэмсэг, хөгжмийн төрлүүд монголд байдаг талаар бяцхан мэдээлэл цуглуулсан, үзэж харсан. Тэгээд наашаа ирэх сонирхол маань их төрсөн. Цаашдаа монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл хийнэ гэж төлөвлөж байна.

Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл хийнэ

-Аялан тоглолтынхоо хүрээнд өөр бусад оронд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Энэ тоглолтын дараа Сан Франциско, Данийн Копенгаген хотуудад тоглох төлөвлөгөө байгаа. Мөн эргээд монголд ирнэ.

-Та ихэвчлэн киноны хөгжим зохиодог. Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Киноноос гадна хөгжмийн томоохон төслүүд дээр ажилладаг. Дэлхийн хавдрын эсрэг аянд зориулсан хөгжим, Америкийн хөлбөмбөгийн лиг, хэд хэдэн залуу найруулагчдын кинонд зориулж хөгжим бичсэн. Тэдгээр кинонууд одоо Америкт гарч байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.

-Баярлалаа.