m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 03:33
175
АТГ-аас Гааль, татварын ерөнхий газрын даргад анхааруулга хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч гуравдугаар сард Замын-Үүд дэх Гаалийн газарт шалгалт хийсэн талаар бид мэдээлсэн.  Тус газар сүүлийн гурван жилийн хугацаанд хийгдсэн томилгоог шалгаж үзсэн бөгөөд 2015 онд 81 гаалийн байцаагчийг сэлгэн томилсон байна. Тэдгээрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй, мөн тухайн албан тушаалд томилсны дараа мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн, ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан шаардлага хангаагүй байцаагч нарыг томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна. 

Иймд Гааль, татварын ерөнхий газрын даргад байгууллагынхаа хэмжээнд боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлээд байна.