m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 00:08
75
Ахлах албан тушаалтнуудын уулзалтад 170 гаруй төлөөлөгч оролцлоо

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт болдог “АСЕМ-ын мэдээллийн цаг” -аар тавдугаар сарын 12-13 нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үр дүнгийн талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга,  АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг нар сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.

АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын  АСЕМ-ын асуудал хариуцан ажилладаг удирдах албан тушаалтнууд, Элчин сайдууд жилдээ хоёр удаа уулзаж дээд түвшний уулзалт болон дагалдах арга хэмжээнүүдийн хүрээнд яригдах асуудлаар саналаа солилцдог уламжлалтай. Энэ удаагийн хуралд бүх түнш орны төлөөлөгчөөс гадна Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ, Ази Европын сан гэх мэт олон улсын байгууллагын төлөөлөл нийт 170 орчим төлөөлөгч  оролцлоо.

АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын  АСЕМ-ын асуудал хариуцан ажилладаг удирдах албан тушаалтнууд оролцлоо

Төлөөлөгчид  ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын гол сэдэв болох Ази Европын орнуудын улс төр, эдийн засаг, соёл, нийгэм,  бүс нутгийн болоод даяаршлын шинж чанартай асуудлуудаар санал солилцсон байна. Мөн дээд түвшний уулзалтаас гарах хоёр томоохон баримт бичиг болох Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэлд тусгах асуудлуудад улс орнуудаас урьдчилсан байдлаар санал авч манай улс зохион байгуулагч орны хувьд төсөл боловсруулж байгаа аж.

Улаанбаатарын тунхаглал нь АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн,  ирээдүйг тодорхойлсон товч тодорхой,  зарчмын баримт бичиг байх бол Даргын мэдэгдэл нь олон улсын болон бус нутгийн хэмжээнд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, гамшгаас сэргийлэх,  терроризмтэй тэмцэх гэх мэт  улс орнууд хамтран шийдэх 30 орчим асуудлыг багтаасан байх юм.

Төлөөлөгчид баримт бичгийн төслүүдэд оруулах  саналаа ирэх зургаадугаар сарын 15 гэхэд өгч дууссан байх бөгөөд дээд түвшний уулзалт болохын өмнө буюу долоодугаар сарын 12-14-ны өдрүүдэд дахин уулзаж баримт бичгийн төслүүдээ нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэх аж.