m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 08:58
65
Өнөөдрийн онцлох үйл явдал

Э.Бат-Үүл: Бид том ялах ёстой

НИТХ-ын ээлжит сонгуульд АН-аас 45 хүн нэр дэвшиж буй. Эдгээр нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй гишүүд, дэмжигчидтэйгээ хаалттай  уулзлаа. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид “Улаанбаатараа улам хөгжүүлье” уриан дор “5+” төлөвлөгөө боловсруулж ажиллах аж. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "2016 оны гол ажил нь  мэдээж сонгууль.  Нийслэлийн АН-ынхан “Улаанбаатараа улам хөгжүүлье” уриан дор оролцоно. Мэдээж энэхүү уриа бол нийслэлчүүдийн захиалгаар бий болсон. Өмнө нь ч бид иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн уриаг дэвшүүлж, ажил хэрэг болгосоор ирлээ. Бид энэ удаа том ялах ёстой. Өмнө нь хийсэн ажлаа хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай" гэлээ. 

З.Энхболд: Оффшор бүсэд данстай хүнийг нэр дэвшүүлэхгүй

2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг өнөөдрөөс тодруулж эхлэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд сүүлийн үед дуулиан дагуулж буй оффшор данстай холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.Тэрбээр "Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" хэмээжээ.

 

С.Бямбацогт: Оффшор данстай бол хадны мангаа гэж хандаж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "2013 онд УИХ-д өргөн барьсан уг хуулийг бараг гурван жил орчим дарагдуулж байгаад өнөөдөр сонгууль дөхсөн үе дхэлэлцэх болсон нь улс төрийн зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй байна. Гэхдээ МАН-ын бүлэг уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн" гэлээ. Хуулийн төсөлд Нийтийн болон төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд оффшор данстай байхыг хориглосон заалт оруулаад байгаа юм. Мэдээллийн үеэр Танай намынхан оффшор дансны асуудалд холбоотой хүмүүсийг нэр дэвшүүлэх үү гэсэн асуултад "Оффшор данстай бол хадны мангаа гэж хандаж болохгүй. Монгол Улсад 1993-2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн. Гадаадаас орж ирж байгаа нийт хөрөнгийн дийлэнх нь оффшор бүсүүдээс орж ирдэг. Оффшор болгоныг муухай гэж болохгүй ”хэмээв. 

Гэмт хэрэгтнийг илрүүлжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, холбоотой мэдээллийг иргэдээс авч буйг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийж, цогцос хэн болохыг тогтоож, гэмт этгээдүүдийг олж, шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна. Хохирогч Б-г иргэн Н хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн өөр газар аваачин шатаасан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа гэнэ.

Хакүхо нэг ч уналгүйгээр 37 дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сүмогийн Нацу башё амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын башёд их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр 37 дахь түрүүгээ авлаа. Тэрээр 14 дэх өнөөдрийн барилдаанд Харүмафүжиг өвдөг шороодуулж 37 дахь түрүүгийн болзлоо хангасан. Харин 15 дахь өдрийн барилдаанд их аварга Какарюүтэй барилдаж давсанаар нэг ч уналгүй түрүүллээ. Энэ сарын хамгийн гол барилдаан 13 дахь өдөр тэмцээнийг нэг унаагүй тэргүүлэн барилдаж байсан хоёр бөхийн хооронд болсон.  Энэ барилдаанд их аварга Хакүхо илүүрхэж түрүүлэх боломжоо олж авсан. Харин тэмцээнийг озэки Кисенасато  14 дэх өдрийн барилдаанд их аварга Какарюүд өвдөг шороодож башёг 13 даваатайгаар дуусгалаа.