m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 04:32
145
Хязгааргүй боломж уриатай "ICT-EXPO-2016" эхэллээ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ICT-EXPO-2016” өнөөдөр албан ёсоор эхэллээ. Жил бүрийн “ICT-EXPO" өөрийн гэсэн онцлог, уриатай байдаг. Энэ жилийн хувьд "Хязгааргүй боломж" уриан дор мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч компаниуд нэг дор цугларчээ. 

Нээлтийн ажиллагаан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнгийн нээлт 3D шоу үзүүлбэрээр эхэлсэн нь энэ салбарын хөгжлийг олон нийтэд танилцуулж чадсан үзүүлбэр боллоо. Энэ жилийн “ICT-EXPO-2016” 100 байгууллага оролцож байгаа бөгөөд найман номинацид шилдгүүдээ шалгаруулах юм. 

“ICT-EXPO-2016”-д 100 байгууллага оролцож байна.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэлэхдээ "Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршиж байна" гэж яриандаа өгүүлэв.