m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 07:30
59
З.Энхболд: Монгол Улс "өргүй" харин хуваарийн дагуу төлөх зээлтэй

1a290634fcef175717bf595d2ff492d4.jpg

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Энхболд, Нийслэлийн ИТХ-ийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн нар өнөөдөр /2016.06.22/ Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.

УИХ-ын дарга уулзалтын үеэр хэлэхдээ, Ардчилсан намын “Монгол Хүн-2020” мөрийн хөтөлбөр 2012 онд эхэлсэн бөгөөд  мөрийн хөтөлбөрийн агуулга баяжин, үргэлжилж байна гэв. Мөн өнгөрсөн хугацаанд 1680 үйлдвэрийг ашиглалтад оруулсан талаар мэдээлэл өгөв. Хэрхэн, хаанаас санхүүжүүлэв гэж та бүхэн асууна. Эдгээр үйлдвэрүүдийг МАН-ын  шүүмжлүүлдэг Чингис бондоос санхүүжүүлсэн. Ардчилсан намын засаг барих үед нэг жилдээ 25 мянган орон сууц баригдаж байна. Харин МАН төр барих хугацаандаа буюу 1921-1996 оны хооронд 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх байранд орсон байна. Ардчилсан нам МАН-ын 75 жилийн хугацаанд хийсэн орон сууцжуулалтыг 4-хөн жилийн дотор хийж чадлаа. Хөгжлийг түргэсгэж болдгийн жишээ энэ юм. Ипотекийн зээл авч чадахгүй хүмүүсийг бид түрээсийн орон сууцаар байртай болгоно. Мөн аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Аймаг бүрийн чадавхиас шалтгаалан ашиглалтад орсон орон сууцны тоо өөр өөр байна. Иргэдийг орон сууцжуулсны үндсэн дээр улс орон хөгжинө. Замын бүтээн байгуулалтын хувьд, Чингис бондын 3/1–ийг замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 2720 км зам тавьсан. Энэ ондоо 1284 км замыг нэмж тавьснаар, энэ 4 жилийн хугацаанд 4000 гаруй км замыг ашиглалтад оруулж байна. Гэтэл 1921-2012 он хүртэлх 91 жилд нийт 2964 км зам тавьж байжээ. Статистикаас харахад, МАН нэг жилдээ 32,6 км зам барьж байхад, Ардчилсан нам нэг жилдээ 1000 км зам тавьсан байна гэлээ. Монгол Улс бол хугацаа хэтэрсэн “ӨРГҮЙ” харин хуваарийн дагуу төлөх зээлтэй улс. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол “ӨР” гэдэг. Өнөөдөр хугацаанаасаа хэтэрсэн зээл байхгүй гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд дахин хэлэв. Мөн тэтгэвэрийг 2013, 2015, 2016 онд нэмэгдүүлсэн гэв.

Цаашид экспортын чиг баримжаатай, ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, Монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Монголчуудыг хадаас ч үйлдвэрлэж чаддаггүй гэдэг. Хадаасны үйлдвэр Дархан-Уул аймагт нээгдсэн. Хадаас байтугай бид Япон Улсын чанарын шаардлагыг хангасан нарны зайг үйлдвэрлэж байгааг дурдаад ирэх дөрвөн жилд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын төгсгөлд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэд асуулт асууж, хариулт авлаа хэмээн Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас мэдээлэв.