m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 07:13
87
Т.Энхтуяа: Залуучуудын гарааны бизнесийг дэмжинэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таатай орчин бий болгох, ажилд зуучлах, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлийн төрийн бодлогыг тогтвортой, боловсронгуй болгох зорилго бүхий “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өнөөдөр боллоо.

Швейцарийн хөгжлийн агентлагийн 2.4 сая франк буюу 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий уг төсөл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан зэрэг баруун болон өмнөд бүсийн долоон аймагт хэрэгжих аж.

2.4 сая франк буюу 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий уг төсөл өмнөд бүсийн долоон аймагт хэрэгжинэ

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд “Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл”-ийг хэрэгжүүлж, баруун бүсийн аймгуудын мэргэжил, сургалтын төвүүдийн чадавхийг бэхжүүлсэн гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлов.

Тэрбээр, Монгол болон Швейцарийн Холбооны Улс 1964 онд дипломат харилцаа тогтоож, ардчилал, зах зээлийн нөхцөлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн. Швейцарийн Хөгжлийн агентлаг 2004 оноос Монгол Улсад хамтын ажиллагааны газраа нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шилжих явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, ажилгүйчүүдийн эгнээнээс гарах боломжийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ

“Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, Баруун бүсийн арга зүйн төвийн үйлчилгээг сайжруулах талаар амжилттай ажилласан. Үүний үргэлжлэл болох “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” өнөөдөр нээлтээ хийж байна.

Төслийн хүрээнд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шилжих явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, мөн ажилгүйчүүдийн эгнээнээс гарах боломжийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд залуусын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа явуулахаар төлөвлөсөн байна. Судалгааны үр дүнд тулгуурлан ажлын төлөвлөгөө, төрийн бодлогоо чиглүүлнэ гэдгийг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Т.Энхтуяа хэлсэн. Түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Энэхүү төслийн гол чиглэл ямар хүмүүст чиглэж байгаа вэ?

-Төслийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хамгийн түрүүнд хийнэ.  Үүнээс гадна хамгийн том зорилго маань шинээр гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуусыг дэмжихэд чиглэгдэж байгаа. 

-Төсөл хэдий хэр хугацаанд хэрэгжих вэ?

-Төсөл маань 2016 оноос 2018 оныг дуустал гурван жил хэрэгжинэ.

Гарааны бизнесээ эхэлж байгаа хэд, хэдэн залуучуудыг сонгож авна

-Ойролцоогоор хичнээн залуугийн гарааны бизнесийг дэмжих боломжтой вэ?

-Гарааны бизнесээ эхэлж байгаа хэд, хэдэн залуучуудыг сонгож аваад шалгуур үзүүлэлтийнхээ дагуу 10 гаруй бизнесийг дэмжинэ.

-Нэг хүнд хичнээн төгрөгийн санхүүгийн туслалцаа үзүүлэх тооцоо гаргасан уу?

-Одоохондоо нарийвчилж гаргаагүй байгаа хэдий ч 9-10 сая төгрөгийн санхүүжилт олгогдох боломжтой.