m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 02:30
110
БСШУЯ-ны албан тушаалтнууд 4-5 сургуулийн ТУЗ-д давхар томилогдсон байжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллах үеэрээ тус салбарын сайдын 2015 оны тушаал шийдвэрүүдтэй танилцжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар тус яамны төрийн захиргааны албан хаагчдыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд төрийн төлөөллөөр томилохдоо давхардуулсан байжээ.

Төрийн захиргааны албан хаагчдыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд төрийн төлөөллөөр томилохдоо давхардуулсан байжээ

-Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ гурван сургуулийн /АШУҮИС, СУИС, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/,

-Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр дөрвөн сургуулийн /МУИС, БИС, Тээврийн дээд сургууль, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль/,

-Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган дөрвөн сургуулийн /МУИС, ШУТИС, АШУҮИС, Тээврийн дээд сургууль/,

-Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг таван сургуулийн /ХААИС, Ховд их сургууль, Дорнод дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Монгол-Оросын гуравдугаар бүрэн дунд сургууль/-ийн удирдах зөвлөлд орж төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны 16 тэмдэглэлийн XXII.2 заалтын 2.1.2-т заасан “төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хоёр хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж байхаар тоог нь хязгаарлах”-аар тусгасантай нийцэхгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэж болохоор байна. 

Мөн сайдын Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлыг, Энэтхэгийн соёлын төвийн захирлыг, Улаанбаатарын их сургуулийн захирлыг, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захирлыг, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар тус яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын даргаар Ж.Даваасамбууг тус тус томилохдоо нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулаагүй байна. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/522 дугаар тушаалаар онцгой амжилт гаргасан долоон ажилтанд 2-4 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам”-ын 5 дугаар зүйлд “ ...ажлын өндөр амжилт гаргасан ... төрийн албан хаагчид ... ажлын үр дүнгээр сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно” гэснийг зөрчсөн байна хэмээн АТГ-аас мэдээллээ.