m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 02:31
72
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Жон Ы Хва бараалхав

 





Бүгд Найрамдах Солонгос Улсад  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Жон Ы Хва бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсныг тэмдэглэж энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв.

Уулзалтын үеэр хоёр орны харилцааны хөгжилд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, үүнд хоёр орны Парламентын дарга нар харилцан айлчилсан нь чухал хувь нэмэр оруулсныг онцлов. Парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын нягт хамтын ажиллагаа, харилцан айлчлал ач холбогдолтой болохыг дурдлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Жон Ы Хва хэлэхдээ Монгол Солонгос хоёр орны ард түмний ёс заншил, соёл, уламжлалд адил төстэй олон зүйл бий, би хувьдаа бидний угсаа гарал ч нэг байх гэж боддог гээд цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэхүү уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Кёнги муж дахь “Бүтээлч эдийн засаг, инновацийн төв” /Pangyo TechnValley/-д  зочлон айлчлалаа өндөрлөв.