m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 06:12
103
Ц.Болдсайхан: Хууль зөрчсөн алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай уулзаж сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар тодруулга авлаа. 

- Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлууд гарч байна уу?

- Монгол Улсын Сонгуулийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаатай холбоотой бүтэн бүлэг байгаа. Есдүгээр бүлгийн 14 зүйл, 200 гаруй хэсэгт сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг маш тодорхой заасан байгаа.

- Сонгуулийн сурталчилгаанд хэзээнээс юуг явуулж болох, юуг болохгүй талаар тодруулахгүй юу?

- Хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар нэг бүрчлэн нэр зааж тодорхойлж өгсөн. Үндсэндээ ээлжит сонгуулийн жил эхэлснээс буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Тодруулж хэлэхэд, сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох зүйл, сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хийж болохгүй үйлдэл, үйл ажиллагааг зааг ялгаатайгаар тогтоож өгсөн. Иймд аливаа этгээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө хуулийн 70 дугаар зүйлтэй сайн танилцах ёстой.  

- Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ?

- Хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг баримттайгаар шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Мөн 116, 117, 118 дугаар зүйлд зааснаар, цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийг шалгаж, шүүгч шийтгэвэр, захирамж гарган шийдвэрлэнэ. Урьд мөрдөгдөж байсан хуульд сонгуулийн байгууллага аливаа зөрчлийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байсан бол одоо иргэд шууд баримт нотолгоотойгоор  шүүх, цагдаагийн байгууллагад хандах болсноороо онцлогтой.

- Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийг баримтлах тал дээр юу анхаарах вэ?

- Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгууль, сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг хийхдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар хийх сурталчилгааны төрөл хэлбэрийг хуульд тодорхой заасан байгаа. Нэмж хэлэхэд, сурталчилгаа хийх радио, телевиз санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ Сонгуулийн холбогдох байгууллагад заавал ирүүлэх ёстой.