m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:28
88
Чингэлтэйн замыг 40 гаруй жилийн дараа шинэчилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өртгөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим чиглэлийн замын ажилтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 2012 оноос хойш улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, замын сан, Хөгжлийн банк зэрэг эх үүсвэрээс 870 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болсон гэсэн мэдээллийг Нийслэлийн Автозамын газраас өглөө. Түүнчлэн нийслэлийн авто замын бүтээн байгуулалт өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад 43 хувиар өсч, авто зам барих хурд 2.5 дахин нэмэгджээ. Засаг даргын очсон эхний газар Их Монгол Улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их тэнгэрийн ам хүртэлх 2.1 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил юм.

260 орчим км шинэ замтай болсон
 

Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо


Удирдлагын академийн өмнөх зам  Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсан юм. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл  0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ.  Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол гээд тэр хэсгийн замын сүлжээ бүрэн шинэчлэгдэнэ. Гэрэлтүүлэг, дугуйн зам гээд замын бүх тоноглолыг бүрэн хангасан дээрх замыг ирэх сарын 30 гэхэд хүлээлгэн өгөх  юм байна.  

Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл  0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ

Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв


Өнгөрсөн жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй. Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Авто замын газрын дарга Нанзаддорж хэлж байсан. Түүнчлэн суурь хучилтыг нэг жил өнжүүлснээр хагарал, суулт өгсөн хэсгийг бүрэн засварлах боломжтой болгожээ. Ингэснээр замын чанар маш сайн болсныг тэрээр тайлбарлаж, энэ замд 15-20 жилд нүх ч гарахгүй гэдгийг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлэв. Хүн амын нягтралаас шалтгаалан хойд чиглэлд зуслан биш хотын дотоод суурьшлын бүс шиг болсон гэж нийслэлийн Засаг дарга онцолсон. Тиймээс хотын төвийн стандартаар энэ замыг тавьж байгаа юм байна. Ийнхүү зуслангийн гол замыг тавдугаар сарын 25 гэхэд нээх юм байна. Гэрэлтүүлэг, явган хүний зам зэргийг гүйцээн зургадугаар сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаагаа гүйцэтгэгч компани танилцууллаа. Гол замаас гадна Салхитын ам, Яргайтын богино, Хуурай мухар, Шадивлангийн ам руу чиглэсэн дөрвөн замыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Харин наймдугаар сарын 20 гэхэд дээрх амуудын замыг дуусгах юм байна.


 

Чингэлтэйн замыг 40 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байна


Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн эцсийг буудал хүртэлх 3,3 км замын өргөтгөл,  шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Хуучин долоон метр зорчих хэсгийн өргөнтэй байсныг 9 метр болгожээ. Гэрэлтүүлэг, ус зайлуулах систем, явган хүний зам зэргийг энэ замд тавина. Энэ замд 1975 оноос их засвар хийгдээгүй, 40 гаруй жил болсон байна.  

1975 оноос их засвар хийгдээгүй, 40 гаруй жил болсон
 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр өнгөрсөн оны намар  замын ажлыг эхлүүлжээ. Дунд нь тендерт оролцсон компаниудын маргаанаас болж ажил түр саатсан байна. Одоо асуудал шийдэгдээд ажил үргэлжилж байгаа гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ. Энэ замыг зургадугаар сарын 5 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.