m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 08:22
83
Өнөөдрийн онцлох үйл явдал

МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлжээ. Тодруулбал, Шадар сайд Ч.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд С.Баянсэлэнгэ, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна. Учир нь Засгийн газрын тэргүүн Шударга ёс эвлийн бүлэг задарч бүлгийн чадамжгүй болсонтой холбоотойгоор энэхүү хүсэлтийг гаргасан нь энэ аж. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх хүсэлтийн хувийг УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар хүргүүлжээ.

АН-ын бүлэг сайд нарыг чөлөөлөх асуудлыг дэмжлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн. Тодруулбал, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн билээ. Тэгвэл уг асуудлыг АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Харин бүлгийн ээлжит бус хуралдаанаар шинэ сайд нарын нэрсийг хэлэлцээгүй байна.  

Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардууллаа

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг нар оролцсон юм. Жил бүр олгогддог Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ онд 32 оюутан гардан авлаа.

Нэр дэвшигчдийг тойрсон сонин хачин

НИТХ-д Ардчилсан намаас 45 нэр дэвшигч өрсөлдөнө. Тэдний талаар сонирхолтой мэдээлэл гаргасан байна. АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн дундаж нас 45 байна. Тэд 45-уулаа нийлээд улсад 228 жил ажилласан аж. Үүнээс дундажлаад үзэхээр хамгийн багадаа таван жил төрийн албанд зүтгэсэн хүмүүс байгаа юм. Тэд хийж бүтээх насандаа яваа залуус бөгөөд 104 хүүхдийн аав, ээж нар юм. Түүнээс гадна тэдний дунд Бат хэмээх нэр орсон зургаан хүн бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэд Э.Бат-Үүл даргатай баг болон хамтарч ажилласан бөгөөд хийж бүтээсэн ажлаараа статистик мэдээлэл гаргасан байх юм. Шинээр тавьсан замаа гишүүддээ хуваахаар нэг хүн дунджаар 10 км зам тавьсан гэх судалгаа гарчээ. Өнгөрсөн дөрвөн жилд нийт 96 цэцэрлэг барьсан бөгөөд хувааж үзэхээр нэг хүн  гурван цэцэрлэг барьсан тооцоо байгаа аж. +5 хөтөлбөр боловсруулан гар нийлэн ажиллахдаа "Улаанбаатараа улам хөгжүүлье" уриатай энэ сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

Талийгаачийг хүүхдүүд нь бүлэглэн хөнөөжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагын шалгалтын үр дүнд талийгаач Чингэлтэй дүүргийн  иргэн 53 настай Б болохыг тогтоосон. Тэгвэл талийгаачийг түүний хүүхдүүд нь бүлэглэн  хөнөөсөн гэж эх сурвалж мэдээллэв. Уг хэрэгт холбогдуулан түүний хүүхэд Н, Б нарыг шалгаж байна.

Р.Ононг хууль бусаар хөрөнгөжсөн гэж АТГ шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн  яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. Түүнийг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ. 

Төрсөн эхийгээ хөнөөсөн этгээдэд 18 жилийн ял оноолоо

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн эхийгээ хороосон хэрэг энэ өнгөрөгч оны 10 дугаар сарын 30-нд гарсан. Уг хэргийг Б гэгч үйлдсэн бөгөөд өөрийн гэртээ төрсөн эх 54 настай А-г хайчаар 45 удаа хатган амь насыг нь хохироосон юм. Тэгвэл төрсөн эхийнхээ аминд хүрсэн Б-д анхан шатны шүүхээс 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Түүнд оноосон ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.