m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 08:23
82
Өнөөдрийн онцлох үйл явдал

ИЗНН-ын гурван гишүүн АН-д элслээ

АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэн, гишүүний батлахаа гардан авлаа. Батлах гардуулах үеэр АН-ын дарга УИХ-ын дарга З.Энхболд, “АН-тай хамтран ажиллах намуудын гишүүд өнөөдөр АН-д элсэж батлахаа гардаж байна. ИЗНН, МҮАН-ынхан батлахаа авахаас МҮАН-аас АН-д элсэж байгаа хоёр гишүүн орон нутгийнхаа намын үйл ажиллагаанд оролцож байгаа учир ирж чадсангүй” гэв.ИЗНН-аас АН-д элсэж байгаа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Нэг ижил үзэл баримтлалтай намууд нэгдэж нийлж, нэг зүйлийн төлөө зүтгэж байгаад баяртай байна. АН-д элсэж байгаа энэ цаг үед би АН-ын дарга З.Энхболдод нэг зүйл гардуулъя. Энэ бол 25 жилийн өмнө МоАН-ын мөрийн хөтөлбөр юм. Үүнийг би бичиж байлаа. Эх хувь нь АН-ын архивт байдаг байх” гэлээ. Ийнхүү ИЗНН-аас С.Дэмбэрэл, Ч.Базар, Р.Булгамаа нар АН-д намд элсэж, АН-ын нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр боллоо.

Д.Батбаяр: Оффшор данс надад хамааралгүй болохыг тогтоосон

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын зарласан оффшор данстнуудын дунд Монголын 49 иргэний нэр дурдагдсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын нэр холбогдоод байсан. Д.Батбаяр тухайн үед нэр дурдагдсан оффшор компани өөрт нь хамаагүй хэмээн мэдэгдэж, хуулийн байгууллагад хандаад байсан юм. Тэгвэл АТГ болон цагдаагийн байгууллага Кёкүшюзан Д.Батбаяртай нэр холбогдсон оффшор компанийг шалгаж, хариуг өгчээ. Хуулийн байгууллагын албан ёсны хариуны талаар тэрбээр мэдээлэл хийлээ.Д.Батбаяр хэлэхдээ "Арлын Япон оронд надад дөрөв, таван данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнө барилдаж байхдаа нээсэн данс. Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй. Уг асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагуудад хандаж шалгуулсан. АТГ-аас зохих шалгалтыг хийж надад хамааралгүй гэдгийг тогтоосон. Мөн Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгуулсан. Цагдаагаас ирсэн бичигт оффшор компаниудыг надад хамааралгүй болохыг олж тогтоосон байна" гэлээ. 

МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд болно

МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд болохоор товлогдлоо. Намууд нэр дэвшигчдээ 28-ны өдөр эцэслэх учиртай. Угтаа МАН-ынхан Бага хурлаа тавдугаар сарын 20-нд товлосон байсан юм. Энэ удаагийн Бага хурлаар сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. 

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өнөөдөр боллоо

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таатай орчин бий болгох, ажилд зуучлах, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлийн төрийн бодлогыг тогтвортой, боловсронгуй болгох зорилго бүхий “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өнөөдөр боллоо. Швейцарийн хөгжлийн агентлагийн 2.4 сая франк буюу 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий уг төсөл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан зэрэг баруун болон өмнөд бүсийн долоон аймагт хэрэгжих аж.

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв" нь 33 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ 

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо.

БНСУ-ын 110 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттөй зээлээр баригдах олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий өндөр хүчин чадалтай 233 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү оношилгоо, эмчилгээний төв хэд хэдэн давуу талтай юм. 

Улаанбурхны вакцинжуулалтын хугацааг сунгалаа

Улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалтыг 18-30 насныханд энэ сарын 12-25-ны өдрүүдэд орон даяар хийсэн. Гэсэн ч вакцинд залуус хангалтгүй хамрагдаж байгаа учраас нэмэлт дархлаажуулалтын хугацааг энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна.Өчигдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалт 74.7 хувьтай байна.