m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.22 08:20
84
“Хааны эрэлд-2016” эхэллээ

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэлж байна.

Энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Тодруулбал, Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.

 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцоно

Сургалт, дадлагад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцох бөгөөд тус сургалт, дадлагын хүрээнд дараах үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, штабын сургалт дадлагыг Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах, команд штабын сургалт, дадлага, салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын нэгдсэн төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулах аж.

Мөн эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын долоодугаар дунд сургуульд дээр, мал эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013, 232 дугаар ангийн байрлалд зохион байгуулна. Харин барилгын хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчдын 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тус тус төлөвлөөд байна.