m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 06:13
147
Шилдэг удирдагчдыг “Шилдэг” бэлтгэнэ

Дэлхий ертөнц минут, секунтээр өөрчлөгдөж, унтаад сэрэхэд өчигдрийн мэдлэг, мэдээлэл хуучирсан байх техник, технологи, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн  энэ үед дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн иргэн болох шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байна. Өнөөдөр АНУ-ын Харвард, Стенфордын их сургуульд сурч байгаа Жорж, Токиогийн их сургуульд сурч байгаа Такаши, Сөүлийн их сургуульд сурч байгаа Пактай Монголд суралцаж байгаа Бат өрсөлдөх шаардлагатай болчихлоо. Дэлхийн хэмжээнд сэтгэж, боловсрол эзэмших шаардлага бидний өмнө тулгараад байна. Тэгвэл энэхүү боловсролын шинэчлэлийг эх орондоо нутагшуулахаар өөрсдийн чадал, боломжоороо ажиллаж буй  “Шилдэг”  бүрэн дунд сургуулийг энэ удаагийн Баялаг бүтээгч буландаа онцолж байна.

 “Шилдэг”  бүрэн дунд сургуулийг энэ удаагийн Баялаг бүтээгч буландаа онцолж байна

Сургуулийн үүдээр ороход л балетын хувцастай, үсээ жимбийтэл нь боосон хөөрхөн охидууд, бяцхан биендээ таарсан таеквондогийн өмсгөлтэй  хөвгүүд  шууд л анхаарлыг минь татав. Тэд хоорондоо тоглон шуугилдан гүйх нь яг л  гэртээ байгаа мэт. Хичээлийн хөтөлбөрт бүжиг болон бие хамгаалах урлагийн хичээл багтсан учраас тэд хичээлдээ суучихаад анги руугаа явж буй нь тэр аж. Бүр илүү  тодруулбал бүх сурагчид 1-5 дугаар ангидаа шатар болон бүжгийн хичээлийг судлах, 1-7 дугаар ангидаа төгөлдөр хуур, бие хамгаалах урлагийн хичээлд суух ёстой гэнэ. Ерөнхий боловсролын суурь хичээлүүдээс гадна дээрх хичээлүүдийг судалсанаар хүүхэд биеэ даах, сууж сурах, тэсвэр хатуужилтай болох гээд олон чадвар нь төлөвшдөг байна.

Хүүхэд биеэ даах, сууж сурах, тэсвэр хатуужилтай болох гээд олон чадвар нь төлөвшдөг

Тус сургууль 2014 онд анх үүдээ нээж байсан бол өдгөө 1-12 дугаар ангийн 13 бүлэгт 130 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Багш боловсон хүчний хувьд туршлагатай, чадвартай ахмад багш, эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн залуу багш, мөн мэргэжлийн хичээл орох америк багш нараар багаа бүрдүүлсэн нь боловсролын салбарт шинэчлэл хийхээр зорьж буй хүчирхэг баг гэдэг нь илт.

Тус сургуулийн ахмад багшийн ярьж буйгаар амжилтай сайн сурагчийг бэлтгэх гол үндэс нь  багш, эцэг эх, хүүхэд гурвын эргэх холбооноос үүдэлтэй гэдгийг онцлоод шавь төвтэй сургалт явуулдаг нь манай сурагчдын амжилттай суралцах шалтгаан гэж байв. Тиймдээ ч түүний дааж авсан нэгдүгээр ангийн сурагч Хотын математикийн олимпиадад амжилттай оролцжээ. Мөн анги дүүргэлт 15-аас хэтэрдэггүй учир багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах, тэдэнд туслах, мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлийг нь заах боломж хангалттай байдаг байна.

Анги дүүргэлт 15-аас хэтэрдэггүй учир багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах, тэдэнд туслах, мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлийг нь заах боломж хангалттай

Нэгдүгээр ангиас англи хэлний хичээл судалдаг хэдий ч монгол хэл хамгийн чухал гэж үздэг учраас маш их ач холбогдол өгдөг гэдгээ багш нар мөн онцолж байсан. Тиймдээ ч Боловсролын яамнаас хэрэгжүүлдэг “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг сургалтын системдээ оруулдаг гэв.

Тус сургуулийн алсын хараа “Global player” буюу дэлхийд өрсөлдөх шилдэг ур чадвартай, амбицтай “тоглогч”-ийг бэлтгэх. Тиймдээ ч ”Шилдэг” сургуулийг төгсөгч бүх зүйлээрээ шилдэг байх учиртай гэдэг зарчмыг сургуулийн захирал М.Туяа баримталдаг. Өөрөө ч олон жил хариуцлагатай, дипломат албан тушаал хашиж байсан учраас сурагчдадаа Эдийн засгийн хичээлийг англи хэл дээр ордог нь АНУ-ын боловсролын системийн нэг онцлог арга барилыг өөрийн улсын боловсролын системд нутагшуулах гэж буйтай холбоотой гэдэг нь илт. Иймдээ ч сургуулиа төгсөж буй сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TOEFL, SAT, IELTS-ийн өндөр оноотой төгсдөг нь тэдний цаашдын ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

“Global player” буюу дэлхийд өрсөлдөх шилдэг ур чадвартай, амбицтай “тоглогч”-ийг бэлтгэх

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлний шалгалтын оноотой төгссөнөөр дэлхийн аль ч улсад очиж суралцах цаашлаад тэтгэлэг авах боломжтой юм. Түүгээр ч зогсохгүй сурагчдынхаа авьяасаас илүүтэй чадвар чадавхийг нь түлхүү хөгжүүлсэнээр хаана ч өөрийн улсын нэр хүндийг өндөрт өргөх хэмжээний мэргэжилтэй боловсон хүчин болж төлөвших суурь боловсрол нь тавигдах юм.

Авьяасаас илүүтэй чадвар чадавхийг нь түлхүү хөгжүүлсэнээр хаана ч өөрийн улсын нэр хүндийг өндөрт өргөх хэмжээний мэргэжилтэй боловсон хүчин болж төлөвшинө

Дээр дурьдсанчлан америк багш нар нь сургуулийн дэргэдэх экспертийн багийг ажиллуулдаг гэнэ. Энэхүү экспертийн баг нь сурагчдын мэдлэг, чадварыг ажиглаж дүн шинжилгээ хийдэг. Энэхүү дүн шинжилгээг хийсний үндсэн дээр  сурагчдын давуу чанаруудыг нь түлхүү хөгжүүлэх талаар тусгай зөвлөгөөг хүргэдэг байна. Ингэснээр тус сургуулийг төгсөж буй сурагчид ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохоо төлөвлөж, шаардлагатай ур чадваруудыг эзэмшиж, дэлхийн аль улсад сурахаа сонгосон шинэ зууны шилдэг тоглогч болоход бүрэн бэлтгэгдэж гарч буй юм.

Дэлхийн боловсролыг эх орондоо нутагшуулахаар оюуны баялгийг бадрааж буй “Шилдэг” сургуулийг танилцуулахад таатай байлаа. Монголын чадварлаг ирээдүйг бэлтгэж буй хамт олонд улам их амжилт хүсье.