m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 14:32
144
Хар PR хэрээс хэтэрч, хуурамч мэдэгдэл хүртэл гаргалаа

 

Сүүлийн үед Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой сөрөг пиарыг сошиал ертөнцөөр увайгүй хийж байгаа нь эрхгүй анхаарал татах боллоо. Төрийн ордонд тамхи татаж буй бичлэгийг нь сонгуулийн үеэр гаргаж тавьснаар эхэлсэн түүний эсрэг хар пиар хэрээс хэтэрч одоо бүр УИХ-ын гишүүнийх нь албан бланкийг ашиглан  хуурамчаар мэдэгдэл гаргаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийг нэр дурдаж гутааж байгаа нь хэтэрхий улайрсан арга ядсан увайгүй өрсөлдөөний арга гэж олон нийт үзэж байна. 

Энэ сарын 21-ий өдөр сошиалаар Л.Эрдэнэчимэг гишүүнийг нэрээ татаж байна гэсэн утгатай худал мэдээлэл явсан бол дараагийн өдөр твиттерийн танхай эмээ гэсэн аккаунтаас УИХ-ын гишүүний албан бланк дээр хуурамч тамга, гарын үсэг ашиглан Мэдэгдэл гээчийг гаргасан байна.

Утга, үг үсгийн асар их алдаатай энэ мэдэгдлүүд нь бүгд сошиал ертөнцөөр тарж маш хүчтэй зохион байгуулалттай тараагдаж байгаа нь уг ажиллагаа эртнээс бэлтгэгдсэн зохион байгуулалттайг харуулж байгаа юм. Сүүлийн мэдэгдэл гээч нь зөвхөн хувь гишүүн, нэр дэвшигчийн бус олон нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан, төрийн баримт бичгийг  ашигласан, ноцтой гэмт хэрэг тул Л.Эрдэнэчимэг гишүүн албан ёсоор Цагдаагийн газарт гомдлоо гаргасан байна. Сонгогчдыг төөрөгдүүлэх замаар сонгуульд нөлөөлөх гэж удаа дараа оролдож байгаа нь хэрээс хэтэрч гэмт хэргийн шинжтэй болж байна гэж Л.Эрдэнэчимэг гишүүн өөрийн хувийн пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Мөн тэрээр “Үлдэж буй 6 хоногийн хугацаанд миний нэр төрд халдсан олон мэдээлэл гарах магадлалтай байгаа тул сонгогчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийгээрэй. Би эхэлсэн ажлаа дуусгаж их бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах болно” гэжээ. Сонгууль бүрээр сөрөг пиар, гүтгэлгийн чанартай үйл явдлууд гардаг хэдий ч өнөө жилийнх шиг бохир тэр дундаа эмэгтэйчүүд рүү дайрсан ээлжит дайралтууд ингэж гарч байсан удаагүй.

Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд ар араасаа цуварсан зохион байгуулалттай дайралтын золиос болж байна. Л.Эрдэнэчимэг гишүүн өөрийн хуудсаараа үлдэж буй хоногуудад гүтгэлэгүүд нэмж гаргах магадлалтай байгааг сануулсан нь анхаарал татна. Түүний тухай Хятадын эрлийз гэх мөн хувийн амьдралтай нь холбоотой зохиомол кино хийж, сонгуулийн санал хураалтын 2-3 хоногийн өмнө олон нийтэд цацагдах тухай мэдээлэл мөн байгаа юм. Түүний өрсөлдөж байгаа 72 дугаар тойрогт түүнтэй МАН, МАХН, Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл, ИЗНН, БНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн эвсэл, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая намын нэр дэвшигчдээс гадна хоёр бие даагч өрсөлдөж байгаа юм.