m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 07:58
73
МАН-ын бүлэг АТГ-ын даргыг томилохыг дахин шаардлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "2013 онд УИХ-д өргөн барьсан уг хуулийг бараг гурван жил орчим дарагдуулж байгаад өнөөдөр сонгууль дөхсөн үед хэлэлцэх болсон нь улс төрийн зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй байна. Гэхдээ МАН-ын бүлэг уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн" гэлээ. Хуулийн төсөлд Нийтийн болон төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд оффшор данстай байхыг хориглосон заалт оруулаад байгаа юм. 

Сонгууль дөхсөн үе дхэлэлцэх болсон нь улс төрийн зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй байна

Мөн энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох болон Төсвийн байнгын хорооны даргыг чөлөөлөх тухай асуудал багтсан. Тэгвэл хуулиар хэлэлцэх хугацаа нь өнгөрчихөөд байхад АТГ-ын даргыг томилох тухай асуудал орж ирэхгүй байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж байна. Тиймээс АТГ-ын даргыг томилох асуудлыг энэ долоо хоногтоо багтаан хэлэлцэхийг тус бүлгийн гишүүд дахин шаардлаа. 

АТГ-ын даргыг томилох асуудлыг энэ долоо хоногтоо багтаан хэлэлцэхийг тус бүлгийн гишүүд дахин шаардлаа

Чингис Самурай бонд болон бусад зээлийн зарцуулалтын асуудлаар МАН-ын бүлгийн гишүүд АТГ, бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад удаа дараа хандаж шалгаж өгөх хүсэлт тавьж байсан ч шалгалгүй өнөөдрийг хүрснийг ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа онцоллоо.

Тэрбээр "2016-02-05-ны өдөр АТГ-ын дарга Ганболдод албан тоот хүргүүлж 2015.01.16-ны өдрийн ЭЗБХ болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төслүүдийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцүүлэх гээд дийлээгүй. Тиймээс манай бүлгийн 26 гишүүн гарын үсэг зураад энэ асуудлыг хянаж шалгаж өгөөч гэж АТГ-т хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл АТГ хариулт өгөхгүй байгаа. Тийм ч учраас энэ асуудлын хариуг яаралтай өгөхийг шаардаж албан тоот явуулна" гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Гудамж" төслийн хүрээнд ажил гүйцэтгэсэн 26 компанийн 22 компани нь нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй гэдэг асуудал дуулиан тарьсан. Зарим мэдээлэлд Чингис бондоос өгсөн гэдэг. Тийм учраас Чингис бондын болон Хөгжлийн банкаар дамжиж гарсан хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.

Чингис бондын болон Хөгжлийн банкаар дамжиж гарсан хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх ёстой гэж тэд үзэж байна