m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 01:53
96
Нэр дэвших эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй танилц

Сүүлийн жилүүдэд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрчимтэй яригдаж үүнээс улбаалж квот нэмэгдсэн нь сайшаалтай. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллаж, аливаа асуудалд уяан хатан хандах, нийгэм рүү чиглэсэн цөөнгүй ажилд сэтгэл зүрхээ зориулдаг гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч удахгүй болох УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд эмэгтэйчүүд олноор нэр дэвшиж буй. Тэгвэл  нэр дэвшигч эмэгтэйчүүдээс та хэнийг дэмжиж, итгэл хүлээлгэх вэ?

                                             УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа

Ардчилсан нам ээлжит сонгуульд  УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмааг нэр дэвшүүлэх бололтой. Г.Байгалмаа зөвлөхийн хувьд МоАХ-ны нарийн бичгийн даргын алба давхар хашдаг. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гарын хүн ч гэж яригддаг. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын яамны дэд сайдын алба хашиж, Шийдлийн Засгийн газрын үед мөн энэ албаа үргэлжлүүлсэн билээ. Шинэ он гарсны дараахнаас УИХ-ын дарга З.Энхболдын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.  

                                                                   Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь

Гадаад хэргийн дэд сайд асан, та бидний мэдэх “Blue moon”-ын эзэн Н.Оюундарь Сэлэнгэ аймгаас нэр дэвшинэ.

Тэрбээр Монголын хамгийн сүүлийн угсаа залгасан ноён Наваан-Юндэнгийн ач охин бөгөөд өвөөгөөрөө овоглодог юм. Тиймдээ ч  2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд өвөө, ээжийнхээ төрсөн нутаг болох Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшинэ.  

                                                                        Хүний эрхийн хуульч М.Ичинноров

Хүний эрхийн хуульч нэрээр олны танил болсон М.Ичинноров УИХ-ын 2016 оны  ээлжит сонгуульд Сүхбаатар дүүргийн 61 дүгээр тойрогт бие даан нэр дэвшинэ.  Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан  “Бие даан нэр дэвшихээр 801 дэмжигчийнхээ гарын үсэг зуруулахаар гарлаа. Иргэдийнхээ эрхийг зөрчсөн, олон талбарт ухралт хийсэн сонгуулийн тогтолцоог тулгаж, бие даагчдад сурталчилгаа хийх, хандив босгох,  цаг, нараар хавчиж буй хэдий ч иргэдийнхээ зөв сонголт, гал халуун сэтгэлд дүүрэн итгэж байна. Надад улсын хөрөнгөөс идэж уусан нэг ширхэг ч төгрөг байхгүй, гадаадад нуун байршуулсан хөрөнгө ч үгүй. Миний хамгийн том хөрөнгө бол хүний эрхийн төлөө болон хувь хүний хөгжлийн төлөө ажиллаж, амьдарсан он жилүүд минь, эцэг эхээс өгөгдөлтэй шударга ёсны мэдрэмж, үргэлж бусдыг гэсэн зүрх сэтгэл минь билээ. Нийгэмд маань шударга ёсны нар мандаасай, хэн ч бай хууль, шүүхийн өмнө тэгш эрхээ эдэлдэг, энэрэнгүй, хүмүүнлэг нийгэм байгаасай хэмээх чин сэтгэл зүрх, хандлага бол миний өмч” гэжээ.

                                                                      Дуучин Нара буюу Б.Нарантуяа

Шаггүй чадварлаг дуучин биш ч өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж байгаа эмэгтэй бол дуучин Нара буюу Б.Нарантуяа. Тэрбээр Нийслэлийн Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр зэхэж байна.  Дуучин Нара сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл цахим хэрэгслэлээр цацагдсан даруйд  түүнийг сайн, муу хэлэх хүн цөөнгүй байсан. Гэсэн ч тэрбээр эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү чиглэсэн олон ажил санаачилна хэмээн зорилго өвөртөлж Баянгол дүүргээс нэр дэвших нь.  

                                                       УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших сурагтай. Одоогоор аль тойргоос нэр дэвших нь тодорхойгүй байна. Тэрээр ахынхаа хамтаар Оюутолгойн эсрэг тэмцэлд нэгдэж, тус компанийн эсрэг шүүхдэлцэж байсан.  Мөн “Оюутолгой дахь Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулсан юм.  

Үргэлжлэл бий...