m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.24 03:07
121
ХАМГИЙН ХУРДАН ИРГЭН

Түүнийг нэг л өглөө ханаталаа унтаад сэрэхэд нь цонхных нь цаана ер бусын зүйл хүлээж байлаа. Хүмүүс нэг л удаан, хурдыг нь хоёр дахин багасгасан дүрс бичлэг шиг тийм удаан болчихсон байж. Эхэндээ огтхон ч гайхаж цочирдсонгүй, ердөө л зүүд гэж боджээ. Харин хэдэн цагийн дараа тэр юунаас болж удаашруулсан бичлэг шиг хөдөлж өгдөггүй хүмүүсээр дүүрэн хот дахь цор ганц жирийн хүн болж үлдсэнээ өөртөө тайлбарлах гэж өчнөөн оролдоод арга мухарджээ.
     Хоёр дахин удаан болчихсон тэдгээр хүмүүстэй харилцахад төвөгтэй, итгэмээргүй удаан энэ хүмүүсийн үйлдлийг ажиглаж сууснаас эзгүй аралд хаягдсан нь дээр мэт санагдаж тэдний яриаг ойлгож сонсохыг хичээх нь галзууралд хөтөлж байв. Тэд түүнд зүгээр л соёлтой зомбинууд шиг санагджээ. Ганц нэгээс нь урд шөнө юу болсон талаар асуух гэж оролдсон ч бүтсэнгүй. Тэгээд эцэст нь ямар нэг юмнаас л аз болж унтаж хоцорсон байх гэж өөртөө хэлжээ.

     Уг нь түүнд энэ бүхэн ямар нэг зохиомол зүйл, тавилттай жүжиг шиг санагдах учиргүй билээ. Хэн ч яаж ч хичээсэн хэн нэгний нүдэнд өртөж буй бүх хүнийг ийн нэгэн зэрэг, хурдаа яг ижил түвшинд барьж хасахаар түмэн зүйлийн хөдөлгөөнийг дэглэнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл шүү дээ. Харин ч тэр “гол учир өөрт минь байгаа юм биш биз” гэж ядахнаа ганц удаа бодож үзээгүй нь хачирхалтай. Хүмүүсийн ярьж буйг ойлгож сонсох гэж хичээсэн бол, хэн нэгний бичиж буйг тэвчээртэй хүлээсэн бол нэг л өлгөө хотод нь урьд өмнө хэн ч үзэж харж байгаагүй хурдан хүн гарч ирсэн-тэр онцгой хурдан-хурдыг нь хоёр дахин нэмчихсэн дүрс бичлэг шиг тийм хурдан жирийж байсан тухай тэдний гайхширлыг мэдэж авах байж. Магадгүй өөрийгөө тэдний нүдээр харж болох байж. Хотын бүх хүн удаан гэдэгт итгэснээс хотод ганцхан хурдан хүн байдагт итгэх нь хэний ч хувьд зөв санагдах нь гарцаагүй.

     Төд удалгүй хотын хамгийн хурдан иргэний тухай хаа сайгүй ярих болж, түүнийг харах гэсэн, түүний ярихыг сонсох гэсэн, түүнтэй унтах гэсэн, түүнийг дасгалжуулах гэсэн, түүнийг шагнах гэсэн түмэн хүн гэрийнх нь гадаа шавах нь тэр. Гэвч нүд гүйцэмгүй үзмэр маань гэрээсээ цухуйлгүй хэд хонолоо. Хүлээсэн олон цөөрч байтал нэг өлгөө тэр тагтан дээрээ гараад ирэх нь тэр.
Гэвч харамсалтай нь түүний хэрхэн хурдан хөдлөхийг харах гэж, ийм чадвартай хүн үнэхээр энэ хотод байна гэдгийг нүдээр үзэх гэж, зарим нь энэ гайхалтай зүйлийн учрыг олчих юухан хээхэн олж магадгүй гэж бодсоор удаан хүлээсэн хүмүүсийг тэр гонсойлгож орхилоо. Хоёр дахин хурдан иргэн маань жирийн хүн шиг алгуурхан хөдөлж тайван гэгч нь тамхи татан зогссоор... Тамхиа татаж дуусаад "энэ бүх жүжиг ингээд дууслаа, анхаарал тавьсан явдалд баярлалаа" гэх шиг хүмүүс рүү инээмсэглэн мэндчилээд гэрээдээ орчихов. Ямар ч хурдан хөдөлгөөн, сонин сайхан юм юу ч байсангүй. Харин хөл дээр нь зоож орхисон камерт хөшиг нь маш хурдан хаагдаж буй дүрс бичлэг үлджээ.

Б.Батзаяа