m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 02:56
207
Ү.Хүрэлбаатар: Зохиогчийн бүтээл хэзээд үнэ цэнэтэй байх ёстой

MASS.MN сайтын хамт олон ээлжит хэлэлцүүлгээрээ оюуны өмчийн талаар ярилцсан. Хэлэлцүүлэгт ярилцсан сонирхолтой мэдээлэл, албаны хүмүүсийн яриаг онцлон хүргэж байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар оюуны өмчийн талаар бидэнтэй ийн ярилцлаа.

-Монголын уран бүтээлчдийн оюуны өмчийг хэрхэн хамгаалж байна вэ, уран бүтээлчид хэрхэн хамтран ажиллах ёстой вэ?

-Хуулийн орчин нэлээн сайн бүрдчихсэн байгаад байдаг. Гэтэл амьдрал дээр энэ хэрэгжихдээ их муу. Эрхзүйн орчин байгаад байхад яагаад зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал хөндөгдөөд байна вэ гэхээр хууль нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаатай л холбоотой.

Оюуны өв бол төрийн хамгаалалтанд байна. Аливаа иргэний оюуны бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдана. Тэр нь монголын үндэсний баялаг гээд Үндсэн хуулинд заачихсан. Одоо гарч байгаа гол зөрчлийг дуун дээр аваад ярихад  үнэгүй хэрэглэдэг, үнэгүй дамжуулдаг, зохиогчийн эрхгүйгээр бизнес хийж болдог гэдэг нийтлэг ойлголт, хэлбэрээс хүмүүс салж чадахгүй байгаад байгаа юм.

 Үнэгүй хэрэглэдэг, үнэгүй дамжуулдаг, зохиогчийн эрхгүйгээр бизнес хийж болдог гэдэг нийтлэг ойлголт, хэлбэрээс хүмүүс салж чадахгүй байна

Манай MOSCAP \Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчидийн нийгэмлэг\ бол үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн онцгой эрхийг хамгаалдаг байгууллага. Зохиогчийн эрх гэдэг нь шууд утгаараа дууны үг зохиосон яруу найрагч, хөгжмийг нь зохиосон хөгжмийн зохиолчийн язгуур эрхийг хэлж байгаа юм. Энэ зохиогчийн онцгой эрх гэдэг дотор хоёр том ойлголт бий. Нэгдүгээрт “оюуны өмч”-ийн тухай ойлголт. Өөрөөр хэлбэл яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын хамтран бүтээсэн тэр дуу бол тэдний оюуны өмч. Тэгэхээр өмчийн харилцаагаараа бүх зүйл цаашаа явна. Хоёрдахь ойлголт нь тэр  язгуур эрхэн дээр нэмээд түгээх ойлголт нь хамт явж байгаа. Тиймээс дуучин хүн телевиз, радиогоор дуулах, олон нийтэд хүргэх эрхээ эдлэхдээ зохиолчоосоо зөвшөөрөл авнаа л гэсэн санаа. Гэтэл энэ харилцаа байхгүй болчихоод байна. Дуучин нэг дуу дууллаа түүнийгээ өөрийнхөө өмч гээд ойлгочихсон. Ингээд  цаашид худалдах, бусдад түгээх нь тэдгээрийн хоорондын асуудал болчихсон байна. Жишээлбэл  Хонхны нулимс гэдэг дууг нэг залуу дуулахын тулд Гавьяат н.Бат-Эрдэнээс очиж зөвшөөрөл авч байна гэж байгаа юм. Бат-Эрдэнэд зохиогчийн эрх өгөх эрх байхгүй шүү дээ. Энэ мэтчилэн буруу ойлголт байгаад байна.

--Тийм ээ. Таньтай санал нэг байна. Уран бүтээлчид нэг дуугаа клипжүүллээ. Мэдээллийн хэрэгслээрээ цацаад, тараагаад өг гээд авчраад өгдөг. Түүнийг нь мэдээллийн сувгуудаараа гаргахаар зохиогчид нь оюуны өмч зөвшөөрөлгүй гаргалаа гээд заргалдаад байдаг үзэгдэл байна?

-Фм, радио, телевизээр тоглуулах гэдэг дээр бас хоёр өөр ойлголт яваад байна л даа. Дуу хөгжмийн бүтээлийг олон нийтэд тоглуулах эрх гэдэгт нь дуучны ч эрх хамаатай, хөгжмийн зохиолч, яруу найрагчдын ч эрх хамаатай. Тэгэнгүүт MOSCAP нь хөгжмийн зохиолч, яруу найрагчдынхаа олон нийтэд тоглуулах эрхийг хамаардаг. Нөгөө талаараа Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв нь тухайн дуучныхаа олон нийтэд тоглуулах эрхийг хамгаалдаг. Тэгэхээр радио, телевиз ч юм уу фм байлаа гэхэд тэр хоёр байгууллагатай хоёулантай нь гэрээ хийгээд, лицензийн төлбөр төлөөд тэдгээр бүтээлийг ашиглах ёстой. 

Монголын бүх дуу олон улсын кодтой болж байгаа. Тэр дуу аль ч улсад тоглогдсон тэр кодоороо л дуулагдана

-Танай байгууллага олон улсын байгууллагатай холбоо тогтоож бүх дуугаа кодтой болгож байгаа гэж байсан?

-Өнөөдөр манай байгууллага уран бүтээлчдийн үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн онцгой эрхийг хамгаалдаг. Үгтэй гэхээрээ дуу, дууны төрөл үггүй гэхээрээ телевизийн чимэглэл хөгжим, симфони найрал бүгд хамаардаг. Ингээд хамгаалаад ирэнгүүт, монгол дуучдын биш гадаадын дуучдын дуу, цаашлаад 60, 70-аад оны дууг дуулаад байгаа юм л даа. Ийм учраас манай нийгэмлэг олон улсын байгууллагад гишүүнээр орсон. Тэгэхээр шууд утгаараа монголын нутаг дэвсгэр дээр дуулагдаж байгаа бүх дуунууд, гадаадын бүх дуунууд манай байгууллагаар дамжих ёстой гэсэн үг.

Тэгээд Монголын бүх дуу олон улсын кодтой болж байгаа. Тэр дуу аль ч улсад тоглогдсон тэр кодоороо л дуулагдана. Түүгээрээ дамжуулж тодорхой хэмжээний урамшуулал нь уран бүтээлчдэд очно. Үүнийг л зохиогчийн эрхийн хамгаалалт гээд байгаа юм.