m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 23:31
136
Ч.Эрдэнэбаяр: Зохиолч, яруу найрагч бүтээл туурвихдаа мөнгө авсан ч цаашид гарах ашигаас хүртэх эрхтэй

Mass.mn сайт сар бүр зохиодог ээлжит хэлэлцүүлгээрээ Оюуны өмчийн талаар салбар бүрийн төлөөллийг урьж оролцуулан ярилцсан. Тэгвэл энэхүү онцгой өмчийг хамгаалах эрх бүхий байгууллага болох Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Ч.Эрдэнэбаяр ийн ярьсан юм.

-Манай Улсад оюуны өмчийн өнөөгийн байдал аль түвшинд байна. Энэ тал дээр Оюуны өмчийн газар хэрхэн анхаарлаа хандуулж ажилладаг вэ?

- Оюуны өмч буюу зохиогчийн эрх гэдэг нь өргөн цар хүрээтэй ойлголт.  Тодруулбал, зохиогчийн эрхийг ямар нэг гэрчилгээ, патент авахгүйгээр тухайн бүтээл туурвисан өдрөөсөө оюуны өмчийн хамгаалалтад орж, эрх нь үүсдэг. Өөрөөр хэлбэл уран бүтээлч Оюуны өмчийн газарт хандаж гэрчилгээ авах шаардлагагүй гэсэн үг. Харин зохиогч өөрөө уран бүтээлийг нь хэн нэгэн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа асуудлаар манайд хандаж болно. Тэгэхээр оюуны өмчийн хамгаалалтад орж, эрх нь үүссэн бүтээлийг цаашид хэрхэн хамгаалах вэ, одоогийн нөхцөл байдал ямар байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.  Ер нь Оюуны өмчийн газар байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Манай газар жилд 800-1000 бүтээл бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгодог. Гэхдээ зөвхөн тухайн уран бүтээлч өөрстөө хүсэлтээ гаргасан тохиолдолд л бүртгэдэг.  

-Аливаа уран бүтээл зохиогдсон өдрөөсөө хамгаалалтад орж, эрх нь үүсдэг гэж байна. Жишээ нь хөгжмийн зохиолч, яруу найрагчдын хооронд зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөх байх. Хэний бүтээл вэ гэдгийг хэрхэн нотлох вэ?

- Ийм асуудал гарсан тохиолдолд шинжээчид тогтоодог. Мэдээж уран бүтээлчдийн бүтээл бүр яг ижил, он сар нь зөрөхгүй байна гэж байхгүй. Шинжээчид үүнийг тодорхойлно. Гэхдээ уран бүтээлээ шинжлүүлье гэж хандах нь цөөхөн. Учир нь бүтээл хулгайлсан хүн амархан баригддаг. Тэгэхээр бүх зүйл гэрээгээр зохицуулагдана. Гэрээгээ сайн хийж чадаагүй бол хөгжмийн зохиолч, шүлэгч өөрөө хохирно. Сайн хийсэн бол дуучин хохирно. Хэн, хэн нь хохирохгүй тулд аль аль талдаа ашигтай сайн гэрээ хийх шаардлагатай.

Дуу зохиолгохдоо яруу найрагч, хөгжмийн зохиолчиддоо хэдэн төгрөг өгчихөөд энэ дууны зохиогчийн эрхийг авчихлаа гэж боддог

Нэг жишээ хэлэхэд дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч гурав сууж байгаад нэг дуу хийгээд дуучнаараа дуулууллаа. Энэ дуу хит болвол ашигаа гурвуулаа 33, 33 хувиар нь хуваана гээд гэрээ хийгээд орхичихдог. Нөгөө дуу хит болоод ашиг оллоо хувиа авдаг. Гэтэл нөгөө дуу цаашлаад CD-тэй, клиптэй болно. Магадгүй кинонд дуулагдана, олон улсын тэмцээн уралдаанаас шагнал авна. Тэрнээс гарч байгаа эдийн засгийн үр ашгийг хэрхэн хувааж авах вэ гэдгээ өнөөх гэрээндээ тусгаагүйгээс болоод олон нийтэд нэр хүндтэй болсон дуучин нь ганцаараа аваад яваад байдаг тохиолдол байна.

-Бас нэг жишээ хэлэхэд анх дуу зохиолгохдоо яруу найрагч, хөгжмийн зохиолчиддоо хэдэн төгрөг өгчихдөг. Үүнийгээ би энэ дууны зохиогчийн эрхийг авчихлаа гэж боддог. Хэрэг дээрээ бичлэгийн эрхийн зөвшөөрөл л авч байгаа болохоос зохиогчийн язгуур эрхийг авч байгаа хэрэг биш. Зохиолч, яруу найрагч тухайн бүтээлийг туурвихдаа мөнгө авсан ч гэсэн цаашид гарах ашигаас нь хүртэж байх эрхтэй. 

Монгол тулгатны зуун эрхэм гэдэг нэвтрүүлэгтэй холбоотой маргаан сүүлийн үед гараад байгаа шүү дээ. П.Анужингийн хувьд энэ миний оюуны өмч учраас гаргахгүй гэдэг мэдэгдлийг хийсэн.  Эсрэгээрээ Херо энтертаймэнт болохоор гаргана гээд байдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Херогийн Баатарыг би нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг авсан гэж би мэдэхгүй байна. бүртгүүлэх шаардлагагүй шүү дээ. Анужингийн хувьд тэр дөрвөлжин гэрчилгээтэйгээрээ энэ миний өмч гэж хэлж болох зүйл биш. Тэгэхээр маргаан гарж байгаа биз. Ингэхээр түүх сөхөж үзнэ. Хэн бичсэн бэ ноорогоо гаргаад ир гэнэ. Хөтлөгч чинь нийтэд хүргэж байгаа гэдэг утгаараа дуучинтай адилхан. Нэвтрүүлгийн зохиолыг яг хэн бичсэн юм, найруулгыг нь хэн хийсэн тэр хүн л зохиолч нь болно. Тэр л жинхэнэ зохиолч.  Ерөнхийдөө бас гэрээгээр зохицуулагдана. Би хөтлөгчөөр оролцоно. Нэвтрүүлгээс олж байгаа үр дүнгийн хэдэн хувийг хүртэх, тэнд ажиллаж байгаа ажилчид  цалингаа аваад явах юм уу эсвэл үр дүнгээс хувь хүртэх юм уу гэдэг бүгд дээр ярьсан Иргэний хуулиар зохицуулагдана. 

Санааг хэзээ ч хамгаалдаггүй. Хэн ч мянган гоё юм бодоод санаа гаргаж болно

-Тэдний зүгээс би санаачлагч нь. Энэ миний оюуны бүтээл гээд байгаа шүү дээ?

-Санаачлах гэдэг үгэнд санаа гэж нэг утга яваад байна. Санааг хэзээ ч хамгаалдаггүй. Хэн ч мянган гоё юм бодоод санаа гаргаж болно. Харин түүнийгээ хэн нь цаасан дээр буулгаад бодит бүтээл болгож байна гэдэг чухал. Гэхдээ аливаа нэг бүтээл хийхэд продюсер гэж нэг хүн байна. Мөнгө гаргаж, санхүүжүүлж байгаа хүн. Тэгэхээр тухайн бүтээлийг хэн эзэмших вэ гэвэл тэр хүн эзэмшинэ. Баатар санаачлаад яах юм мөнгө байхгүй шүү дээ. Эндээс харахад продюсер мөнгө гаргаж байж тэр хүмүүсийг авчирч чанартай сайн бүтээл гарч байгаа биз дээ. Энэ бүхний эцэст оюуны өмч гэдэг чинь нэг бүхэл зүйл болж хувирч байгаа биз. Гэхдээ мөнгө гаргаж, санхүүжүүлсэн хүн тухайн бүтээлийн хууль ёсны өмчлөгч болж байгаа юм.