m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 08:27
348
А.Цогтмагнай: Хүүхэд ганцаараа биш багаараа мундаг байх нь чухал

Зуны амралт эхэлж зуслангийн зугаатай өдрүүд эхэллээ. Хүүхэд багачууд өөрийн сонгосон зусландаа амарч шинэ найзтай болж байгаа. Улаанбаатар хотын ойролцоо 20 гаруй зуслан үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөрөөдөл” зуслан юм. Тус зуслангийн хувьд хүүхэд хөгжүүлэх олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлдгээрээ бусад зуслангуудаас онцлогтой юм. Олон улсын стандартад нийцсэн зуслан, сургалтын төв байх зорилготой ажиллаж байгаа “Мөрөөдөл” зуслангийн захирал А.Цогтмагнайтай ярилцлаа.

-Зуны улирал ирж зуслангууд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Мөрөөдөл зуслангийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. БНМАУ-ын Барилгын яамны харьяа “Баянгол” амралт, пионерийн зуслангийн баазад тулгуурлан үйл ажиллагааг явуулдаг. Нэг ээлжиндээ 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

-Хувийн зуслан нэг талдаа хүүхдийг сурган хүмүүжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүргийг хүлээж буй ч нөгөө талдаа ашгийн төлөө явах нь зүйн хэрэг. Энэ уялдаа холбоог хослуулан ажиллахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Хувийн зуслангуудад тулгамдаж байгаа гол асуудал нь энэ болоод байна. Зуслан бол хүүхдийг хөгжүүлэх үүрэгтэй. Гэвч нөгөө талдаа бизнесийн байгууллага. Хамгийн бага зардлаар их ашиг олох ёстой. Энэ талаасаа харвал хүүхэд хөгжлийн асуудал орхигдоно гэсэн үг. Тийм учраас төр засгийн зүгээс  стандартыг баримталж ажилладаг зуслангуудыг дэмжиж ажиллах шаардлагатай.

Энэ талаасаа харвал хүүхэд хөгжлийн асуудал орхигдоно гэсэн үг. 

-Та сая яриандаа дурдлаа шүү дээ. Төр засгийн бодлого, дэмжлэгэ хэрэгтэй гэж. Яг ямар асуудалд төрийн бодлого дутагдаад байна?

-Манай улсад зуслангийн багш бэлтгэдэг газар байдаггүй. Хүүхдийг хөгжүүлэх, тэдний найз байхын тулд тэр хүн өөрөө өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт хувьсах зардлын асуудал дээр хөнгөлөлт үзүүлж болно. Гэхдээ хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлаад түүнийг амжилттай хэрэгжүүлж байгаа зусланд хөнгөлөлт үзүүлдэг байвал зуслангийн үйл ажиллагаа сэргээд ирнэ.

-Зуслангийн явуулдаг үйл ажиллагаа их өөрчлөгдсөн мэт санагдлаа. Танай зуслангийн хувьд олон улсын жишиг шаардлагыг хэрхэн хангаж ажилладаг вэ?

-Олон улсын жишиг хүүхэд хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг болсон. Яагаад гэвэл нийгэм ингэж хөгжиж байна. Хүүхэд зусланд ирээд хөтөлбөрт хамрагдаад ямар нэгэн хэмжээнд хөгжсөн байх ёстой.

-Зуслангийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байгааг судалгаанаас дүгнэж болно. Сүүлийн жилүүдэд танай зусланг зорих хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байх?

-Жил бүр манай зусланд ирж амардаг хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Мөн ЕБС-иудтай гэрээ байгуулаад манай зусланд хүүхдүүдээ амраадаг.

-Танай зусланд амраад явсан хүүхдүүдтэй эргэх холбоо байдаг уу. Хүүхдүүд зуслангийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч чадна шүү дээ?

-Хүүхдүүд өөрсдийн санаачилгаар зуслангийн найзууд, багш нартайгаа уулзах зорилгоор өнгөрөгч жил флаш мобыг зохион байгуулсан. Мөн Богд ууланд хамтдаа авирсан. Өнгөрөгч жилийн турш зуслангийн хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой байж сар бүр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан. Ингэснээр хүүхдүүд дараа жил зусландаа ирж амрах хүсэлтэй болдог.

Ингэснээр хүүхдүүд дараа жил зусландаа ирж амрах хүсэлтэй болдог.

-Жил бүр зуслангийн үйл ажиллагаатай хэд хэдэн зөрчил гардаг. Тэр дундаа хүнсний аюулгүй байдал багагүй асуудлыг дагуулдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Хүүхэдтэй ажиллана гэдэг өндөр хариуцлага шаарддаг. Манай зуслангийн олон жилийн арвин туршлагатай тогооч нар ажилладаг. Хоолны тал дээр манай зуслангийн хувьд ямар ч асуудалгүй.

Хүүхэдтэй ажиллана гэдэг өндөр хариуцлага шаарддаг.

-Сэтгүүлч хүний өнцгөөс харахад хүүхдийг хөгжүүлэх тэр дундаа багаар ажиллах чадварыг хөгжүүлэх хөтөлбөр түлхүү байдаг нь ажиглагдлаа?

-Манай клубуудын үйл ажиллагаа багийн системээр явдаг. Хүүхэд ганцаараа биш багаараа мундаг байх нь чухал. Бусадтайгаа хамтраад, багштайгаа нийлээд ажиллавал хүүхэд илүү их зүйлийг сурч авдаг.

-Цаашид зуслангийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, хүүхдийг татах ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Манай зуслангийн хувьд хүүхэд хөгжлийн лаборатори болох алсын зорилго байгаа. Хүүхэд манай зусланд ирээд олон зүйлд өөрийгөө сорьж үзэх боломжийг олгох ёстой. Олон зүйлийг судалж үзсэний үр дүнд хүүхэд өөрийн чадварыг олж авдаг. Мөрөөдлөө олж авсан хүүхэд түүнийг хөгжүүлэхийн төлөө тэмцэж эхэлдэг. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд шаардагдах техник хэрэгсэл, нэмэлт хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээр судалж байна.

Мөрөөдлөө олж авсан хүүхэд түүнийг хөгжүүлэхийн төлөө тэмцэж эхэлдэг.

-Манай улсад зуслан гэдэг зөвхөн улирлын чанартай болчихоод байдаг. Өвлийн цагт зуслангийн үйл ажиллагааг хөгжүүлэх боломж байдаг уу?

-Манай зуслан дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг болох хэтийн зорилго байгаа. Энэ тал дээр бусад зуслангуудаас туршлага судалдаг. Тухайлбал Эрдэнэтийн “Найрамдлын эрдэнэс” зуслан өвлийн улиралд сургуулиудтай нь гэрээ байгуулаад эко аялалыг зохион байгуулдаг. Бид энэ жилээс өвлийн улиралд эко аяллыг зохион байгуулах талаар судалгааны ажил хийж байна.

-Хувийн зуслангууд олноор үйл ажиллагаа явуулж байна. Хэдий нэг хүсэл зорилгын төлөө явж байгаа ч нөгөө талдаа өрсөлдөгч гэж ойлгож болох уу?

-Улаанбаатар хотын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй зуслан байна. Бид өрсөлдөгчид биш. Учир нь бидэнд хүүхдийн зах зээл хангалттай байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд 20 гаруй зусланд 12 мянган хүүхэд амарсан. Бид өрсөлдөгч биш нэгдэж нийлээд зуслангийн салбарыг өндөр түвшинд хүргэх ёстой.

Бид өрсөлдөгч биш нэгдэж нийлээд зуслангийн салбарыг өндөр түвшинд хүргэх ёстой.

-Гаднын улсын хүүхдийн зуслангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байдаг уу?

-Гадаадын зуслангуудаас авах зүйл их байгаа. Хөтөлбөрүүд нь сонирхолтой, түүнд ашиглаж байгаа материал нь хүүхдэд хор хөнөөлгүй гээд сурах зүйл их. Бид ч гэсэн энэ чиглэлийг баримталж явах ёстой. Бидэнд сурах, хэрэгжүүлэх зүйл их байгаа.

-Танай зуслан олон улсын хүүхдүүд хүлээж авдаг ээлжтэй гэж сонссон. Гаднын хүүхдүүд монгол зусланд амраад буцахдаа ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Манай зусланд Өвөрмонгол, БНХАУ, Солонгос, Малайз, Япон зэрэг орноос хүүхдүүд ирж амардаг. Мөн АНУ, Канад улсад улсад амьдардаг монгол хүүхдүүд  ирж амардаг. Гаднын хүүхдүүд манайд ирээд байгалийн үзэсгэлэнт газрууд, нээлттэй байдлыг их үнэлдэг. Тухайлбал гаднын орны хүүхдүүд шөнө од харах дуртай.

Гаднын орны хүүхдүүд шөнө од харах дуртай.

-Танай зуслангийн хувьд хүүхэд хөгжүүлэх олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь харагдлаа. Мэдээж энэ ажлууд тодорхой үр дүнд хүрч хүүхдийг мөрөөдлийг биелүүлж байгаа болов уу?

-Өнгөрөгч жил манай зуслан “Dream cover camp” гэдэг ээлж хүлээж авсан. Энэ ээлжээс өөрийн авьяас чадвараа нээж, хөгжүүлж чадсан н.Дөлгөөн охин түрүүлсэн. Бид хүүхдийн авьяасыг үнэлж клип хийлгэх эрхийн бичгээр шагнасан. Хүүхдийг урамшуулж чадвал түүний итгэлийн галыг бадрааж чаддаг. Ингэснээр хүүхэд өөрийгөө олж ирээдүйгээ гэрэлтүүлж эхэлдэг.

Хүүхдийг урамшуулж чадвал түүний итгэлийн галыг бадрааж чаддаг.

-Та бүхэнд улам их амжилт хүсье.