m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 06:47
56
Сонгууль, оффшор, сайд чөлөөлөх асуудалд иргэд юу хэлэв

Сонгууль дөхсөн энэ л өдрүүдэд улс төрийн амьдрал буцалж байна. Сонгуульд өрсөлдөх нам эвслүүд нэр дэвшигчдээ энэ долоо хоногт багтааж зарлах ид ажлын хажуугаар оффшор дансны дуулиан, МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх зэрэг өндрөө авсан сэдвүүд хөвөрч эхэллээ. Тэгвэл энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Баянгол пүүргийн иргэн А.Байгальмаа: Оффшор данстай хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэх хэрэггүй

- Сонгууль хаяанд ирлээ. Таны хувьд сонгуульд хэр идэвхтэй оролцдог вэ?

- Иргэн хүний үүргээ ухамсарлаж сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгдөг.

- Тэгвэл сонгосон хүн нь итгэлийг тань хүлээж байсан уу?

- Тааруухан даа. Гэхдээ сонгогдож байгаа хүнээсээ шалтгаална. Иргэдийн итгэл суларсан байна. Цаашид ч итгэх аргагүй болжээ. Социализмын үеийн хэлсэндээ хүрдэг зан чанар арилсан.  

- Сүүлийн үед нэр бүхий хүмүүсийн оффшор дансны мэдээлэл олон нийтэд ил болсон. Оффшор данстай хүн сонгуульд нэр дэвших нь зөв үү, буруу юу?

-  Гаднын бусад орнууд оффшор данстай хүмүүстээ арга хэмжээ авдаг. Гэтэл манай улс хамгаалаад байх юм. Монгол Улсад эргэлдэж байгаа баялгийг гадагш нь татваргүй өгч байгаа болов уу. Тиймээс оффшор данстай хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэх хэрэггүй.

- Ерөнхий сайд өчигдөр МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлт гаргалаа. Засгийн газрын тэргүүний энэхүү шийдвэр хэр оновчтой юм бол?

- Миний хувьд энэ талаар мэдэхгүй байна. Сар хүрэхгүй хугацаанд гурван сайд чөлөөлж орны хүмүүсийг томилоход ямар ач холбогдолтой болохыг ойлгохгүй байна. Улс төрийн амьдрал өөр байдаг биз дээ.

Иргэн Ч.Гомбосүрэн: Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

- Сарын дараа иргэд сонголтоо хийх гэж байна. Гэтэл оффшор дансны асуудал гарч ирсэн. Таны бодлоор оффшор данстай хүнийг сонгуульд нэр дэшүүлэх тал дээр ямар байр суурьтай байна?

- Өөрийн бор зүрх, мэдлэг, чадвараараа хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгөө хэрхэн зарцуулах нь хувь хүний эрх учир оффшор дансандаа хийнэ үү, банкинд хадгална уу хамаагүй. Гэхдээ оффшор данс нь олон нийтэд ил болсон хүмүүсийн мөнгөний тоо маш их байгаа нь сонирхолтой. Тиймээс энэ нь хөдөлмөрөөрөө олсон бус ямар нэг ил, далд хэлбэрээр хуримтлуулсан мөнгө байх нь гарцаагүй.  Ер нь 76 гишүүн өөрсдөдөө зориулж хууль баталдаг. Мөн тэд ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүдээ бэлдсэн. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.

- Та сонгуульд хэр идэвхтэй оролцог вэ?

- Сонгууль өгөх бол иргэн бүрийн үүрэг. Сонгуульд заавал оролцох ёстой. Гэхдээ сонголтоо зөв хийх хэрэгтэй. Учир нь өнгөрсөн хугацаанд сонгогдсон хүмүүс ажлаа хийгээгүй. Зөвхөн өөртөө зориулж хууль санаачилж баталлаа. Иргэдийн аж амьдрал,  ирээдүйд хэрэгтэй олон хууль санаачлах байтал нүдээ таглаад, чихээ бөглөдөг.

- МАХН-аас сонгогдсон сайд нарыг чөлөөлөх асуудал яригдаж эхэллээ. Энэ тал дээр иргэн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Энэ бол буруу шийдвэр. Ганцхан сар үлдлээ. Энэ хугацаанд гурвын сайдыг чөлөөллөө гээд ямар ч ач холбогдолгүй. Чөлөөлөхгүй байсан ч хоргүй. Тухайн сайдын хийсэн ажлыг ард түмэн  дүгнэх болохоос гишүүд дүгнэхгүй.